Б.ЦЭДЭВСҮРЭН
Жил бүрийн өдийд монголчууд Сар шинийн баяр тэмдэглэхдээ Төгсбуянт зурхай, шар зурхайн алийг нь дагаж шинэлэх вэ гэдэгт хуваагддаг. Тэгвэл энэ хуваагдал өнөө жил монголчуудыг хоёр хуваагдан шинэлэхэд хүргэжээ. Учир нь, “Монгол” шар зурхайгаа дагагсад энэ сарын 28-нд буюу өнгөрсөн бямба гарагт шинэлсэн гэнэ. Шинэлэгсэд идээ будаагаа засч, айл хотлоороо золгуут хийж явааг харсан зарим нь “Монгол хүн байна даа, “монгол” шар зурхайгаараа мөрөө гаргачихъя. Ямар гарзтай байв” хэмээж байв. Сошиалаас зүг мөр, суудлаа хайж байгаа нь ч цөөнгүй харагдаж байсан.
Эрчүүд хийморио сэргээж, наранд хүслээ айлдлаа
Ингээд “монгол” шар зурхайгаар шинийн 1-ний өглөө Хийморийн овоог зорив. Эмэгтэйчүүд бэлд нь очих зөвшөөрөлтэй хайрханд 28-ны үүрээс л эрчүүдийн хөлд дарагдаж. Шинэ жилийн анхны нарыг харж, хийморио сэргээх гэсэн эрчүүд хөлхөх ч Төгсбуянт зурхайгаар тэмдэглэдэг Цагаан сарын баярынхаас цөөн нь илт. Өглөөний 08 цагийн үед хайрханы хормойд хүлээж байтал хийморио сэргээсэн эрс эхнээсээ бууж ирлээ. Ингээд Баянгол дүүргийн иргэн Б.Сэргэлэнгийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрээр, ойр дотны дөрвөн хүнтэй нар харж, хүслээ шивнэжээ. ““Монгол” шар зурхайг Чингис хааны үед дагаж мөрддөг байсан гэсэн. Тэр үед Монгол гүрэн хүчирхэг байж. Үнэхээр од, эрхэс ивээдэг бол монголчууд одоо “Монгол” шар зурхайгаа дагах цаг болсон гэж бодож байна. Түвдийн газар нутаг, Монголын газар нутаг хоёр өөр түвшинд оршдог. Тэгэхээр од гарагсын байршил нь ч өөр байх биз. Хар ухаанаар бодсон ч тийм. Тиймээс харийн биш “монгол” зурхайгаараа л явсан нь дээр байх” хэмээн ярилаа. Эднийх гэр бүлээрээ “монгол” шар зурхайгаа дагаж, Цагаан сарын баяраа тэмдэглэж байгаа гэв.
Биднийг ийн ярьж байхад бас нэгэн эр хажуугаас, “Ер нь шинэ жилийн анхны нарыг харж, хүсэл мөрөөдлөө хэлж, даатгаж яваа нь хүн бүрийн сүсэг бишрэлийн асуудал. Хүн хүн өөрийнхөө зөв гэж бодсоныг л дагах хэрэгтэй биз дээ. Бид чинь Ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү” хэмээн ширүүхэн хэлэв. Хийморио сэргээж яваа эрчүүд бүгд л монгол хувцсаа өмсчихсөн, их ёсорхуу...
Тасганы овоо ч багагүй хүнтэй
Цагаан сарын эхний өдөр уул, ус, овоондоо идээ будаагаа өргөдөг ёсоор нийслэлчүүд хотын эргэн тойрны уул, овоонд сүсэглэдэг. Эдгээрийн нэг нь болох иргэдэд хамгийн ойр Тасганы овоонд ч 28-нд цөөнгүй иргэн цугларч, идээ будаагаа өргөж, зүг мөрөө гаргажээ. Эндээс “монгол” шар зурхайгаар Цагаан сарын баяраа тэмдэглэж заншаад буй цөөнгүй айл байгааг ч харж болох.
Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн М.Намсрай үүнийг батлан хэлж байсан. Тэрээр “Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд эхэлнэ” хэмээн өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.
Тэрээр ингэж хэлсэн шалтгаанаа “Хубилай хааны зарлигаар 1280 оны арванхоёрдугаар сарын 19-нд монгол түшмэдүүд цаг, улирлын судалгаа хийн эзэн хаандаа өргөн барьсан. Энэхүү судалгааны ажлыг Хубилай хаан “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор монголчуудын төрийн тоолол болсон байдаг. Үүнээс хойш Монголын гэх нэр нь гээгдэж, дэлхий даяар “Дорнын зурхай” гэж нэрлэн өдгөө Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг Азийн улсууд хэрэглэсээр байна. Харин Сүмбэ Хамба хэмээх хүний Түвдэд дэлгэрүүлсэн зурхайн тооллыг 1747 оноос хойш Манжийн хааны бодлогоорТөгсбуянт гэж нэрлэн Монголд нэвтрүүлсэн. Төгсбуянт зурхайд сар бүр билгийн тооллын өдөр нь тасардаг, давхарддагаас болж тэнгэрт харагдах сар, календарийн сар хоёр илт зөрдөг. Үүнийг хүчээр тааруулсаар ирсэн. Энэ зурхайг одоо зөвхөн Монгол,Түвд хоёрт л хэрэглэж байна.
Төгсбуянтын зурхайгаар шинэлж эхэлснээс хойш буюу миний тооцоолсноор 1807 оноос хойш өнөөдрийг хүртэл 209 удаагийн Цагаан сарын 134-ыг нь буруу 75-ыг нь зөв тэмдэглэж ирсэн. Шинэлэх ёсоо буруу өдөр товлосноос болж тухайн зөрүүтэй хоногуудад мэндэлж байгаа хүүхдүүд бүх амьдралынхаа турш буруу жилтэй, буруу төөрөгтэй явж байна. Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 27-ны хооронд төрөх хүүхдүүд “монгол” шар зурхайгаар тахиа жилтэй байх ёстой. Гэтэл Төгсбуянт зурхайгаар мичин жилтэй болж таарч байна. Би энэ тухай 2004 оноос хойш ярьж байгаа. Энэ бүхнийг нотлоогүй, баримтжуулаагүй бол би үүнийг 20 гаруй жил ярихгүй байсан. Энэ бол судлагдаж, нотлогдсон зүйл” хэмээн батлан ярьсан билээ.
Жинхэнэ Цагаан сараар наранд л залбирчихъя
Нэг найз маань фэйсбүүк хуудсаар зүг мөрөө гаргах заавар хаанаас олж болох талаар лавласан байв. Түүний пост дор ийм эрэлд гарсан цөөнгүй хүн нэгджээ. Тэрээр “монгол” шар зурхайгаар Цагаан сараа хийхгүй ч зүг мөрөө гаргах хүсэлтэй. Тиймээс монголчууд олонхиороо дагадаг Төгсбуянт зурхайгаар Цагаан сараа тэмдэглэхээр яах болж байна гэдгийг нь сонирхсон. Харин тэрээр “Хүмүүс “монгол” шар зурхайгаараа зүг мөрөө ядаж гаргая гэхээр нь л би юунаас дутах вэ гэж бодлоо. Жинхэнэ Цагаан сараар наранд идээ будаагаа өргөөд л жилийн ноён нуруугаа даатгана. Монголчуудын үйлдэх сүсэг бишрэл арвин шүү дээ, ер нь дахиад мөрөө гаргасан ч яахав. Тэглээ гээд намайг тэнгэр ниргэхгүй л биз. Аль нэг нь зөв байж таараад ирэх жил амьдрал сайхан болчих ч юм билүү” хэмээн тоглоом хийх нь тэр.
Өнөөдрийн тоглоом, хожмын шоглоом
Иргэдийн байр сууринаас харж байхад аль ч зурхай нь зөв байсан яахав, хоёуланд нь ёс үйлдчихье. Аль нэг нь онож л таараа гэсэн бодол давамгайлж байх шиг. Од эрхэсээс хишиг горьдоод байгаа ч юм шиг. Гэтэл нөгөө талд зурхайчид нь өөрсдийн хийсэн цаг тооны бичгээ борлуулах менежмент хийж байгаагаа зарлах. Уг нь Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойгоор энэ асуудалд цэг тавьсан гэхэд болно. Энэхүү ойгоор зурхайчид ШУА-тай хамтран 2012-2024 он хүртэлх “Монгол Үндэсний цаг тооны бичиг”-ийг боловсруулжээ. Эх хувь нь БСШУСЯ-нд хадгалагдаж байдаг гэх. Тийм ч учраас 2012 оноос хойш маргаан гараагүй ч өнөө жил дахин маргаан дэгдсэн нь Хятадын шар зурхай, Төгсбуянтын зурхайн тоолол хоорондоо зөрсөн учир аж.
Яагаад өнөө жил тоолол зөрсөн талаар Дашчойлон хийдийн гэлэн Данзанчойсон “Монголчууд нэгдүгээр сарын 28-нд золгоно гэж зарим хүмүүс яриад байгаа. Харин зарим нь хоёрдугаар сарын 27-нд хаврын тэргүүн сар гарна гэж ярьж байна. Өдөр тасарч, давхарддаг гэдэг утгаараа Төгсбуянтын зурхай шар зурхайгаас өөр. Манай Төгсбуянтын зурхайд гурван жилд нэг удаа илүү сар гардаг уламжлалтай. Энэ дагуу энэ жил өвлийн дөрвөн сартай учир хоёрдугаар сарын 27-нд золгох нь зөв. Шар зурхайд өдөр тасарч, давхцана гэсэн ойлголт байдаггүй, эр эм сараараа тооцдог учраас нэгдүгээр сарын 28-нд золгохоор тооцсон нь бий. Монгол оронд өмнө нь шар зурхай, Төгсбуянтын зурхайн аль алиныг нь баримталдаг лам нар байсан. Гэхдээ монголчууд Төгсбуянтын зурхайн ёсны дагуу л золгодог. Хятад гэх мэт Азийн улс орнууд шар зурхайн дагуу нэгдүгээр сарын 28-даа золгох байх. Харин манайх хоёрдугаар сарын 27-ндоо золгоно. Хар ухаанаар бодсон ч, энэ сарын 28-нд манайд идэр ес дуусаагүй байна шүү дээ” хэмээн тайлбарласан юм.
Монголчууд буддын шашинтай ард түмэн. Төв нь Гандантэгчинлэн хийд. Тиймээс хамба лам Д.Чойжамцын тайлбарыг сонссон юм. Тэрээр “Богд хаант Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж, Богд Жавзундамба хутагт хаан ширээнд заларсан үеэс, Төгс буянтын зурхайн ёсоор явна гэж шийдсэн байдаг. Манжийн дарлалаас гарч, Төгсбуянт зурхайн ёсоор явна гэсэн шүү дээ. Бусдын эрхшээлд, Манжийн дарлалд явсан учраас шар зурхайг хэрэглэж байсан үе бий. Сүм хийдийн газрууд Төгс буянт зурхайгаа баримталдаг. Яагаад гэвэл Төгс буянтын зурхай монголчуудын амьдралтай ойр их дөхүү байдаг. Тиймээс ч бид Төгсбуянтын зурхайгаа л баримтлах нь зөв. Тэгэхээр хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх хоёрдугаар сарын 27-нд тохиож байгаа. Энэ өдөр л шинэлнэ. Бид хэзээ шинэлэх талаар маргалдаад байх зүйл байхгүй ээ. Тэр шар зурхайн хувьд суурин амьдралтай хүмүүсийн зохиосон зурхай юм. Өдрүүдээ шахаад хийчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сарын өдрүүдийг шахаж хийдгээрээ ялгаатай. Харин Төгсбуянтын зурхай сарны хэлбэрийг авч явдаг учраас шар зурхайгаас арай өөр. Монголчуудад яг таарсан. Сарын зарим нэг өдөр шинийн долоон хоёр байх жишээтэй. Орчин үеийн шинжлэх ухаанаар ярих юм бол сар, дэлхий хоёрын ойртох, холдох зайнаас хамаарч байгаа юм. Сар, дэлхий хоёр холдчихоод байгаа үед хоёр хоночихоод байхад сарны хэлбэр огт өөрчлөгддөггүй. Түүн дээр нэмэлт хийдэг. Ойртсон үед дорхноо сарны хэлбэр өөрчлөгдчихөж байгаа учраас шинийн долооных биш шинийн 8-ны сарны хэлбэртэй болчихож байгаа. Тиймээс өдрийг нь тэгж тааруулдаг юм. Нүүдэлчин амьдрал сарныхаа хэлбэрийг л дагаж ирсэн. Манай шашны номлол ч сарны хэлбэрээр явж байгаа зурхайгаараа хурдаг. Тухайлбал, 29-нд сар нарийсаад бараг харагдахгүй болчихсон үед хийдүүд 29-ний хурлыг хурдаг. Битүүнд бол саргүй байх үе болохоор битүүний хурлаа хурдаг. Харин шинийн 8-нд сар яг тал дугуй болдог. Энэ хэмжээсүүдээр л хурал номоо хурдаг” хэмээн хэллээ.
Монголчууд нэгдсэн нэг ойлголттой болж чадахгүй байгаа нь залуус бидэнд тоглоом болж л байна. Харин хожим нь шоглоом болох вий. Үүн дээр нэгдсэн ойлголттой болох зайлшгүй шаардлага тулгарч байна. Гадаадаас “хуулбарлаагүй” уламжлалт баярын маань нэг нь Сар шинэ. Тэгвэл үүнийгээ нэгдсэн цаг хугацаанд тэмдэглэж байж л үндэсний уламжлалт баяр болно. Энэ асуудлыг нэг тийш нь болгож, шийдвэрлэх нь зайлшгүй хэрэгтэй. Зурхайч бүрийн яриад байгааг шинжилж үзээд хэлэлцэж, батлах дуртайгаараа хууль гаргасан ч уг нь болохоор. Даанч хэн ч санаачлахгүй л байх даа...