Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“Хүүхэд төрүүлэхээс айж байна”. Энэ бол Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг аав ээжүүд гэгдэх “Боож үхлээ” уриан дор хийсэн жагсаалын үеэр олж уншсан хамгийн сэтгэл эмзэглүүлсэн үг. НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаанд Улаанбаатар хотод бүртгэгдэж буй мянган төрөлт тумын 73 нь амьгүй төрдөг тухай дурдсан нь бий. Гэхдээ энэ тоо улирлын чанартай бөгөөд хүйтэн сэрүүний улиралд бойжсон ураг эндэх эрсдэл өндөр буюу бусад улирлаас даруй дөрөв дахин их байдаг. Хавар, гуравдугаар сараас хойш олсон ураг эндэх тохиолдол 1000 төрөлт тутамд 21 байдаг бол хүйтний улиралд бойжсон нь 73 болон өсдөг гэнэ. Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс энэ асуудлыг шууд агаарын бохирдолтой холбон тайлбарлах нь олон. Магадгүй ургийн эндэгдлийг утаанаас үүдэлтэйг шууд нотолж, баталж чадахгүй ч НҮБ, ДЭМБ-ын судалгаатай маргах хүн үгүй л болов уу. Тиймдээ ч охид бүсгүйчүүд хүүхэд төрүүлэхээс айж эмээх нь аргагүй биз. Угаас бодит байдалд ч эхийнхээ хэвлийд эндсэн ураг, төрөөд удаагүй ч уушгины хатгалгаа өвчнөөр амиа алдах нярайн тоо жил ирэх тусам өссөөр байгааг хэн хүнгүй харж л байна. Нүдний өмнө өрнөж буй эл аймшигт үзэгдлийг мэдсэн ч мэдээгүй мэт, ийм л байх ёстой юм шиг үг дуугүй өчнөөн жил хүлцэж явсны хувьд монголчууд бид хэтэрхий хүлцэнгүйн дээр ирээдүй хойчдоо бус идэх хоолондоо л сэтгэлээ чилээснийх биз. Угаас утааны эх үүсвэрийг 170 гаруй мянган яндан гэхээс давын өмнө ядууралтай холбон тайлбарлах нь тодорхой. Хэн ч агаарын бохирдол нь хүлцэх хэмжээнээс 80 дахин их болсон гэр хороололд, түүхий нүүрс түлж амьдрахыг хүсэхгүй. Тиймдээ ч үе үеийн эрх баригчдын бодлогын алдаа, алсыг хараагүй ахархан ухаанаас болж агаарын бохирдол ийн харанга дэлдэж байна. Ямартай ч, утаанаас болж үр хүүхэд нь хэвлийдээ эндсээр 10 гаруй жил болсны хойно анх удаа унтаа хойрго нийгмийг сэрээж, утааны эсрэг ард олон нэгдэн жагсаж, дуу хоолойгоо өргөсөн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр байгуулагдсан Утааны эсрэг ээж аавуудын холбоо ТББ-ынхан 20 гаруй жил хорт утаанд угаартаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгааг ч анзаарах сөхөөгүй явсан нийгэмд цочроо өгч, өдгөө хоёр дахь удаагаа агаарын бохирдлын эсрэг жагслаа.
Өмнөх жагсаалын үеэр 4000 гаруй хүн цугласан бол энэ удаагийн жагсаалд есөн мянга гаруй хүн оролцож, дуу хоолойгоо нэгтгэв. Хэдийгээр “Боож үхлээ” жагсаал -26 хэмийн хүйтэн өдөр тохиосон ч агаарын бохирдлын аюул занал, хор хөнөөлийг ухамсарласан иргэд хүйтнийг үл ажран хүүхдүүдээ хүртэл дагуулж ирсэн байв. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд анхны жагсаалаа хийж, УИХ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Засгийн газар, ЭМЯ, НЗДТГ, БОАЖЯ тэргүүтэй холбогдох байгууллагуудад агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, бодлогын баримт бичиг батлах, эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлэх тэргүүтэй 15 зүйл заалт бүхий шаардах бичиг хүргүүлсэн. Улмаар шаардлагынхаа хариуг заасан хугацаандаа авч чадаагүй учир ийнхүү ээлжит жагсаалаа хийсэн юм.
Жагсаалын үйл явцыг сурвалжлахаар гадаадын хэвлэлүүд цөөнгүй ирсэн нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дэлхий нийтээр харж, цаашид төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авахыг, хэрхэхийг соргогоор анзаарч байгаа нь ажиглагдсан юм. Тухайлбал, “Reuters”, “Associeted press”, “The Newyork times”, “Fox news”, “BBC news”, “India today”, “European pressphoto agency”, “Shinhua” зэрэг дэлхий дахины томоохон хэвлэл мэдээллийн байгууллага, агентлагийн сурвалжлагчид хүрэлцэн ирсэн байв.
Утааны эсрэг ээж аавуудын холбоо ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү “Монголд эх хүн байх хэцүү болж. Ээжүүд хэвлийдээ тээж буй үрийнхээ зүрхийг цохилох болов уу гэж айдаг болж. Үр хүүхэдтэй болохоос эмээдэг болж. Хоёрхон сартай нярай уушгины хатгалгаа өвчний улмаас хорвоог орхиж байна. Ийм үед эрүүл саруул бойжино хэмээн итгэж, үр хүүхэд төрүүлэх охид бүсгүйчүүд ховор байна. Тиймээс агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээгээ өөрчилж, ажил хэрэг, хөрөнгө төсвөө ил болгохыг шаардаж байна” гэв. Холбооны зүгээс шаардлагынхаа хариуг албан ёсоор аваагүй учир ийн жагссан аж. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулахаар нэгдсэн аав ээжүүд нийгэм, олон нийтэд нөлөөлж, яам, агентлаг, Засгийн газар хийгээд улстөрчдийн байр суурийг өөрчилж чадсан. Тиймдээ ч тэр бүр хуралдаад байдаггүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн байдлаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг гар өргөн хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь, гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлт гэх юмгүй өдий хүрэв.
Харин НЗДТГ, Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, ачааллыг буруулснаас өөр утааны эсрэг авч хэрэгжүүлсэн ажил гэхээр юм хийсэнгүй. Тиймдээ ч эцэг эхчүүд хавар болж, утааны асуудал мартагдахаас өмнө УИХ, Засгийн газрыг агаарын борхирдлын эсрэг авч хэрэгжүүлэх, урт хугацааны бодлого төлөвлөлт гаргах, Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зөвхөн агаарын бохирдлын тухай бие даасан хуультай болох мөн өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын талаар авч хэрэгжүүлсэн ажил хийгээд зарцуулсан хөрөнгө мөнгөний тайланг нийтэд ил болгохыг шаардаж байгаа юм.
Энэ удаагийн жагсаал өмнөхтэй харьцуулахад хамрах хүрээ, зохион байгуулалтын хувьд эрс өөр байсныг энд дурдах нь зүйтэй. Өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд болсон жагсаал 12:00 цагт албан ёсоор эхэлсэн бөгөөд 200 гаруй жагсагч Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай хүртэл төв зам дагуу парад болон алхаж, агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо өргөхөөр нэгдсэн урлаг, соёлынхныг төлөөлж “Никитон” хамтлаг “Чи” хэмээх агаарын бохирдлын эсрэг шинэ уран бүтээлээ хүргэсэн. Түүнчлэн, дуучин Ц.Хулан, жүжигчин Д.Оюунтуул, “Лемонс”, “Свийтэмөүшн”, “Mr.dogs” хамтлаг, УДЭТ-ын жүжигчид, “Лантуу” ТББ-ынхан бүрэн бүхэлдэхүүнээрээ оролцсон.
Мөн жагсаалын үеэр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос дэглэн гаргасан агаарын бохирдлын эсрэг гэрэл зургийн үзэсгэлэн цугласан олны сонирхлыг татсан нь лав. Ганц зураг мянган үгний хүчтэй гэдэг. Тиймдээ ч олон таван үгний оронд бодит байдлыг шууд дэлгэн харуулсан гэрэл зургууд үзэгчдийн сонирхлыг татаж байв. Уг үзэсгэлэнд хэвлэлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид болон “Тусгал” гэрэл зургийн клубийнхэн бүтээлээ дэлгэсэн юм.