Ж.ЖАМУХА
Үйлдвэржихгүй бол хөгжихгүй гэж өчнөөн жил ярьсан ч жижиг, дунд бизнес эрхлэгчид хийгээд үндэсний үйлдвэрлэгчид төр, засгийн бодлогын гадна үлддэг явдал одоо ч хэвээрээ л байна. Үүний нэг жишээ бол резинэн хавтан үйлдвэрлэгч “Инахис” ХХК юм. Автомашины хаягдал дугуйг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, резинэн хавтан үйлдвэрлэдэг тус компани одоогоос есөн жилийн өмнө, Монголд анх удаа хаягдал дугуйгаар хавтан үйлдвэрлэж эхэлсэн ч өдгөө үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. “Төр, хувийн хэвшлийн түншлэл”, “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ”, “Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ, татаас олгоно” гэдэг ч экспортыг орлож буй үйлдвэр эрхлэгчдэдээ элдэв цом, өргөмжлөл өгдөгөөс бодит дэмжлэг үзүүлэх нь ховор байна. Энэ тухай “Инахис” ХХК-ийн захирал Н.Мөнхбаяртай ярилцлаа.
-Юуны өмнө “Инахис” гэж нэрний учрыг тайлбарлаж өгөөч. Анх танай компанийн тухай сонсоход нэр нь сонирхол татсан?
-Инахис гэж эрвээхэйний нэг төрөл юм. Би өөрөө шавьж судлаач хүн л дээ. Тэр дундаа эрвээхэй голлон судалж байсан. Японы эрвээхэйн нийгэмлэгтэй хамтарч Монгол орны эрвээхэйн төрөл зүйлийн судалгаа бүхий ном хүртэл гаргаж байлаа. Харамсалтай нь, зах зээлд шилжсэнээр ажил мэргэжлээрээ амьдрах аргагүйд хүрч бизнес эрхэлж эхэлсэн.
Угаасаа 1990-ээд оны эхэн үед хэн л шавьж хөөцөлдөөд явж байхав. Бүгд л гахай үүрч, ганзагын наймаанд явж байлаа шүү дээ. Ер нь тэгээд олон юм хийж үзсээн. Неон гэрэл үйлдвэрлэлийг Монголд анх хийж, туршиж байлаа. Бидний мэдэх CD буюу 700 мегабайт багтаамжтай компьютерийн зөөврийн дискийг анхлан Монголд оруулж ирж олонд таниулж байлаа. Мөн ундаа, зайрмагны цех ажиллуулж байсан гээд яриад байвал олон ч юм хийж үзжээ. Одоо явж явж энэ резинэн хавтангийн үйлдвэрээ авч явна даа. Үйлдвэр маань есөн жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч өнөөдөр хаалгаа барьчихаад сууж байна. Хүмүүс резинэн хавтан битгий хэл хаягдал дугуйг дахин боловсруулж, ашиглаж болдог тухай ойлголт ч үгүй байхад анх Монголд оруулж ирж байв. Тухайн үед өөрөө гадаадын орнуудаар явж 2-3 жил судалгаа хийсэн юм. Түүхий эд нь юу юм, хэчнээн төрлийн технологи, тоног төхөөрөмж ашиглагддаг юм гээд чамгүй судалсны эцэст үйлдвэрээ оруулж ирэхээр болж хаягдал дугуй цуглуулж эхэлсэн дээ. Тухайн үед эдэлгээ нь дууссан дугуй үнэгүй байлаа. Тиймдээ ч үйлдвэр маань ажиллаж эхлэхэд цуглуулсан дугуй гэж уул овоо шиг юм болсон байсан даа.
-Хаягдал дугуйг хавтан болох үйл явцыг точхон тайлбарлавал. Ямар арга технологиор, хэдий хугацаанд боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог вэ?
-Энгийн үгээр тайлбарлавал эдэлгээ нь дууссан эсвэл хагарч буудсан, жагсаалаас гарсан дугуйг гурил тээрэмддэгтэй адил тээрэмдэн жижиглэнэ гэсэн үг л дээ. Ямар ч шатаах процесс, дамжлага байхгүй. Ингэхийн тулд юун түрүүнд дугуйныхаа трос утсыг түүнэ. Мөн дотор амсрынх нь гантай утсыг сугалж авна. Дараа нь цэвэрлэсэн дугуйгаа тээрэмдэн бутлана. Ерөнхийдөө гурил шиг нарийн ширхэгтэйгээс хөц будаа хүртэлх хэмжээгээр буталдаг. Өөрөөр хэлбэл, гурил, элсэн чихэр, шар будаа, цагаан будаа, хөц будаа шиг хэмжээгээр тус тус бутална. Үүний дараа буталсан бэлдэцээ тусгай зориулалтын цавуутай хольж, 140-180 хэмд жигнэж, даралтаар шахна. Жигнэнэ гэдэг шатаах процесс ер биш. Каучук болдог тусгай цавуутай хольж өндөр даралтаар шахдаг юм.
Дараа нь өнгөн хэсгээ өнгөнд оруулж, ар хэсэгтэй нь пресс машинаар шахаж наана. Энэ бүх процессын дараа эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж авна. Гэхдээ энэ бол резинэн хавтан үйлдвэрлэдэг үндсэн таван технологийн нэг нь. Энэ технологиор зөвхөн хавтан үйлдвэрлэх бус каучук гарган авч болж байна, түүхий резинэнэн хийж ч болно. Буцаагаад дугуй ч үйлдвэрлэх боломжтой. Тэр бүү хэл бидний өдөр тутам өмсч хэрэглэдэг пүүзний улыг ч үүгээр хийдэг. Ерөнхийдөө, ундааны хуванцар савыг хайлуулж хэвлээд буцаагаад ундааны сав хийдэгтэй л адил арга технологи, шат дамжлагатай.
-Танай үйлдвэрлэдэг резинэн хавтангаар хүүхдийн тоглоомын талбайн дүүргэлт хийдэг. Өөр ямар ямар үүрэг, зориулалттай байдаг вэ?
-Ерөнхийдөө буталсан түүхий эдээрээ резинэн хавтан хийдэг ч зориулалтаасаа хамаараад өөр өөр хавтан гаргах боломжтой. Зузаан нимгэн, хээтэй хээгүй, өнгөтэй өнгөгүй гээд янз бүр. Хэрэглээний хувьд барилга байгууламж, гудамж талбай, гадна талбайн тохижилт, бялдаржуулах төвийн шал, дуу бичлэгийн студийн чимээ тусгаарлагч, хүнд машин механизмын жийргэвч, зөөлөвч, ферм, аж ахуйн зориулалтаар ч ашиглаж болно. Хүмүүс хүүхдийн тоглоомын талбайг бүрсэнээр нь сайн мэдэх байх. Угтаа зөвхөн тоглоомын талбай бус явган хүний зам, барилга байгууламжийн дулаалга, тусгаарлалт зэргээр хэрэглэх нь элбэг.
-Резинэн хавтангаас гадна өөр бүтээгдэхүүн гаргаж байна уу. Жишээ нь, түүхий резинэн ч юм уу?
-Яахав болохгүй юм байхгүй л дээ. Харамсалтай нь, манай зах зээл жижигхэн болохоор эрэлт муу байдаг. Каучук хийчихдэг гэтэл надаас хэдэн хүн авах вэ. Ингээд бодохоор резинэн хавтан маань хамгийн ончтой, эрэлт арай илүү бүтээгдэхүүн л дээ.
-Манайх жилд зургаан сая хос гутал урд хөршөөсөө авдаг шүү дээ. Ингээд харахаар эрэлт байгаа л санагдах юм?
-Үнэнийг хэлэхэд Монгол хүний занд тохируулж юм хийнэ гэдэг хэцүү л дээ. Манайхан ч ямбатай улс. Ганц гутал авах гэж нэлээн юм болно доо. Өнгө нь ч тийм юм, ул нь ч ийм юм гээд л голж шилэх нь их. Гэтэл үндэсний үйлдвэрлэгч гэгдсэн цөөхөн хэдэн хүн нь арай гэж нэг юм хийчихээд хэн авах нь вэ гээд сууж байдаг. Угтаа бид чинь нүүдэлчин ард түмэн болохоор үчиргүй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээд байсан туршлагаар хомс. Тиймдээ ч хүн болгоны санаанд нийцүүлж юм хийнэ гэдэг өөрөө эрсдэл болчихоод байдаг тал бий. Үйлдвэрлэлийн хүчин чадал, нөөц боломжоос хамаарах зүйл юм даа.
-Резинэн хавтан маань насжилтын хувьд ямар байдаг вэ?
-Оролдохгүй л бол байж л байна. Яг насжилт гээд нарийн яривал тоймгүй л дээ. Сагсан бөмбөгийн талбайн шийдний дор, хүүхдүүдийн тоглоомын талбайн гулсуурны урд хэсгийг ямар ч материалаар хийгээд цагийн аясаар элэгдэж эвдрээд дуусдаг. Эдэлгээг нь бодоод бетон, төмрөөр хийчихээр аюулгүй байж чадахгүй. Гэтэл манай хавтан байж л байдаг. Цас бороо, нар салхи гээд байгалийн ямар ч үзэгдэлд тэсвэртэй. Мөн хүүхэд багачуудад аюулгүй байдал талаасаа нэн тохиромжтой.
-Тэгвэл манайд резинэн хавтан хаана, ямар зориулалтаар голчлон ашиглагдаж байна?
-Ер нь, массын төвшинд аваад үзвэл хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн доор, жийргэвч байдлаар ашиглах нь элбэг. Мөн барилгын компаниуд ашиглах нь бий. Дээвэр дээрээ сүүдрэвчтэй, элдэв үйл ажиллагаа явуулдаг газрууд дээврийн хучилтаа тусгаарлах байдлаар ашигладаг. Ер нь тэгээд хэрэглээ талаасаа аль ч салбарт ашиглагддаг.
-Үйлдвэр хэчнээн ажилтантай вэ?
-Анх байгуулагдахдаа 10-15 хүнтэй байлаа. Энэ талын мэргэжилтэн гэх юмгүй болохоор анх ажилчдаа өөрөө л сурган авч байлаа. Тэр үед утас шөрмөс өнөөгийнх шиг хөгжөөгүй байж. Гадагшаа явж судалагаа хийхдээ камераар бичлэг хийж ирээд түүнийгээ ажилтнууддаа зааж сургаж байсан юм. Анх үйлдвэрээ оруулж ирэхээсээ өмнө Хятадад 14 хоног, Тайваньд долоо хоног ийм үйлдвэртэй танилцаж, судалж, сурч ирсэн юм.
-Үйлдвэрийн хүчин чадлыг сонирхвол?
-Хангалттай. Манай үйлдвэр цагт 150 ширхэг дугуй бутлах хүчин чадалтай. Жижиг машины дугуйг хувцсандаа наалгүй өргөөд явахад ямар байдаг билээ. Хэрийн хүн хэдэн метр яваад түүртэнэ дээ. Тийм 150 дугуйг нэг цагт бутална гэдэг хүчин чадал талаасаа хангалттай үзүүлэлт л дээ. Оросоос энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг хэдэн хүн ирээд манай үйлдвэрийг хараад нүд нь орой дээрээ гарсан. Технологи сайтай юм, том ч юм, гурван сая хүнд хангалттай хэмжээний үйлдвэр байна гээд л. Хоногтоо 1200-1300 дугуй бутладаг гээд бодохоор ажлын өдрүүдэд 6000-7000 дугуй буталж байна даа. Сүүлд тооцож үзэхэд үйлдвэр ажиллаж эхэлснээс хойш найман сая гаруй дугуй буталсан байна билээ.
-Тоног төхөөрөмж, хүн хүчээ нэмэгдүүлбэл буталсан түүхий эдээ экспортлох боломж ч харагдаж байна?
-Уг нь тийм. Харамсалтай нь, Монголд үйлдвэрлэл эрхлэх боломж үнэхээр алга. Ядаж арван хэдэн хүн ажилтай, орлоготой болгочих юмсан, бусад үйлдвэрүүдтэйгээ нийлээд дотоодынхоо хэрэгцээг хангачихсан, цаашлаад экспортод гаргах байдлаар хогноос мөнгө олох боломж байгааг харуулахсан гэвч төр үнэхээр дэмжихгүй байна.
Экспортыг орлоё, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гээд байсан хаана байна. Манайх хэн нэгний шатааж, агаар бохирдуулж болох байсан найман сая гаруй дугуйг байгальд ээлтэй арга, технологиор үйлдвэрлэлд нэвтрүүлснийхээ хариуд гоё гоё үгтэй өчнөөн өргөмжлөл, цом авсанаас өөр зүйлгүй. Гэтэл хоосон хөөрөгдсөн шагналынх нь цаана дэмжсэн бодлого гэх юм юу ч байдаггүй. Төр, хувийн хэвшил хамтарч ажиллая гээд байсан хаана байна. Байгальд ээлтэй, импорт орлож байгаа компаниуддаа хөнгөлөлт, татаас өгье гэсэн хаана байна. Ядаж үйлдвэрлэлийн зээл нь ч авах юмгүй. Хэдэн арилжааны банкны дээрэм болчихсон. Гэтэл уржигдар мэдээгээр ярьж байна, “Эрэл”-ийн Эрдэнэбат Хөгжлийн банкнаас 23 сая ам.доллар ямар ч барьцаагүй авсан гэж. Гэтэл манайх барьцаа нь байгаад, хүүг нь төлөөд зээл авъя гэхээр өчнөөн хаалга татаж, үй олон гарын үсэг цуглуулах хэрэг гардаг. Бодит байдал ийм л байна шүү дээ.
-Анх тантай уулзахад үйлдвэрийн тань үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэж байсан?
-Өнгөрсөн жилээс зогсчихоод байна. Хямарсны дээр нөгөө л татварын дарамт, дээр нь эрэлт буураагүй ч “май” гээд бэлэн мөнгө тоолоод өгөх хүн ч цөөн болж. Бүгд л дараа өгье, зээлээр авъя гэж байна. Ядаж байхад зээлийг нь хөөцөлдөөд ер бүтэж өгөхгүй юм. Барьцаа нь байв ч ер бүтэхгүй. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард “Жайка”-гаас манайх руу хандлаа л даа. “Байгальд ээлтэй, эко үйлдвэрлэл эрхэлж юм байна, дэмжье” гэж. Төр, засаг нь үндэсний үйлдвэрлэгчээ дээрэмдэх нь холгүй байхад гадаадынхан дэмжье гэж байдаг. Манайх 2013 оны үндэсний хэмжээний есөн шилдэг компанийн нэгээр тодорч байлаа. Үндэсний хэмжээний шүү дээ. Гэтэл нөгөө л том том цом, гоё чамин үгтэй өргөмжлөлөө өгснөөс өөрөөр гийгүүлсэнгүй. Угтаа, бид ажил гуйж явах бус төр нь хийж бүтээж байгаа хувийн хэвшлээ дэмжээд, ийм тийм ажил байна гээд ирэх ёстой биз. Гадаадын жишиг, зарчим тийм л байдаг юм билээ. Гэтэл манайхан энд өөрсдөө хийж болоод байгаа резинэн хавтанг Эрээнээс л зөөгөөд байдаг. Элдэв тендерт оръё гэхээр босго нь хэтэрхий өндөр. Хууль, журмандаа албаар тэгээд заачихдаг юм уу яадаг юм. Дотоодын компаниуд босгыг нь давшгүй өндөр.
-Хотын даргатай уулзахаар цаг авсан гэж байсан?
-Хотын даргатай уулзах гээд наймдугаар сарын 24-нд хүсэлтээ өгсөн ч одоо болтол байхгүй. Ямар сайндаа хотын захиргааны өргөдөл, гомдол хүлээж авдаг хүмүүсээс асуухаар “Таны асуудал хүлээгдэж байгаа” л гэдэг.
Манай үйлдвэр хоногт 100 м.кв резин гаргадаг. 100 м.кв гэдэг дундаж цэцэрлэгээр тооцвол хувьд хангалттай талбай л даа. Ингээд харахаар дан ганц манай үйлдвэр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц хүчин чадалтай байгаа юм. Манайхаас гадна гурав, дөрвөн ч ийм үйлдвэр бий болчихоод байна. Үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар үйлдвэрээс гарах 1 м.кв резиний үнэ 26 мянган төгрөг байна. Энэ бол дэлхийд байхгүй хямд үнэ шүү. Хотын даргад дэлхийд байхгүй үнээр, чанар, стандарт, технологи бүгдийг нь хангасан резин үйлдвэрлэж байна гэдгээ л хэлж, ойлгуулах гэсэн хэрэг. Ганцхан жишээ дурдахад, саяхан манай байрны урдах хүүхдийн тоглоомын талбайн резинийг шинэчилсэн юм. Тэр талбайг резинээр бүрэх ажлыг уржнан жил нь тендер шалгаруулж, Хятадаас орж ирсэн резинээр хийж гүйцэтгэсэн. Гэтэл ганц жил ч болоогүй резинийг хуулж хаяад, дахиад яг ижил, чанар муутай Хятад резинэн тавьчихаж байгаа юм.
-Юу гэсэн үг вэ. Таны хэлснээр тэр олон жилийн насжилттай хавтанг жил болголгүй сольчихсон хэрэг үү?
-Тийм. Би бүр хаяг байршил, цаг хугацаатай нь хэлье л дээ. Чингэлтэй дүүргийн I хороо, 15, 16 дугаар байрны дунд байх хүүхдийн тоглоомын талбайг 2015 онд тендерээр хийж гүйцэтгэсэн. Улмаар ганц жил ч бололгүй, ямар ч гэмтэл, асуудалгүй талбайг 2016 оны зургадугаар сарын 9-нд хуулчихаж байгаа юм. Багадаа 5-10 жилээр яригдах насжилттай, тавиад жил ч болоогүй хавтанг хуулж хаяад яг ижилхэн хавтангаар сольж байна. Эндээс мөнгө үнэртэж байгаа биз. Би энэ асуудлыг шүүхэд өгсөн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт ч хандсан. Харамсалтай нь, хариу байхгүй.
-Та хотын захиргаанд хэчнээн удаа хамтарч ажиллах санал тавьж байв?
-Өө олон олон. Тэр болгонд хариу өгөхгүй. Сүүлдээ өөрөө очоод уулзахаар УИХ мэднэ гэж ам таглаж байгаа юм. Ер нь тэгээд өнгөн дээрээ хувийн хэвшлээ дэмжинэ, үйлдвэрлэгчдээ асарч тойглоно ухааны юм ярьдаг ч цагаа тулахаар ганц хүүхдийн тоглоомын талбайн резинийг ч Эрээнээс зөөсөөр л байна. Гэхдээ энэ бол ганц удаагийн үйлдэл биш шүү. Өчнөөн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн резинийг энэ зарчмаар сольдог. Дээр хэлсэн дээ, манай 1 м.кв резинэн 26 мянган төгрөгийн өртөгтэй гэж. Шиньжин, Бээжин, Эрээнд манай компанийн төлөөлөгчид бий. Энэ хүмүүс манайд байдаггүй цавуу тэргүүтэй зарим түүхий эдийг нийлүүлэх ажилд оролцдог юм. Манайх химийн үйлдвэргүй болохоор өндөр зэрэглэлтэй цавуу, пегмэнт байдаггүй. Тиймдээ ч тэр хүмүүс зарим түүхий эдийг маань хариуцаж, цаанаас явуулдаг юм. Энэ далимд Бээжин, Эрээнд резин ямар үнэтэй байгааг тандана л даа. Өнгөрсөн жил 60 гаруй юань байсан. Энэ нь манай ханшаар 22, 23 мянган төгрөг. За ингээд үзвэл 1.5 мм-ийн зузаантай резин маань тус бүр нь 3.5 кг буюу 1 м.кв резин 12-14 кг жин татна. Тэгэхээр тээвэрлэлтийн зардал нь багагүй юм болохоор байгаа биз. Дээр нь гаалийн татвараа нэмээд бодвол манай үнээс давна уу гэхээс хямд байж чадахгүй. Мөн чанарын хувьд ч хаа хол хаягдана. Ингээд харахаар бид зүгээр л Хятадын хог авчирч хүүхдүүддээ дэвсч өгөөд байгаа хэрэг. Бид Монголынхоо дугуйны хогийг устгаж, наанадаж агаарын бохирдлоос бага ч атугай сэргийлж байгаа биз. Хятад резиний ар буюу дүүргэлт хэсэг нь бөглөө таглаанаас авахуулаад элдэв хогоор дүүрэн байдаг. Хавтангийнх нь гол хэсэг 0.8 мм зузаантай байхад зах хэсэг нь 1.5 байдаг. Угтаа 50х50 см хэмжээтэй хавтан бүхэлдээ 1.5 см зузаантай байдаг юм. Түүнчлэн, хятад резин халуун өдөр хаймер шатаасан шиг үнэр гардаг. Манайх Герман технологиор хийгддэг болохоор элдэв үнэр гарахгүй.
Энд нэг юм хэлэхэд, Оросоос ирсэн энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид эх оронд нь эрэлт их байдаг тухай хэлж байсан юм. Бид ч зах зээл байгаа сургаар түүхий эдээ гаргах талаар судалтал Оросын Засгийн газар хаягдал түүхий эд оруулдаггүй юм байна. Ухаантай, ажлаа мэддэг, хийж чаддаг Засгийн газар ийм байдаг юм байна. Тэгэхэд манайх эх оронд нь хийсээр байтал Хятадаас зөөгөөд байдаг. Нэмж хэлэхэд Оросын Засгийн газар хаягдлаа боловсруулж, байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж буй резинэнэн үйлдвэрлэгчдэдээ тонн тутамд нь 300 ам.долларын татаас өгч байна.
-Дугуйгаа хэдээр авч байна?
-Одоо 300-400 төгрөгийн ханштай болсон. Энэ нь дугуй шатаадагтай холбоотой.
-1 тонн хог шатаахад дунджаар 50 кг хорт бодис ялгардаг тухай уншиж байсан юм. Мэдээж ялгарч буй хорт бодисууд нь хорт хавдраас өгсүүлээд элдэв өвчин үүсгэгч болдог. Манайд дугуй шатаах нь элбэг байдаг?
-Эргээд бодсон чинь манай үйлдвэр найман сая гаруй буюу 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн хогийг байгальд ээлтэй байдлаар устгалд оруулж. Үнэнийг хэлэхэд би өөрөө хаягдал дугуйгаар юм хийдэг хүн, манайд дугуй шатаах явдал чинь нүүрс түлэхээсээ дутахгүй болсон шүү дээ. Тэр ч бүү хэл Улаанчулуутын хогийн цэг дээрх, хотын салхины дээр байгаа тэр хүмүүс юу түлэх вэ. Дугуй. Тэгээд бид эрүүл, аюулгүй орчинд аж төрж байгаа гэдэг. Дугуй тэргүүтэй элдэв химийн найрлагатай хог хаягдлыг багадаа 1100 хэмд шатаах ёстой юм билээ. Тэр ч бүү хэл шатааж буй зуухных нь яндан тусгай шүүлтүүртэй байх ёстой.
Европын орнуудад ийм үйлдвэр бий болгох өртгийн гуравны хоёрыг нь зөвхөн тэр шүүлтүүрт зориулагддаг гээд бод доо. Манайхан яг үнэндээ дугуй шатаах бус зүгээр л уугиулаад байгаа хэрэг. Хамаг л хорт бодисыг нь дутуу шаталттай зуухны яндангаар гадагш нь цацаж байна. Жижиг тэрэгний нэг дугуй л гэхэд долоон литр газрын тос агуулдаг гэж байгаа. Манай найз хэлж байсан юм, нэг дугуй шатаасан агаараар амьсгалахад 17 жил тамхи татсантай тэнцэхүйц хэмжээнд хорддог гэж.