Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хийн түлшний үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэж, эргээд 20 төгрөгөөр л буурчээ


Б.МЯГМАРЖАВ

Нийслэлийн агаарын бохирдлын 30 гаруй хувийг авто машин, 20 хувийг нам даралтын зуух, 50 орчим хувийг гэр хорооллын яндан үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Хэрэв нийслэлд ашиглаж байгаа автомашинуудыг цахилгаан болон шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт шилжүүлбэл агаарын бохирдол даруй 30 хувиар буурах нь тодорхой. Иймээс төрөөс цахилгаан болон газан хөдөлгүүртэй автомашин хэрэглэж буй иргэдээ дэмжих зорилгоор цахилгаан хөдөлгүүрт машины гаалийн татварыг тэглэсэн.

Харамсалтай нь, хийн түлш бол шатахуун шиг импортын бүтээгдэхүүн. Тиймээс валютын өсөлтөөс шалтгаалан өдөр ирэх бүр үнэ нь нэмэгдсээр байна. Гэвч түгээгч компаниуд харилцан адилгүй үнээр худалдан борлуулдаг. Тухайлбал, өчигдрийн байдлаар “Горгаз” ХХК литр шингэрүүлсэн хийн түлшийг 1200 төгрөг, “Тэс петролеум” ХХК болон  “Дашваанжил” ХХК 1150 төгрөгөөр борлуулж  байна. Тэгвэл орон нутагт буюу Өмнөговь, Говь-Алтай аймагт литр нь 1400 төгрөгт хүрчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ам.доллар огцом өсөхөд  хийн түлшний үнэ литр тутамдаа даруй 150-200 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг жолооч нар хэлж байна. Хэдийгээр долларын ханш буурсан ч дээрх үнэ хэвээр хадгалагдан үлджээ. Тиймээс ШӨХТГ-т жолооч нар гомдол гаргасан байна.
Үүний дараа хамгийн ихдээ 20-30 төгрөгөөр буурсан юм. Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Наранцэцэгээс тодруулахад “Аж ахуйн нэгжүүд литр хийн түлшний үнийг ижил төвшинд байлгах боломжгүй гэсэн. Учир нь, хий импортлогч аж ахуйн нэгжүүдийн харилцагч нь өөр өөр улс байдаг.

Мөн импортоор оруулж ирж байгаа учир валютын өсөлт, үйл ажиллагааны зардал зайлшгүй нэмэгдэж байгаа гэдэг байр суурийг хэлсэн. Манай газрын зүгээс энэ сарын 15-нд дур мэдэн үнэ нэмж байгаа нь Өрсөлдөөний хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж байна гэж үзээд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн. Компаниудын зүгээс одоогоор эхнээсээ үнээ буулгаж байгаа тухай мэдээлэл манайд ирүүлж байна. Иргэдийн зүгээс үнээ бууруулахгүй, шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох талаар асуудаг. Манайх бизнес эрхлэгчдийг хянаж торгоно гэхээсээ илүүтэйгээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр ажилладаг. Харин шаардлагыг хоёр, гурав дахь удаагаа зөрчвөл  хуулийн дагуу хариуцлага тооцно” хэмээн ярьсан юм. Хийн түлшний наад захын жижиглэнгийн хэрэглээний үнэ ийнхүү өсч буй нь эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмдэг. Иймээс  газан хөдөлгүүртэй машин унадаг жолооч нар  нэгдэж, үнэ буулгах талаар тэмцэхээр болжээ. 

Зарим  хий импортлогч аж ахуйн нэгжтэй холбогдож энэ талаар тодруулахад  “Газрын тосны үнэ, валютын ханшны өсөлт зэргээс хамааран ОХУ-аас импортлож буй хийн түлшний үнэ сүүлийн саруудад тогтмол өссөөр байгаа гэсэн” тайлбар хэлж байлаа.
 
Цаасан дээрх төслүүдийг амилуулъя

Манай улсын  хийн түлшний жилийн хэрэглээ өнөөдөр дунджаар 29 мянган тонн байдаг аж. Харамсалтай нь, үүний нэг литрийг ч эх орондоо үйлдвэрлэж чаддаггүй. Монгол Улсад анх 1995 онд “Ник Концерн” улсын үйлдвэрийн газар байхдаа ОХУ, БНХАУ-аас хийн түлш импортлож 3 тн, 5 тн хийн түлш тээвэрлэх автоцистернийг ашиглалтанд оруулж байжээ. Харин Монгол улсын Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор “Шингэрүүлсэн шатдаг хий” хөтөлбөрийг 2000 онд баталж, экологийн цэвэр хямд түлш хэрэглэх зорилго тавьж ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага шингэрүүлсэн нефтийн хийн үйлчилгээ эрхэлдэг. Хийн түлшний барилга байгууламж барьж, нийт хий хадгалах савны багтаамж 2500 м.куб-д хүрчээ. Харин хотод хий цэнэглэх станц 8, улсын хэмжээнд хий түгээх цэг 25, баллоны агуулах 20 гаруй байна.  Хий хэрэглэгчийн тоо 19 аймагт 15 мянгад хүрээд  байгаа аж.  Үүнийг  2000 онтой харьцуулахад 18 дахин өссөн гэсэн статистик тоо байна. Үүнээс харахад манай улсын хийн түлшний хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж, энэ хэрээр тэр хэмжээний мөнгө гадагшаа гарч байна гэсэн үг. Бидэнд ойрын хугацаанд өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангахын тулд шингэрүүлсэн хий үйлдвэрлэх төслүүдийг дэмжиж гадагшаа гарч буй мөнгөн урсгалыг зогсоох шаардлага тулгараад байна.
Манай улс дотооддоо хий үйлдвэрлэх зорилгоор МСS-POSCO компанийн хамтрал болох “Багануур энержи корпорейшн”-ий “Багануур Энержи” CTL нь нийт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 2018 онд ашиглалтад орох төсөл хийсэн. Төслийн хүрээнд жилдээ 450 мянган тонн дизель 100 мянган тонн шатдаг хий үйлдвэрлэнэ гэсэн. Мөн Германы “Thyssenkrupp”-ийн тухайд Монголын Засгийн газарт жилдээ 880 мянган тонн түлш, 84 мянган тонн хий үйлдвэрлэх хүчин чадалтай, шууд бус хийжүүлэх арга технологид суурилсан үйлдвэр байгуулах саналаа өргөн бариад буй.

Түүнчлэн “Эрдэнэс монгол” ХХК, БНХАУ-ын “ZZMC” ХХК-тай хамтран Багануурын нүүрсний уурхайг түшиглэн цэвэр түлшний цогц үйлдвэр барих төсөл ч хийсэн. Харамсалтай нь дээрх төслүүд нь өнөөдөр цаасан дээр амьгүй хэвтсэн хэвээр байна.

Хийн түлшний хэрэглээ өссөөр байна

MҮХАҮТ-аас  гаргасан судалгаагаар  манай улс  2011 оны байдлаар 15.9 мянган тонн хийн түлш импортолж байсан бол 2014 онд 42.8 мянган тонн болж  гурав дахин өсчээ. Дотоодын зах зээлд шингэрүүлсэн хий нийлүүлдэг компаниуд сард 300-1100 тонн хий борлуулдаг гэсэн статистик бий. Эдгээрийн дийлэнх нь нийтийн хоолны салбарын захиалагч байгаа бол автомашины хийн түгээгүүрийн станц цөөн байдаг.  Одоогоор импортын 92 хувийг ОХУ-аас авч байгаа бол долоон хувийг БНСУ-аас, үлдсэн нэг хувийг БНХАУ-аас нийлүүлдэг байна. Дотоодын зах зээлийн нийлүүлэлтийн 35 хувийг “Дашваанжил” компани, 24 хувийг “ЮниГаз” компани бүрдүүлдэг бөгөөд эдгээр компаниас “Дашваанжил”, “Гор газ” хоёр нь үндэсний аж ахуйн нэгж. Манай улсын Засгийн газраас 2002 онд хийн хөдөлгүүртэй автомашины Онцгой албан татварыг тэглэсэн. Агаарын бохирдлыг бууруулах, байгаль экологид ээлтэй хэмээн хийн хөдөлгүүртэй автомашин түлхүү оруулж ирэх бодлогоор ийнхүү татвараас чөлөөлснөөр сүүлийн хэдэн жилд хийн хөдөлгүүртэй автомашины тоо эрс нэмэгдсэн.  2014 оны байдлаар манай улсад бүртгэлтэй хийн түлш хөдөлгүүртэй автомашины тоо 7000 хол давжээ.  Харин сүүлийн хоёр  жилийн хугацаанд энэ тоо хоёр дахин өссөн байх магадлалтай аж. Энэ нь манай улсад жил ирэх бүр хийн түлшний хэрэглээ нэмэгдэж буйг илтгэнэ.

Уг нь, хийн түлш, түүнийг хадгалах сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгслийг НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлдөг. Гэсэн ч энэ бүгдээс хамааралгүй хийн түлшний үнэ нэмэгдсээр.

Нөгөөтэйгүүр  авто хий түгээх станц хүрэлцэхгүй  байгаа. Станцууд нь ихэнхдээ хотын захад байгаа нь жолооч нарт бэрхшээлтэй гэнэ. Энэ талаар С.Мандах жолооч “Би машинаа жилийн өмнө худалдаж авсан. Хийн түлш шатахууныг бодвол үнэ нь хямд гэдэг талаас нь харж сонгосон. Гэтэл жилийн дотор гурван ч удаа үнэ нь нэмэгдсэн.  Уг нь, хийн түлш эдийн засагт арай хэмнэлттэй. Гэтэл ингээд үнэ нэмэгдээд байхаар ялгаагүй болж байна. Хийн түлш импортлогч аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлдөг гэсэн. Гэтэл ОХУ-д үнэ нь нэмэгдсэн гээд өөрсдөө дур мэдэн үнээ нэмээд байх юм. Казакстанд хийн түлш литр нь монгол мөнгөөр 450 төгрөг байна гэсэн. Бусад улс орнуудтай харьцуулаад хараад байхад манайд литр нь 1000 төгрөг байхад хангалттай үнэ гэж боддог. Би өнгөрсөн зун литр хийн түлшийг 830 төгрөгөөр худалдаж авч байсан” хэмээн ярив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан