-АН-ын өнгөрсөн түүхээс бид юу сурах ёстой гэж та боддог вэ?
-АН-ын 27 жилийн түүх алдаа, оноотойгоо бүхэлдээ гайхамшигтай. 1996-2000 оны хооронд Засгийн газраа унагаж, хоорондоо толхилцсон тэр түүхийг би эргэж хардаг. Дараа нь эвлэрч чадсан гайхалтай түүхийг нь судалдаг. Учир нь, 1996-2000 оны хооронд АН анх удаа Засгийн эрхийг 50 суудалтайгаар авсан. Гэвч, гурав, дөрвөн удаа яагаад Засгийн газраа унагав? Үүнд хоёр шалтгаан байсан гэж хардаг. Нэгдүгээрт, манай намын лидерүүдийн дундаж наслалт 35 байсан. 35-тай залуучууд хоорондоо нанчилдалгүй яахав дээ. Залуу нам байж. Гэхдээ 2000 онд их эвлэрлийг хийж чадсан. Таван тусдаа бүлэглэл, таван тусдаа нам нэгдэж чадсан. Ингээд 20 гаруй суудал аваад, АН тодорч гарч ирсэн. АН их уучлал дээр, их хайр дээр тогтдог нам юм байна гэдгийг би ойлгосон. Хэрвээ, 1996-2000 онд зөрчилдсөн тэр бүлэглэлүүд бие, биенийгээ буруу нүдээр харсан бол яах байсан бэ. Үргэлж биенээ өс хонзонгийн сэдлээр хардаг байсан бол яах байсан бэ. Хэрвээ тэгвэл энэ нам тарж, бутрах байв. Үүнээс ууч ухаан, уужуу сэтгэл дээр ардчилал босдог юм байна гэж би хардаг. Ууч ухаан, уужуу сэтгэл, алсын хараан дээр АН, эрх чөлөөний туг босдог. Тиймээс одоо ч АН босно гэдэгт итгэлтэй байгаа.
-Лидерүүдийн дундаж наслалт бага байсан нь намын тогтворгүй байдалд нөлөөлсөн гэж үзсэн юм байна. Гэхдээ та нэр дэвшигчид дундаа залуудаа орж байгаа биз дээ?
-Би иргэдтэй анх улзахдаа 30 гаруйхан настай “жижигхэн” залуу байсан. Одоо нас 40 гарсан. “40 хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэж монголчууд ярьдаг. Ачааны хүндийг 40-тэй залууд үүрүүл гэж монголчууд хэлдэг юм. Тиймээс намынхаа ачааныхаа хүндийг үүрье, энэ намынхаа зовлон жаргалыг үүрээд явъя гэсэндээ намын даргад нэрээ дэвшүүлсэн.
-Таны мөрийн хөтөлбөрийн гол агуулга юу вэ. Нам юугаараа нэгдмэл байх ёстой гэж үзэж байна?
-Нэгдүгээрт, АН 1990 оны үзэл суртал, үнэт зүйлээрээ эргэн ирэх ёстой гэж би боддог. Учир нь, АН сүүлийн жилүүдэд үнэт зүйл, үзэл санаанаасаа хэтэрхий холдсон гэж хардаг. Яагаад холдчихсон бэ гэхээр бидний л дотоодын зовлон яригдана. Хэн нэгнийг буруутгах гэж яриагүй шүү. Гэхдээ манай бүлгийн дэд дарга 65-ын бүлгийн дэд дарга болоод явчихдаг, С.Баярын Засгийн газар руу гүйгээд орчихдог, Ордон руу орохоор дуу нь цаашаа ороод ардын намтай хуйвалдаад явчихдаг зарчимгүй байдал олон жил үргэлжилсэн учраас АН, МАН хоёрын хооронд ялгаа харагдахгүй байна.
Тиймээс АН үнэт зүйл, үзэл суртлаа сэргээх цаг болсон. Буурлуудын мөрөөдөж явсан эрх чөлөөний үзэл санаа, хувь хүний эрх чөлөөг хамгаалах үзэл, шударга ёс, зарчим, хүний эрх, үндэсний эрх ашгийн үзэл санааг сэргээх ёстой гэдгийг харж байгаа. Тиймээс намдаа үзэл санааны шинэтгэл, хана хэрмийг босгоё гэж АН-ын даргад өрсөлдөж байгаа. Мөн АН-ын дотоод хагарал буюу олон фракц бүлэглэлээс салъя гэх зорилго тавьсан. 2000 онд таван өөр нам нэгдэж, нэг нам болсон ч одоо таван бүлэглэлтэй болчихоод байгаа. Аймаг, орон нутгийн намуудыг худалдаад авчихсан. Тиймээс явцуу эрх, ашгийн бүлэглэлийг татан буулгаж, мэргэжлийн бодлогын зөвлөлд суурилсан АН-ыг бий болгох хэрэгтэй. Инженер, багш, эмч зэрэг чиглэл бүрийн бодлогын зөвлөлтэй болох шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн олигарх бүлэглэлээс салгаж, гишүүдийн намыг бий болгох талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.