Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн салбарын мэдээлэл, технологийн сүлжээг бий болгож “том алхана”


-2020 он гэхэд эрүүл мэндийн салбар
бүрэн цахимжина-



Б.ЦЭДЭВСҮРЭН

Явдал чирэгдэл ихтэйгээр нь хамгийн их шүүмжилдэг ч иргэд үйлчлүүлэхгүй байхаас өөр аргаүй газар бол эмнэлэг. Нийслэлд ялангуяа. Дугаар хорооны иргэн Бат бие нь өвдөөд эмнэлэгт хандах боллоо гэхэд эхлээд харьяа өрхийн эмнэлэгтээ хандана. Эмчдээ үзүүлээд шинжилгээ өгөх цагаа авна. Цаг авсан өдрийнхөө өглөө эрт дүүргийн эмнэлэг дээрээ очиж дугаарлан шинжилгээгээ өглөө гэхэд маргааш өдөр нь хариугаа авна. Ингээд шинжилгээний хариугаа авч очоод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх цагаа авч эмчдээ үзүүлнэ. Энэ үйл явцад нэг долоо хоногийг зарцуулна. Хэрэв эмч нэмэлт шинжилгээ өгөх, эхо-д харуулах шаардлагатай гэвэл дахиад долоо хоног... Оношоо зөв тогтоох хүсэлтэй, өвчинд дарлуулж яваа хүн бол яах аргагүй мөлхөөд ч болсон энэ үйл явцыг харааж, зүхэн  эмчид үзүүлэхээс өөр аргагүй. Тэгвэл гурван жилийн дараа буюу 2020 он гэхэд иргэд эмнэлгийн үйлчилгээг цахимаар аваад зогсохгүй олон газраар явж буруу, зөрүү оношлуулна гэсэн ойлголт байхгүй болно гэдгийг Монголын эрүүл мэндийн мэдээллийн технологийн холбооноос мэдээллээ.
Энэ нэгдлийг Монголын мэдээллийн технологийн чиг­лэлээр ажилладаг туршла­гатай, томоохон 21 компани хамтран байгуулжээ. Тэд эрүүл мэндийн салба­рыг технологийнх нь хувьд шинэчлэх ажлыг эхлүү­лэхээ мэдэгдсэн юм. Одоо­гоор иргэд зарим шин­жилгээнийхээ хариуг цахи­маар буюу интернэтээр авдаг болсон.

Тэгвэл 2020 он гэхэд Монгол Улсын бүх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын шинжилгээ, үйлчилгээ, мэдээллийг нэгтгэж нэгдсэн зохион байгуулалтад оруулах юм байна. Ингэснээр иргэд улсын эсвэл хувийн эмнэлэгт аппарат тоног төхөөрөмжийн хүчин чадлаас болоод ялгаатай хариу сонсдог, шинжилгээний дүндээ эргэлздэг байдал арилна гэлээ. Өөрт ойрхон байрлах аль ч эмнэлэгт шинжилгээ хийлгэж болно. Тухайн хүний мэдээлэл бүх эмнэлэгт мэдээллийн сангаар дамжиж хүрдэг болох юм байна. Үүнээс гадна эмнэлгийн ихэнх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад илүү хялбар болно гэж тайлбарлалаа.

MITAM дотоодоос өрсөлдөх хүч болно

Энэ талаар “Мон ай ти” компанийн захирал, хүний их эмч Д.Батнасан “Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарын програм хангамж үйлдвэрлэгч, электрон тоног төхөөрөмж нийлүүлэгч үндэсний 21 томоохон компани нийлж нэг консерциум болж байна. MITAM буюу Монголын эрүүл мэндийн мэдээлэл, технологийн холбоо ТББ байгууллаа. Програм хангамж үйлдвэрлэдэг том үйлдвэрлэгчид, мөн тоног төхөөрөмж нийлүүлдэг бүх компани нэгдэлд бий. Тиймээс бид хамтрахад технологийн шийдэл нь бэлэн болсон, хэрэгжүүлэх арга зам нь бэлэн байна. Одоо төрөөс бидэнд итгэж санхүүжилт олгох нь чухал байна. Гэхдээ бид зүгээр мөнгө гуйгаагүй. Ном журмынх нь дагуу сонгон шалгаруулалтад орж, гадаад, додоодын компаниудтай өрсөлдөж санхүүжилтээ олохоор төлөвлөсөн. Дэлхийн банкны төслийн сонгон шалгаруулалтад хүчээ үзнэ. Санхүүжилт тодорхой болоод ажлаа эхлүүлбэл ойрын гурван жилд эмнэлгийн үйлчилгээг бүрэн цахимжуулж чадна гэж бодож байна. Гадаадын төслүүд дээр дотоодоос өрсөлдөх хүч байхгүйгээс гадаадын компаниуд орж ирээд бүгдийг нь эзлээд авчихдаг болоод байна. Тухайлбал, “Цахим эрүүл мэнд” төслөөс л жишээ авъя. Хятадын компани хууль бусаар орж ирсэн. Г.Шийлэгдамба сайдад 500 сая төгрөгийн хахууль өгч байгаад өрөөндөө баригдсаныг мэдэж байгаа болов уу. Энэ асуудал шүүх, цагдаагаар явж байгаа. “Метронэтворкс” компанийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр сонгосон байдаг. БНХАУ-ын Huawei компани Монголын эрүүл мэндийн салбарын мэдээлэл, технологийн гол судсыг атгачих гээд байна. БНХАУ-ын 17 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Huawei компани манай төсөл хэрэгжүүлж 48 эмнэлэгт дотоод сүлжээ бий болгохоор хоёр жил ажиллаад хийгдээгүй л явж байгаа. 7000 компьютер тавьсан ч нэгтгэх сүлжээг нь хийж чадаагүй. Үүнийг бид өөрсдөө хийх ёстой. Хийхээр нэгдээд байна” хэмээн ярьсан юм.

Эрүүл мэндийн салбарын мэдээлэл, технологид хамгийн нэгдүгээрт эмнэлэгийн үйл ажиллагааг удирддаг програм хангамж ордог аж. Гэтэл үүнийг хийх дотоодын томоохон үндэсний аж ахуйн нэгж байхгүйгээс төсөлд гадаадын компани өрсөлдөгчгүй ялж, ажлаа эхлүүлдэг ч санхүүжилтийг нь үрээд, үр ашиггүй өнгөрөөдөг байдал газар авсан байна. Тиймээс одооноос эрүүл мэндийн салбарын гол мэдээллийн бааз, электрон системийн баазыг монголчууд өөрсдөө хариуцаж хийхээр болжээ. Энэхүү системийг ажиллуулахын тулд дотоод сүлжээг бий болгож, Монголд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2000 гаруй байгууллага, тэр байгууллагуудад ажиллаж буй 6000 гаруй эмч, тэдгээр эмчид үзүүлдэг 3.3 сая иргэн, бодлого шийдвэр гаргагч яам, тамгын газруудын дунд цахим сүлжээ үүсгэх юм байна. Ингэхдээ 10 гаруй мянган төрлийн эм, 14 мянган төрлийн онош, 20 гаруй мянган дүрэм журам, 13 гаруй мянган эмнэлэгийн нэр томъёо бүхий бааз суурийг бий болгохоор зорьж байгаа аж.

Үндэсний хэмжээний нууцыг хадгалах хүч бий

“Towersoft” компанийн үүсгэн байгуулагч М.Мөнхдөл тус холбоог байгуулснаар ямар ач холбогдолтой талаар ярьсан. Тэрээр “Нэгдүгээрт, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулна. Хоёрдугаарт, эмнэлэг бүрийн аппарат тоног төхөөрөмжийн хүчин чадлын ялгаа, оношилгооны зөрүүтэй байдал арилна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн өрхийн эмнэлэг эсвэл аль нэг хувийн эмнэлэгт ч хамаагүй шинжилгээ өгсөн л бол тэр мэдээлэл бүх эрүүл мэндийн байгууллагын санд орно гэсэн үг. Гол нь эрүүл мэнд бол чанар юм. Оношилгоо нь үнэн зөв, найдвартай, нэг хариу гардаг болно. Ингэснээр тухайн иргэн өөрт тохирсон эмчилгээ үйлчилгээг авах боломж бүрдэнэ. Мэдээж одоогийн уламжлалт эмчилгээ, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ сайн. Гэхдээ үүнийг улам сайжруулахын тулд мэдээллийн технологийн салбартай хамтрах шаардлагатай. Гуравдугаарт, эрүүл мэндийн салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Монголын мэдээллийн технологийн компаниуд нэгдсэнээр дотооддоо зарлагдаж буй төсөл хөтөлбөрийг өөрсдөө хийхэд оршиж байгаа юм. Бид ганц нэгээрээ явсаар наад зах нь иргэний бүртгэл, худалдан авах ажиллагаанаас эхлээд ихэнх салбарт гадаадын компани ороод ирлээ. Бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн тогтолцооны асуудлыг БНХАУ-ын “HUAWEI” гэх БНХАУ-ын корпорац хийхээр сонгон шалгарч байсан удаа бий. Ингэхдээ нээлттэй бусаар сонгон шалгаруулсан. Дотоодын зарим нэг компани тендэрт оролцсон ч шалгараагүй. Энэ мэтчилэн Монголд зарлагдаж буй төсөл хөтөлбөрийг гадаадын компаниуд авах нь их байгаа учраас мэдээллийн технологийн салбарынхан маань нэгдэж байна. Ядаж хүн амд нэн чухал эрүүл мэндийн салбарынхаа хөгжилд Монголын компаниуд нэгдэж, хамтарч, төсөл хөтөлбөрүүдийг нь авъя гэсэн үүднээс нэгдэж байгаа юм. Эрүүл мэндийн яам Дэлхийн банкны 192 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт явуулах гэж байна. Бидний зүгээс энэ сонгон шалгаруулалтад оролцохоор зорьж байна” гэлээ.

Хувь хүний нууцыг тухайн хүн хариуцаж хадгалах ёстой. Гэвч нэг биш нижгээд хүний нууц нийлэхээрээ үндэсний хэмжээний нууц болдог. Тухайлбал, хувь хүнд хадгалагдаж байсан мэдээллийг бааз суурь болгохоор цуглуулчихаад алдах эрхгүй болж байна. Хэрэв тэр мэдээлэл алдагвал тухайн хүний ямар өвчтэйг өөр нэгэн мэдээд ашиглах боломжтой гэдгийг тус холбооныхон ухаарсан учир хамгаалалтын системийг хамгийн найдвартай байдлаар хийнэ гэдгээ ч хэлж байсан юм. Гэхдээ тэднийг үйл ажиллагаагаа явуулахад эрх зүйн тогтвортой орчныг хүсч байгаа аж.

Том алхам

Тус нэгдлийн үйл ажил­лагааг хамгийн ихээр дэмжиж, үйл ажиллагаанд нь оролцож байгаа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл бол “Оном” сан. Тус байгууллагаас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлж буй. Энэ үйл ажиллагааны явцад цахим мэдээлэл дутагдаж байгааг тус сангийн ТУЗ-ийн дарга, анагаах ухааны доктор Д.Наранбаатар ярьсан юм. Тэрээр “Монголын эрүүл мэндийн салбар цаасан дээр явж байгаа. Эмч нар цаасан дээр бичнэ. Түүнийгээ электрон хэлбэрт оруулаад дахиад цаасан дээр бичдэг нүсэр ажлыг хөнгөвчлөх хэрэгтэй. Баримт мэдээлэл цуглуулж боловсруулах тогтолцоо үнэндээ өнөөдөр эрүүл мэндийн салбарт байхгүй. Төсөөллөөр л ажлаа хийгээд байгаа. Бид анх “Элэг бүтэн монгол” төслийг яриад явж байхад монгол хүний нас баралтын 15 хувийг элэгний өвчлөл дангаараа бүрдүүлж байна. Жилдээ 2600, өдөрт долоон хүн нас барьж байна гэхээр бидэнд итгэдэггүй байсан. Элэгний вирусийн өвчлөл халдварт өвчний 15 д явдаг шүү дээ гэдэг байсан. Бид өндөр уулын оройг л хараад байгаа болохоос бэлд нь байгаа аймшгийг анзаарахгүй байна. Яагаад гэхээр нэгдсэн байдлаар судалгаа хийгээд, датаг нь гаргах боломж байхгүй учраас. Цаг зав гаргаад ухах юм бол жаахан мэдээлэл олддог ч заавал үүнд цаг заваа зарцуулж суухгүйгээр шууд тэр датаг хүлээн авч чаддаг болж байж цаг үетэйгээ хөл нийлүүлнэ. Тэгэхээр хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол цахимжуулалт. Үүнийг эрүүл мэндийн салбарт хийж байж хүн амаа эрүүлжүүлнэ” хэмээн ярьсан юм.

Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй томоохон асуудал бол БЗХӨ. Ялангуяа төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх үзэгдэл манайх шиг тайван, дайн дажингүй, төр засаг нь хэвийн ажиллагаатай улсад байж боломгүй зүйл аж. Гэтэл манай улсын хүн амын эрүүл мэндийн судалгаа байхгүй, бүртгэлжүүлэлт байхгүйтэй холбоотой гэдгийг ч мэргэжилтнүүд хэлсэн юм. Тиймээс тус холбоог төр засгаас дэмжиж, эрүүл мэндийн салбарын мэдээлэл, технологийн сүлжээг бий болговол улс даяараа нэг “том алхах” юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан