Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найдвар төрүүлсэн “Болор цом 34”


Б.ЦЭДЭВСҮРЭН


МЗЭ-ээс зохион байгуулдаг “Болор цом” 34 дэх удаагийн наадам маргааш Дорнод аймагт болох гэж байна. Энэхүү наадмыг нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил их зохиолч Чадраабалын Лодойдамбын 100 жил, Чойжилын Чимэдийн 90 жил, Очирбатын Дашбалбарын 60 насны ой тохиож буйгаараа онцлогтой юм. Наадмын эхний шатанд 100 гаруй яруу найрагчийн бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 30 найрагчийн нэр тунан үлдэж. Эдгээр нэрсийг харахаасаа өмнө “Өнөө жил Дорнод аймгийн хэн нэгэн найрагч авах биз дээ” хэмээн автоматаар бодоод, нэрсийг ч харсангүй. Гэтэл мэдээллийн сайтууд дээр “Дорнодын яруу найрагч Д.Ган-Очир “Болор цом” наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ” хэмээн шуугиж эхлэх. Тэрээр “Наадам манай нутагт болно гэж тов гарснаас хойш л намайг өнөө жилийн “Болор цом”-ын эзэн хэмээн шуугисан. Тиймээс би шүлгээ сойгоогүй ээ. Наадам шударга явагддаг” гэсэн байв. Монголчууд үгийн урлагт дуртай. Тиймдээ ч “Болор цом” наадам хүртээлтэй хэрэг л дээ. Нутагт зохиогоод, нутгийнх нь найрагчид түрүүгээ өгчихдөг хэмээн үнэ хүндээ алдаад буй яруу найргийн наадмаас найрагчид ч өөрсдөө жийрхсэн бололтой.

Ингээд шилдэгт шалгарсан 30 нэрсийг шүүж, өөрийнхөөрөө судалж үзвэл төрсөн оноороо 80, 90 онд хамаарах есөн найрагч байна. Луугаруудаас Ай.Төмөр-Очир, А.Эрдэнэ-Очир нар л нүдэнд торно. Харин үлдсэн нь 80, 90 онд төрсөн яруу найрагчдийн дээд талын ах нар болон яруу найргийн мөнгөн үеийнхэн. Ингээд харахаар өнөө жил залуу найрагчид шинэ сэтгэлгээ, “цэвэр агаар” бүхий шүлгүүдээр өрсөлдөх нь. Магадгүй залуу яруу найрагч “Болор цом” хүртэхийг үгүйсгэхгүй.

Өнөө жилийн наадамд тунан үлдсэн 30 дотор Дорнод аймгийн харьяат хоёр хүн байх. Нэг нь яруу найрагч Ц.Жамбалгарав. Харин нөгөөх нь эрхэм яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хамгийн сүүлийн шавь гэгддэг Дү.Батжаргал. Агуу багшийн шавийн шүлгэн хүлэг хурдан байгаад түрүү магнайд цолсон ч нутаг ус, жалга дов ярихгүй байлгүй гэсэн итгэл ч төрөх шиг. Ямартаа ч жалга довны наадам гэх муу нэрийг зүүчихсэн “Болор цом” наадамд өнөө жил шинэчлэл хийж, нэрээ цэвэрлэхийг зорьж байгаа нь дээрх 30 нэрээс харагдаж байна.
Жил жилийн наадмын тайзнаас шүлгээ уншдаг нэгнээ зарим яруу найрагчид өнөө жилийн наадамд өрсөлдөхгүйг нь дуулаад үгүйлээд ч байх шиг.

Тал бичээч Да.Жаргалсайхан,
““БОЛОР ЦОМ-34” наадмын эхний шатанд тэнцсэн найрагчдын нэрс гарчээ...
Их Баянсан алга. Саваж даялаад бадарсан байх.
Цэх Нямлхагва алга. Сэвэж хаялаад бударсан байх.
Богино Ганзул алга. Алхаад алхаад амжаагүй байх
Урт Ууганаа алга. Ууж идээд таарсан байх
Өө муу Нэргүй алга. Сууж бичээд төөрсөн байх.
Ээ муу Амархүү алга. Зурж суугаад цоорсон байх.
Хотгойд Болорцэрэн алга. Дуулж яваад хөөрсөн байх.
Буриад Ган-Очир алга. Туйлж бусгаад цайрсан байх.
Хархорины Дамдиндорж алга. Хайж гүйгээд олоогүй байх.
Хар Батцэнгэл алга. Хаашаа ч юм доншуучилсан байх.
Мартагдсан Энхбаатар алга. Манаа хийгээд завгүй байх.
Мийгаа “шар” сураг алга. Шартаж агсраад сэвгүй байх.
Хөвсгөлийн Майнбаяр алга. Хөтөч хийгээд холдсон байх.
Гурий гурий Сэмбээ ч алга. Гудамны үзүүрт будилсан байх.
Биндэрийн Энхжаргал алга. Бэлэнчлээд зам тосох байх... одоо ч юмыг гэнэнээр боддог болж дээ...” хэмээн шүлэглээд авсан байна лээ.
Ямартаа ч цоо шинэ салхийг салхилуулах эдгээр 30 найрагч маргааш уралдаж, нэг нь түрүүлнэ.

“БОЛОР ЦОМ-34” наадмын эхний шатанд тэнцсэн найрагчид

1. Б.Алтанхуяг
2. А.Амгаланбаатар
3. Дү.Батжаргал
4. Б.Батсайхан
5. Ж.Батцэцэг
6. Б.Баттулга
7. Я.Баяраа
8. Б.Буянбадрах
9. У.Баярсайхан
10. Д.Гансүрэн
11. Ц.Жамбалгарав
12. Н.Минжинсайхан
13. Н.Мөнхбаяр
14. Г.Мөнхбаатар
15. Ц.Мөнх-Очир
16. С.Начин
17. Х.Нямхишиг
18. Л.Торой
19. Б.Төгсжаргал
20. Ай.Төмөр-Очир
21. М.Уянсүх
22. Ч.Ууганбаяр
23. Ө.Үлэмжтөгс
24. Б.Цогбадрах
25. Д.Цогбадрах
26. О.Цэнд-Аюуш
27. О.Элбэгтөгс
28. Б.Энхжаргал
29. А.Эрдэнэ-Очир
30. Д.Эрдэнэзулай

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан