Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ахмадуудад “Насны хишиг” олгохоор заасан юм. Тухайлбал, энэ хуулийн 6.4-т “Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр насны хишгийг жилд хоёр удаа олгоно гээд
• 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг
• 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг
• 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг
• 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгохоор болсон билээ.
Хуулийн дээрх заалт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газар журам гаргаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр сар шинийн баяраас өмнө ахмадуудад “насны хишиг” олгож эхэлнэ гэж мэдээлсэн юм. Гэвч, “Насны хишиг”-ийг хоёр үе шаттайгаар буюу эхний ээлжид тодорхой тооны ахмадад cap шинийн баяраас өмнө, үлдсэн ахмадуудад нь Үндэсний их баяр наадмаас өмнө “насны хишиг олгох” аж. Энэ ажилд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм. “Насны хишиг” авахын тулд оршин суугаа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандаж, өргөдөл бичих ёстой юм байна. Мөн арилжааны банк нь энэ мөнгийг олгохдоо гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй байхаар журамд тусгасан билээ.
Гэвч, “Насны хишиг” хөтөлбөрийг дэмжихгүй ахмадууд цөөнгүй байгаа бөгөөд өмнөх эрх баригчдын Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг илүүд үзэж байгаа юм. Энэ хуулийн төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон ч адаглаад одоогийн “Насны хишиг”-т өөрчлөлт оруулах ёстой, тэгэхгүй бол зарим талаараа ахмадуудыг алагчилсан хууль боллоо гэж шүүмжлэх болжээ.
Энэ асуудлаар гомдолтой байгаа ахмадуудын төлөөлөл болох Л.Хадбаатар “Н.Номтойбаяр сайд ахмадуудад Насны хишиг гэгчийг цагаан сарын өмнөөс эхэлж өгнө гэж. Гэтэл МАН-ын амлаад байгаа Насны хишиг нь Ардчилсан үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байна” гэж мэдэгдлээ.
Мөн тэрээр “Ахмадуудыг дотор нь алагчлан үзэж, насаар нь ангилан, ялгаварлаж 65-аас дээш насныхныг ахмад гэж үзэж жилд хоёр удаа тодорхой хэмжээний тэтгэлэг олгох юм байна. Тэгэхээр Нийгмийн даатгалын хуулиар ажлаасаа чөлөөлөгдөөд тэтгэвэрт гарсан эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас дээш насны ахмадууд ялгаварлан гадуурхагдаж байгаа юм. Тэдний тэтгэвэр нь ч нэмэгдэхгүй, “Насны хишиг”-т ч хамрагдахгүй болж байна. Тэгэхээр эмэгтэйчүүд 10 жил, эрэгтэйчүүд 5 жил хүлээж байж энэ хуульд хамрагдах болж байна. Гэтэл эдгээр ахмадууд ч гэсэн ганцхан тэтгэвэрээрээ амьдарч байгаа шүү дээ. Төрийн бодлого ийм тэгш биш алагчилсан, ялгаварлан гадуурхсан байж болдог юм уу. Н.Номтойбаяр сайдынхаар тэтгэвэрт гарсан 55-аас дээш насны эмэгтэй, 65 дээш насны эрэгтэй 200 гаруй мянган ахмад насны хишиг хүртэх боломжгүй байна. Тэдний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхийн зарчим алдагдлаа” гэв.