Монгол поп опера чиглэлээр уран бүтээл туурвидаг “Увертюра” хамтлаг “Монгол минь” хандвын тоглолтыг энэ сарын 31-ний “Монгол бөх”-ийн өргөөнд хийх гэж байна. “Монгол минь” тоглолтоос олсон орлогыг Монголын морин спорт, залуу уяачдын холбооны санаачилгаар зохион байгуулж буй “Залуу малчдыг дэмжих аян”-ыг санхүүжүүлэх юм байна. Ингэснээр Монгол улсын 21 аймгаас тус бүр нэг малчин залуу гэр бүлийг сонгож, 50 эм төлөг хандивлах гэнэ. Нийт мянга гаруй эм төлөг бэлэглэж, аймгуудад залуу малчин, уяачдын зөвлөгөөнийг зохион байгуулах ажээ.
Энэ талаар “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва “Манай хамтлагийнхан “Монгол минь” хандивын тоглолтод хүрэлцэн ирсэн хүн бүрт хоёр дахь бие даасан цомгоо бэлэглэнэ. Бидний анхны цомог 2012 онд гарч байсан бол дөрвөн жилийн дараа шинэхэн цомгоо гаргаж, та бүхэндээ бэлэглэх гэж байна. Шинэхэн цомогт маань “Амьддаа бие биенээ хайрла”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Ээж минь” зэрэг 10 дуу багтсан. Тоглолтын маань найруулга тэр чигээрээ эргэх дөрвөн улирлыг дүрслэн харуулж, эх орноо магтан дуулсан байх болно. “Монгол минь” тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тоглолтоо үзэж, залуу малчдаа дэмжихийг уриалж байна” гэсэн юм.
Харин “Залуу малчдыг дэмжих аян”-ыг санаачлагч, Улсын их хурлын гишүүн Д.Гантулга “Монголын залуу үе, залуу малчдаа дэмжиж, малч ухаанд сургах тал дээр анхаарах цаг болжээ. Хөдөө орон нутагт малаа өвлөн маллаж буй залуус цөөн болсон байна. Ихэвчлэн хөдөө орон нутагт ахмад буурлууд маань малаа малладаг болсон дүр зурагтай байгаа. Тиймээс залуу малчдыг дэмжих хүрээнд хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид энэ аяныхаа хүрээнд аймаг бүрээс нэг залуу малчин гэр бүлийг сонгож, халуун хошуутай малыг хандивлаж дэмжих гэж байна. Улсын хэмжээнд 21 аймгийн 21 өрхөд мал хандивлах болно” хэмээн ярилаа.