Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулангаас цаг үеийн зарим асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-Нийслэлд томуугийн тархалт өндөр байна л гэдэг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэдэн хувиар өссөн үзүүлэлт байна вэ?
-Амбулатороор долоо хоногт 100-110 мянган үйлчлүүлэгч үзэж байгаагийн 8.6 хувь нь ханиад гэсэн оношоор оношлогдсон гэсэн үг. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн. Тиймээс эмнэлгүүдийн орны ачаалал мөн нэмэгдсэн. ЭМЯ болон НЭМГ хамтран эмнэлгүүдэд орны зохицуулалт хийснээр орны ачаалал буурах хандлага ажиглагдсан. Гэсэн ч өвчлөл гайгүй байна гээд санаа амарч болохгүй. Томуугийн дэгдэлтийн үе дуусаагүй гэдгийг санах хэрэгтэй.
-Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэнээр эм тарианы хүрэлцээ муу байна гэсэн. Эмнэлгүүдэд эм тарианы нөөц хэр байгаа вэ?
-Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эм тарианы нөөц хангалттай байгаа. Нийслэлийн улсын эмнэлгүүд 1800 ортой үүний 800 гаруй нь хүүхдийн ор байдаг. Энэ тоо нийслэл 500 мянган хүн амтай байхад тооцоолж гаргасан тоо. Өнөөдөр нийслэлийн хүн ам аль хэдийнээ 1.5 сая даваад байна. Тиймээс бид аль дүүрэг хамгийн их ачаалалтай ажиллаж байна вэ гэдгийг харгалзан үзэж 500-600 ор нэмсэн.
-Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 50 хүүхдийн ор нэмнэ гээд бараг сар боллоо. Хэзээ нэмэх юм бэ?
-Одоогийн байдлаар хүүхдийн орны ачаалал буурах хандлага ажиглагдаж байгаа. Хэрэв орны ачаалал нэмэгдэх юм бол 50 ор ажиллуулахаар шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийг бэлдсэн. Харин Улсын нэгдсэн хоёрдугаар төв эмнэлэгт 40 хүүхдийн ор нээж ажиллуулж Баянзүрх дүүргийн долоо, наймдугаар хорооны хүүхдүүдийг хүлээн авч байгаа. Дотор болон хүүхдийн эмчийн чиглэлээр резиндентээр сурч байгаа оюутнууд болон АШУҮС-ын төгсөх курсынхэн гээд нийт 700 гаруй эмчийг дайчлан ажиллуулж байна.
-2016 оны арваннэгдүгээр сарын дундаас эхлэн орон даяар дархлаажуулалтыг хийсэн. Үүний үр дүн хэрхэн гарч байна вэ?
-Цэцэрлэгийн насны тэр дундаа гэр хорооллын 23 мянган хүүхдийг дархлаажуулалтад хамруулсан. Вакцинд хамруулсны үр дүн гарч одоо эмнэлгүүдийн орны ачаалал буурч эхэлсэн.
-Сурагчдын амралтыг нийтээр нь сунгасан шалтгаан нь юу юм бэ. Зөвхөн бага ангийнхны амралтыг сунгаж болохгүй байсан уу?
-Сургуулийн насны тэр дундаа ахлах ангийн хүүхдүүд бөөнөөрөө цугларч олон нийтийн газраар явж үзвэр үйлчилгээ үздэг. Энэ нь эргээд гэртээ байгаа бага насны дүү нартаа нян тээж аваачиж өгч байна. Иймээс БСШУСЯ-тай хамтарч дээрх шийдвэрийг гаргасан.