Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль (ХШУС)-ийн сургалтын мастер Ц.Уянгатөгстэй хэрэглээний шинжлэх ухааны салбарын хөгжил хийгээд эл салбарт суралцаж буй оюутан залуусын сургалтын суурь бааз болсон Оптик, цөмийн физикийн лабораторийн хүчин чадал, хүртээмж, сургалтын онцлог, давуу талын тухай ярилцлаа.
-Юуны өмнө оптик, цөмийн физикийн лаборатори болоод оптик физикийн судлагдахууны тухай товч танилцуулбал?
-ШУТИС-ийн ХШУС-ийн физикийн тэнхимийн түүхийг сөхвөл 1963 онд МУИС-ийн физик-математикийн факультетэд инженерийн мэргэжлийн физик сургалтыг хариуцаж, физик буюу ерөнхий физикийн тэнхим болон байгуулагдаж байсан түүхтэй. Ерөнхийдөө, оптик гэдэг нь харагдах байдал, харах гэсэн утгатай эртний Грекээс гаралтай үг л дээ. Оптик нь физикийн салбар шинжлэх ухаан бөгөөд гол судлагдахуун нь гэрлийн шинж чанар, гэрэл болон материйн харилцан үйлчлэл, үзэгдэх гэрэл, инфра улаан туяа, ультра ягаан туяа зэргийн шинж чанарыг судалдаг. Манай лабораторийн хувьд оптик болон атом цөмийн физикийн үзэгдлүүдийг туршлага дээр шалгаж, онолын мэдлэгийг бататган гүнзгийрүүлэх, оптик багаж хэрэгсэлтэй танилцаж, тэдгээрийг хэрэглэн хэмжилт хийж сурах, физик туршилт бэлтгэх, явуулах, хэмжилтийн үр дүнг боловсруулах арга барил, дадал чадвар эзэмшүүлэх, цацраг идэвхт бодистой ажиллах, хадгалах, хамгаалалт хийх, бүртгэх үйл ажиллагаанд сургадаг. Одоогоор лабораторийн долоон ажилтантай, нэг ээлжинд 20-25 оюутан хичээллэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
-Оптик үзэгдлүүдийг судлахад багаж, тоног төхөөрөмж юу юунаас чухал шүү дээ.Танай лабораторийн хувьд ямар ямар багаж, тоног төхөөрөмжөөр практикийн мэдлэг олгож байна вэ. Оюутан залуус онолын хичээлээ бататгах боломж, хүрэлцээ хэр байдаг бол?
-ШУТИС шинэ системд шилжсэний дараа буюу 2000 оноос оптик, цөмийн физикийн лабораторийг өргөтгөн шинэчилсэн юм. Хуучин Атом физикийн лаборатори, Цөмийн физикийн лаборатори гэж тусдаа байсныг нэгтгэж Оптик, цөмийн физикийн лаборатори болгосон түүхтэй. Ер нь, 2000 оноос өмнө буюу компьютерт суурилсан, электроникийн багажтай болохоос өмнө бид аливаа туршилтын физик процессыг гараар зурж тайлбарладаг байв. Тиймдээ оюутанд бүрэн дүүрэн ойлголт өгөх тухайд учир дутагдалтай байсан бол одоо компьютерт холбогдсон иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нарийн ойлголт өгч, онолын мэдлэгээ практикт туршин бататгах өргөн боломж нээгдсэн. ХШУС-ийн Оптик, цөмийн физикийн лаборатори 2000 онд шинэчлэгдэн байгуулагдаж,багаж төхөөрөмжүүдээ шинэчилж, АНУ-ын “Паско” брэндийн гурав, дөрвөн ч оптик системийг авч ашиглаж эхэлсэн л дээ. Тухайн үед багажуудаа Америкаас авч байсан бол өнгөрсөн жилээс“Паско”-гийн Монгол дахь албан ёсны борлуулагчаас авдаг болсон. Шинэ төхөөрөмж авахаар АНУ руу хандтал танайд манай албан ёсны салбар нээгдсэн, шууд захиалах боломжтой гэх хариу өгсөн юм. Тэгэж л Монголд “Паско”-гийн салбар байдгийг мэдэж, хэрэгцээтэй байсан цацраг идэвхт гамма үүсгүүрийн багажаа авсан даа.
-Тэгэхээр ШУТИС “Паско” брэндийн тоног төхөөрөмжийг сургалтанд ашиглах болсоор 16 жил болж байгаа юм байна. Одоо танай оптикийн лабораторид хэчнээн төрлийн тоног төхөөрөмж ашиглаж байна вэ?
-Одоогийн байдлаар гурван төрлийн багаж ашиглагдаж байна. Бүгд компьютерт холбогдсон учир илүү дэвшилтэт, орчин үеийн технологид тооцогддог. Үүрэг зориулалтын хувьд гамма үүсгүүрээс гадна долгионы уртыг тодорхойлогч багажийг ашиглаж байна. Ер нь, албан ёсны борлуулагчаас нь авдагийн хувьд “Паско”-гийн багажууд илүү найдвартай. Мөн 1960, 1970-аад оны үеийн хуучны оросын багаж, тоног төхөөрөмжүүд ч бий.
-Ер нь манай физикийн шинжлэх ухааны хөгжил, бусад улс орнуудтай харьцуулахад ямар байгаа бол. Мэдээж асар их хөрөнгө оруулалт, орчин үеийн шийдэл бүхий багаж хэрэгсэл, лабораторитой байж гэмээнэ хөгжил нь хурдасна шүү дээ?
-Манай орны хувьд судалгаа хийх орчноор жаахан дутмаг болохоос манай эрдэмтэн судлаачид хаана ч гологдохгүй. Яахав, хийсэн судалгааныхаа үр дүнг илүү сайн нарийвчлалтай болгохын тулд мэдээж багаж, тоног төхөөрөмжүүдээ сайжруулах, шинэчлэх наанадаж хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай л даа. Үүнийг юунаас анзаардаг вэ гэхээр манайхан олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд өгүүллэг нийтлүүлье гэхээр “Танай багаж хэрэгсэл гологдож байна” гэх хариу өгөх нь элбэг. Гэтэл судаачдын хувьд хамгийн эрэлттэй зарим багаж нь 200-300 мянган ам.доллараар хэмжигдэх нь ч бий. Яахав, гадны ганц нэг их дээд сургуульд материал, судалгааны ажлаа явуулах байдлаар лабораторийг нь ашиглах нь бий л дээ. Судалгаандаа нарийн боловсруулалт хийж, үр дүнг нь илүү нарийвчлалтай гаргах боломж олгодог багажууд дутагдалтай байгааг эс тооцвол манайхан хаана ч гологдохгүй.
-“Паско” брэндийн багажууд хүртээмжийн хувьд хэр байдаг бол?
-Нэг ээлжинд 25 хүүхэд лабораторид хичээллэх боломжтой. 25 хүүхдээ багт хувааж нэг багаж дээр 3-4 хүүхэд ногдох байдлаар ажиллуулдаг. Хүртээмжийн хувьд компьютерт холбогдсон болохоор оюутан бүрийн оролцоо эн тэнцүү байж чаддаг. Түүнээс хуучин оросын багажнууд дээр ажиллахад зарим талаар дутагдалтай л даа. Жишээ нь, 3-4 хүүхэд багаар ажиллаж байх үед зарим нь практикийн ажилд оролцох боломжоор хомс байдаг бол “Паско”-гийн багажууд компьютерт холбогдсон гэдэг утгаараа илүү хүртээмжтэй байдаг.
-Цаашид хүрэлцээг нь нэмэх шаардлага байгаа байх. Үүрэг зориулалт, нэр төрлийг нь ч нэмэгдүүлэх?
-Тийм шүү. Оптикийн олон салбар бий шүү дээ. Манай лабораторид хэрэглэгддэггүй ч оптикт ашигладаг янз бүрийн багаж, тоног төхөөрөмж бий. Наанадаж одоо байгаа Оросын хуучин багажуудаа шинэчлэн сайжруулах шаардлагатай байна. Олон улсын практикийг харахад хэрэглээний шинжлэх ухааны боловсрол олгох системдээ компьютерт холбогдсон, орчин үеийн технологийн шийдлүүдийг цаг алдалгүй нутагшуулсаар байна. 1990 оноос өмнөх үеийн багажууд гараар хийх ажил ихтэй байсан бол 2000 оноос хойш компьютерт холбогдож, электроник системд шилжсэн нь олон талын давуу талтай болгосон. Тэр хэрээр шинжлэх ухааны салбар ч үсрэнгүй хөгжиж байна шүү дээ.
-Танай лабораторид мэргэжлийн ангиудаас гадна бусад тэнхимийн оюутнууд хамрагддаг байх. Нэг хичээлийн жилд дунджаар хэчнээн хүүхэд Оптик, цөмийн физикийн лабораторид хичээллэдэг вэ?
-Яг Физикийн тэнхимд харьяалагддаг нь мэргэжлийн ангийн оюутнууд байна. Дээд боловсролын суурь хичээлүүдийг инженерийн ангийн бүх оюутан үздэг л дээ. Түүнээс менежмент, хэлний анги гэх мэт бусад оюутнуудын хувьд сонгон суралцах хичээлийн тоонд багтдаг. Ер нь, тухайн жилийн элсэлтээс хамаарч жилд 2000-3000 оюутан манай лабораторид хичээллэдэг. Яг инженерийн суурь хичээлийн лаборатори гэвэл физик-1, физик-2 гээд хоёр лабораторитой.
-Лабораторийн тоног төхөөрөмжөө цогцоор нь шинэчлэх, шаардлагатай багажуудаа авахад хэдий хэр төсөв хөрөнгө шаардагдаж байна вэ?
-Багш нар хооронд ярилцаж байгаад сургалтын программтайгаа уялдуулж ийм лаборатори бий болгоё гээд төсөл бичдэг л дээ. Улмаар эхний ээлжинд сургуульдаа төслөө танилцуулж дэмжигдвэл цаашлаад яамнаас төсөв хөрөнгийг нь баталж өгдөг юм. Сүүлд цахилгааны лабораторийн төслөөр мөн л “Паско”-гийн багажуудыг компьютертай нь авсан. Яг манай лабораторийн хувьд нарийн хэлж мэдэхгүй байна.
-Танай тэнхимийн оюутнууд гадаадад мэргэжил дээшлүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж хэр байдаг вэ?
-Манай сургуулийн зүгээс олон улсын томоохон их, дээд сургуулиудтай хамтын харилцаатай хамтран ажиллаж байна. Эрдэмтэн, судлаачдаас гадна гадны их сургуулиудын лабораторид ажиллаж, доктор хамгаалдаг нь ч бий. Хамтарч ажилладаг сургуулиуд маань 2+2, 2+3 гэхчлэн өөр өөрийн хөтөлбөртэй байдаг.Эхний хоёр жилээ энд сураад дараагийн хоёр юм уу гурван жилийг хамтран ажилладаг сургуульдаа сурч, мэргэших боломжтой. Ингэснээр баклавр, магистр, докторын чиглэлээр хоёр дипломтой төгсөх боломж олдож байгаа хэрэг.
-Шинжлэх ухааны салбарын хүний тань хувьд сонирхон асуухад сүүлийн 20 гаруй жил төр засгаас энэ салбарт төдийлэн ач холбогдол өгөхгүй, орхигдуулах болсон нь нууц биш. Магадгүй танай лабораторид ч юм уу үнэхээр мэргэжилдээ дурлан сонгосон, дараагийн Эйнштейн ч байж болохыг үгүйсгэхгүй. Гэтэл салбарын хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлт муугаас тухайн оюутны гаргаж болох амжилтад нөлөөлж, авьяас чадвар нь зэвэрч байгаа гэх нь бий?
-Тийм шүү. Үнэнийг хэлэхэд яг өнөөгийн нөхцөлд оюутан аль болох гадны тэтгэлэг авахыг эрмэлздэг болж. Өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх цаашид хөгжих ёстой учир энэ нь ч зөв. Манайхнаас Харвард гэхчлэн гадны томоохон их сургуульд сурч төгссөн хүн цөөнгүй шүү дээ. Гэхдээ гадаадын хэчнээн сайн сургуульд сурч мэргэжил, боловсролоо дээшлүүллээ ч үр өгөөжийг нь эх орондоо үлдээдэг, мэргэжил нэгтнүүддээ сурч мэдсэнээ түгээдэг, хуваалцдаг байх нь энэ салбарт хийж буй том хөрөнгө оруулалт юм даа. Харамсалтай нь, яг өнөөдрийн байдлаар манай салбарын хөгжилд төр төдийлэн анхаарахгүй байна даа. Угтаа, оптик, цөмийн физик хэрэглээ талаасаа илүү хөгжсөн гэж болно. Физикийн үзэгдлүүдээ тайлбарлахад хэрэглээтэй нь холбох байдлаар оюутанд ойлголт өгдгөөрөө давуутай. Ер нь, үйлдвэрлэл рүү чиглэдгээрээ онцлогтой, түгээмэл дэлгэрсэн гэж болно. Онолын физикээс ч юм уу ялгаатай тал нь энэ. Ер нь, физикийн салбар бүгд хоорондоо уялдаатай, хамааралтай байдаг утгаараа зөвхөн оптикоос гадна бусад салбарт ч оролцоо өндөртэй.