Т.ЖАНЦАН
Авто тээврийн тухай хуулиар нийтийн тээврийн үйлчилгээнийхээс бусад тээврийн хэрэгсэл жилд нэг удаа техникийн үзлэг оношилгоонд орох ёстой. Иймд өчигдрөөс тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо, татвар хураалт эхэллээ. Шинэ он гарахын өмнөхөн Засгийн газар тогтоол гаргаж тээврийн хэрэгсэлийн техникийн үзлэгийн төлбөрийг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан. Уг тогтоолоор техникийн үзлэгийн төлбөр 10 мянгаас 20 мянган төгрөг болж нэмэгдэв. Энэ төлбөрт НӨАТ шингэсэн аж. Үүнээс гадна шинэ авто машин худалдан авсан бол хоёр жилийн хугацаанд техникийн үзлэг оношилгоонд орох шаардлагагүй бөгөөд татвар төлж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа хийлгээд явах тухай заасан байна.
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны төлбөр яагаад нэмэх болсон талаар Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд “Техникийн үзлэг оношилгооны тариф нь ашиг олох зорилогогүй. Манай байгууллага төрийн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа юм. Энэ төлбөрийн мөнгө нь зөвхөн ажилчдын цалин, тоног төхөөрөмжийн ашиглалт арчлалт, байгууллагын дулаан, цахилгааны зардалд зориулагддаг. Бидний гол зорилго ард иргэдийг замын хөдөлгөөнд оролцоход осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх явдал” гэсэн хариу өглөө.
Мөн жолооч нар машинаа долоо хоногт нэг удаа угаалгана гэж бодъё. Энэ нь 10-15 мянган төгрөг болно. Тэгэхээр жилд нэг удаа авто машинаа угаалгах мөнгөөр оношилгоонд ордог байсан. Иймд жилд хэдэн төгрөгөөр авто машинаа угаалгах вэ гэсэн тооцоог хийгээд үзэхэд гэмгүй хэмээв. Нөгөө талаар уг тарифыг олон жил тогтвортой мөрдөж ирсэн тул алдагдал хүлээх болжээ. Тухайлбал, 16-18 мянган төгрөгийн зардал гаргаж 11 мянган төгрөгөөр авто машин оношилдог байсан тооцоог ч хэлж байгаа юм. Техникийн үзлэг, хяналтад оруулаагүй авто машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мөн авто машинаа зарсан тохиолдолд худалдаж авсан хүнийхээ нэр дээр шилжүүлж өгөөгүй бол техникийн хяналтын үзлэгт оруулахгүй ажээ.
Авто тээврийн үндэсний төв Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран ажиллаж байгаа. Иймд техникийн үзлэг хяналтад ороогүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцвол камераар хянаж илрүүлээд гэрийн хаягаар торгуулийн хуудас аваачиж өгдөг болжээ. Бас замын цагдаа нар өдөрт эргүүлд гарч шалгаад техникийн үзлэгт ороогүй, татвараа төлөөгүй бол автомашины гэрчилгээг хураан авч торгох аж.
Хэдийгээр авто машины техникийн үзлэгийн төлбөр өссөн ч татвар, албан журмын даатгал нэмэгдээгүй байна. Улаанбаатарт бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг өчигдрөөс ирэх тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулна. Тэгэхдээ тухайн авто машины улсын дугаарын сүүлийн оронг харгалзан үзэх юм. Өөрөөр хэлбэл, дугаарын хязгаарлалтад ордогтой адил. Авто машины улсын дугаар нь 1,6-гаар төгссөн бол нэгдүгээр сард татвараа төлөх хуваарьтай. Энэ мэтчилэн 2.7 төгссөн бол хоёрдугаар сард гээд үргэлжлэх ажээ. Уг татвараас гадна Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Эл төлбөр нэмэгдээгүй бөгөөд урьдын адил хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан тогтоосон тарифыг мөрдөх нь. Жишээ н,ь 2000 шоо метр хүртэлх багтаамжтай хөдөлгүүртэй авто машин 1500 төгрөгийн агаарын бохирдлын төлбөр төлнө.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ сарын 1-нээс эхлэн 25 хувиар нэмэгдэж 240 мянган төгрөг болсон. Иймд бүх төрлийн торгуулийн доод хэмжээ дээрх хувиар нэмэгдэх юм. Жишээ нь, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу жолооч хамгаалах бүс, хамгаалалтын малгай өмсөөгүй бол 9600 төгрөгөөр торгодог байв. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн тул 12000 төгрөгөөр торгоно. Мөн урьд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөж 384 мянган төгрөгөөр торгож, авто машин жолоодох эрхийг хасдаг байсан билээ. Одоо уг торгуулийн хэмжээ 480 мянган төгрөг болж мөн эрхийг нь хасах юм. Үүнээс гадна техникийн үзлэг хяналтад ороогүй, орсон ч стандарт хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын байцаагч, замын цагдаа нар 96 мянган төгрөгөөр торгодог. Уг торгууль мөн л нэмэгдэж 120 мянган төгрөг боллоо.
Монгол Улсын хэмжээнд 789 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний дийлэнх нь суудлын авто машин. Мөн 20 гаруй хувь нь ачааны, бусад нь автобус, тусгай зориулалтын цистерн, чиргүүл байгаа юм. Авто тээврийн үндэсний төвийн судалгаагаар жилд дунджаар доод тал нь 50 мянган тээврийн хэрэгсэл бүртгүүлж байна.