Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлаа гурван хэсэгт хуваагаад байгаа аж.
Богино хугацаанд буюу 2017 онд хийх ажлуудын эхэнд энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэснийг онцолж буй юм. Нийслэлийн гэр хороололд амьдарч буй 200 гаруй мянган өрхийн 75 хувь нь 2 тарифт тоолууртай учраас шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж байгаа.
Хоёрт, энэ сарын 9-10-нд Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн зохион байгуулсныг дурджээ.
Гуравт, банкуудын холбоотой хамтран гэрийн цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг Ногоон зээлийн сангаас зээлээр авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэв. 2015 оны сүүлээр Банкуудын холбооноос зохион байгуулагдсан Тогтвортой санхүүжилтийн чуулганы үеэр 2016 онд “Ногоон зээлийн сан” гэдгийг байгуулахаар ярьж байсан ч 2016 оны арванхоёрдугаар сарын 12-нд Нийслэлийн Засаг даргын орлогч, Банкны холбооны гүйцэтгэх захирал нарын уулзалтын үеэр Ногоон зээлийн сан байгуулахад хамтран ажиллахаар тохиролцсон. Гэхдээ сангийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийн талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайд нийслэлийн агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээнүүдийг ийн танилцуулсан байна. 2017 онд Засгийн газраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлуудыг сонирхоё.
· Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зориулах төсөв хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх, Үндэсний хөтөлбөр боловсруулж орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих,
· Сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулж 2017 онд нийтдээ 23,0 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах,
· Агаарын бохирдлын хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийт, иргэдэд мэдээлэл бодитоор өгч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах,
· Автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, тортгийг барих шүүлтүүрийг автомашинд суурилуулах шаардлага тавьж, мөрдүүлэх,
· 110 мянган айл өрхийг 2.5 квт-ын чадалтай цахилгаан халаагч хэрэгслээр халаах техникийн боломжийг бүрдүүлсэн бол цаашдаа 20 мянган айл өрхийг 4 квт чадалтай цахилгаан халаах хэрэгслийг ашиглах техникийн боломжийг бүрдүүлнэ.
· Одоо ашиглаж байгаа нам даралтын халаалтын 70 зуухны үйл ажиллагааг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно.
· Цахилгаангүй 5800 айл өрхийг 4 квт-ын чадалтай цахилгаан халаагуур ашиглах боломжтойгоор дэд бүтцийг бий болгож холбоно.
· Цахилгаан халаах хэрэгслийг ашиглах схем, аюулгүй ажиллагааны заавар, гарын авлагыг боловсруулж, хэрэглэгч бүрт түгээнэ.
Агаарын бохирдлоос шалтгаалан хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, томуу томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Үүнд:
·Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар Томуу, томуу төст өвчний байдлыг хэлэлцүүлж, цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээх, улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 орыг нэмж ажиллуулах зэрэг шийдвэрийг гаргаж ажиллуулахад бэлэн болоод байна.
· Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/185 дугаар тушаалаар 533 резидент эмч, 64 сувилагчийг гэрийн эргэлтэд гаргаж, нийслэл хотын хүүхдийн тасаг бүхий нэгдсэн эмнэлгүүдэд 596 ор нэмж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар тус тус ажиллуулж байна.
· Засгийн газрын 2016 оны 215 дугаар тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн.
·Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн 10 нэр төрлийн ууж хэрэглэх эмийг 100 хувь үнэгүй олгох асуудлыг шийдвэрлэсэн гэв.