Лондонгийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хотын захирагч нь мэдэгдлээ. Захирагч Садик Хан хотынхоо иргэдийг агаарын бохирдолтой энэ үед гадаа гарч дасгал хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулсан байна. Лондонд агаарын бохирдлыг хэмжих аргыг шинэчилснээс хойш анх удаа гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь энэ аж. Садик Хан иргэдийг аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалсан бөгөөд жолооч нарт зам түгжрэлтэй үед хөдөлгүүрээ унтрааж байхыг зөвлөжээ. Их Британийн нийслэлийн агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл нь дизель болон бензин ашигладаг тээврийн хэрэгслийн утаа учраас замын хөдөлгөөнд оролцогч автомашины хорт утааг багасгах санаачилга гарч байгаа ч төдийлэн үр дүнд хүрэхгүй байна.
Лондонгийн агаарын чанар “Airtext” байгууллагын судалгаагаар агаарын бохирдол хэвийн үеийнхээс 10 дахин их байгаа учир хүмүүсийг аль болох гадуур явахгүй байхгүй анхааруулж, ялангуяа хүүхдүүд, өндөр настанууд, уушигны багтраатай хүмүүсийг бүр ч гадагш гарахгүй байхыг сануулжээ. Өнгөрсөн зунаас Лондонд агаарын бохирдлоос бий болох аюулыг харуулсан тэмдгийг замын хажуу, автобус, метроны буудлуудад байрлуулж, телевиз, радиогоор ч анхааруулах арга хэмжээг авч эхэлсэн билээ.
Агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдээр гамшгийн хэмжээнд хүрч, одоо хүртэл буурахгүй байгаа аж. Энэ жил Лондонгийн өмнөд хэсэгт азотын давхар ислийн хэмжээ 24 дахин ихэссэн нь Европын холбооны 18 гэсэн хэмжээнээс даваад байгаа юм.