Б.БИЛГҮҮН
Монгол Улс 1932.1 км урт төмөр замтай. Үүний 1815 км-ийг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, 33.4 км-ийг “Монголын төмөр зам” төрийн өмчит компани, 83.7 км төмөр замыг хувийн хэвшлийн “Болд төмөр ерөө гол” компани эзэмшдэг.
МАН засаглаж, Сү.Батболд Засгийн газрыг толгойлж байх үеэс буюу 2010 оноос төмөр замын одоогийн бүтцийг өргөжүүлэх асуудал яригдаж, хэд, хэдэн чиглэлд төмөр зам барих шаардлагатай гэж үзсэн ч өнөө хэр төмөр замын төслүүд урагшилсангүй. АН засагласан 2012-2016 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил эхэлсэн ч 42 сая ам.доллар шамшигдуулсан гэх хэрэг гарснаар энэ төсөл зогссон билээ. Өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй ялж, дангаараа Засгийн газраа бүрдүүлсэн МАН-ынхан эхний ээлжид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг үргэлжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдсэн ч Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах компанид төмөр замын төслийг хамтад нь өгнө гэсэн байр сууринаас нь үзвэл, цаашид Хөгжлийн банкнаас төмөр замд санхүүжилт хийхгүй болоод байна. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллээр 2017 оны дөрөвдүгээр сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлж, 2018 оны аравдугаар сард дуусгах төлөвлөгөө бий.
Өнөөдрийн байдлаар дараах төслүүд хэрэгжиж байгаа.
1. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км
2. Эрдэнэт-Овоот чиглэлийн 550 км
3. Төмөртэйн 33.4 км
4. Зүүнбаян-Ханги чиглэлийн 280 км
1. Тавантолгой-Гашуунсухайт – 51.8 хувь, 197.3 сая ам.доллар
“Шинэ төмөр зам” төслөөр Тавантолгой-Сайншандын 468 км, Сайншанд-Хөөтийн 450 км, Хөөт-Чойбалсан чиглэлийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км, Чойбалсан-Эрээнцавын 210 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 төмөр замын ажил хийгдэх ёстой. Эхний ээлжид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж, нүүрсний үнийг өсгөх бодлого барьж байгаа бөгөөд энэ чиглэлийн замын ажлыг гүйцэтгэхэд 200 сая ам.доллар шаардлагатай гэж үзсэн юм. Өнөөдрийн байдлаар 197.3 сая ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулан гаргаад байна.
“Монголын төмөр зам” төрийн өмчит компани “Энержи ресурс рейл” компаниас төслийг 2012 оны аравдугаар сард хүлээн авах үед газар шорооны ажил 12 хувийн гүйцэтгэлтэй бусад ажил нь эхлээгүй байсан юм. Харин “Монголын төмөр зам” өнөөдрийн байдлаар газар шорооны ажлын 86.6, гүүрийн ажлын 52.8, ус зайлуулах байгууламжийн 52, чигжээс буюу балалст үйлдвэрлэлт тус, тус 35 хувийн гүйцэтгэлтэй, нийт ажлын 51.8 хувийг гүйцэтгэжээ.
Харин Тавантолгой-Сайншанд, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичиг чиглэлийн төмөр замын газар, шорооны ажил эхлээгүй бөгөөд судалгааны ажилд 22.5 сая ам.долларын эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн байна. Энэ мөнгийг геодизи, геологи, архелоги, палентлоги, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, техникийн зураг төсөл боловсруулах ажлыг 100 хувь хийж дуусгахад зарцуулжээ.
2. Эрдэнэт-Овоот, санхүүжилт шийдээгүй, барилгын ажил эхлээгүй
Энэ чиглэлийн 550 км төмөр замын ажлыг гүйцэтгэхэд 1.3 тэрбум ам.доллар шаардлагатай. Зам тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр “Концесс эзэмшигч “Нортерн рейлвейс” компани нь барилгын ажилд шаардлагатай 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгохоор Олон улсын банк, санхүүгийн байгууллагатай гэрээ хэлэлцээр хийж, барилгын ажлыг 2017 оны хоёрдугаар улиралд эхлүүлэхээр ажиллаж байгаа” гэнэ.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын чиг нь “Эгийн голын усан цахилгаан станц”-ын төслийн авто замын чиг болон цахилгаан дамжуулах агаарын шугамын чигтэй давхцсан байна. Гэхдээ төмөр замын чигийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээгүй байгаа аж.
Уг давхацлыг шийдвэрлэхээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж төсөл хэрэгжүүлэгч “Нортерн рейлвейс” компани нь давхцсан хэсгийн төмөр замын чигийг өөр чиглэлээр гаргахаар зураг төслийг боловсруулж байгаа гэлээ.
3.Төмөртэйн төмөр замыг төр авсан
33.4 км урт төмөр замын ажилд 116 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарч, энэ төмөр замын ажил дууссан. “Болд төмөр Ерөө гол” компанийн Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай чиглэлийн 33.4 км төмөр замын барилгын ажлыг 2013-2015 оны хооронд концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концесс эзэмшигч “Кью Эс Си” компани барьж дуусгасан юм.
Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолоор концессын төрлийг барих-шилжүүлэх болгож төрийн өмчид шилжүүлж, операторын ажлыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компани гүйцэтгэж байна.
4. Зүүнбаян-Ханги чиглэлийн төслийг боловсруулж байна
280 км урт төмөр замын ажилд нэг тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Одоогоор энэ чиглэлийн төмөр замын шинэ шугамын царигийн өргөн, хэмжээг тооцоогүй бөгөөд УИХ-аар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл, үзэл баримтлалыг боловсруулж байгаа гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна. Энэ чиглэлийн төмөр зам баригдсанаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы аж үйлдвэрийн төв болох Бугат хот руу нийлүүлэх Монгол Улсын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бараа эргэлт, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортын нэгжээс олох орлого нэмэгдэж, өртөг зардал буурснаар Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах шинэ чиглэлийн төмөр зам болох юм.
“Улаанбаатар төмөр зам”-ын өнөөгийн нөхцөл байдал
Хоёр улсын Засгийн газрын дэмжлэг, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны шийдвэрээр хамгийн сүүлд 2012 онд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүгээр гол замын 34 зүтгүүр, сэлгээний 11 зүтгүүр, зорчигчийн 15 вагон, рейлбус, зам хэмжигч вагон, сэв шалгагч вагоныг нийт 177.9 сая ам.доллараар худалдаж авсан байна. Харин үлдэгдэл 72.1 сая ам.долларыг гол замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системийг шинэчлэх болон зам засварын машин худалдан авахад зарцуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгжих шатандаа явж байгаа аж.
Монгол Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан 2015 оны тайлангаар тус нийгэмлэг нь улсын нийт ачаа эргэлтийн 78.4 хувь, зорчигч эргэлтийн 24.5 хувийг дангаараа гүйцэтгэсэн байна. Харин 2016 оны эхний хагас жилийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь нийт 58 салбар нэгжийн 14645 ажиллагсадтайгаар 9.2 сая тонн ачаа, 1.3 сая зорчигч тээвэрлэжээ.
Тус байгууллагын нийт ажиллагчдын 64.4 хувь буюу 9439 хүн тээврийн салбарт, 23.9 буюу 3504 хүн туслах үйлдвэрийн салбарт, 11.7 буюу 1702 хүн нийгмийн чиглэлийн байгууллагуудад тус тус ажиллаж байгаа юм байна. Нийт зардлын 65.7 хувь буюу 173.7 тэрбум төгрөгийг тээврийн салбарт, 15.1 буюу 39.9 тэрбум төгрөгийг туслах үйлдвэрийн салбарт 18.6 буюу 32.3 тэрбум төгрөгийг нийгмийн салбарт тус тус зарцуулжээ.
Алдагдал
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь дотоодын нүүрс тээвэрт 25.3 тэрбум төгрөгийн зардал гаргаж 18.5 тэрбум төгрөгийн орлого олж 6.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Мөн орон нутгийн харилцаанд 0.5 сая тонн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж 3.1 тэрбум төгрөг, эхний хагас жилд 1.3 сая зорчигч тээвэрлэж 7.5 тэрбум төгрөгийн алдагдал гарсны 6.9 тэрбум төгрөгийг дотоодын зорчигч тээврээс, 0.6 тэрбум нь олон улсын зорчигч тээврээс үүссэн алдагдал байжээ.