70 гаруй жилийн хөгжлийн түүхийг өөртөө агуулсан соёл урлагийн томоохон салбарын нэг бол цирк. 2007 оноос эхлэн хувийн өмчит, анхны урлаг соёлын байгууллага болж “Монголын Үндэсний Цирк” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй билээ. Дотоодын болон олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль, цом хүртэж буй монгол циркчдийн нэр, авьяас, ур чадвар дэлхийд гайхагдсаар, дуурсагдсаар байгаа. Энэ жил олз омог ихтэй байсан циркийнхэн маань шилдгийн шилдгүүдээ шалгаруулсан байна. Тухайлбал, Монголын циркийн холбооны “Алтан гадас Од” анхны шагналыг Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу хүртжээ. Харин шилдэг акробат үсрэлтийн төрөлд Б.Золбаясгалан ахлагчтай жүжигчид шалгарсан бол шилдэг акробат тэнцвэрийн төрөлд жүжигчин Х.Сарнай шилдгийн шилдэг болсон байна. Агаарын гимнастикийн төрөлд жүжигчин М.Мөнхтуул, М.Мөнхтулга, шилдэг жонглёрын төрөлд Б.Идэр, алиалагчийн төрөлд Б.Баасанжаргал, уран нугаралтын төрөлд А.Уранбилэг нар шалгарчээ. Мөн өсөх ирээдүйтэй залуу жүжигчнээр Г.Энхболд, шилдэг эрэгтэй жүжигчнээр Д.Энхбаатар, эмэгтэй жүжигчнээр Б.Үржиндулам нар шалгарсан бол шилдэг уран бүтээлийн хамтлагаар А.Энхтөр ахлагчтай жүжигчид шалгарчээ.