Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Эрдэнэбат: Засгийн газар хямралын эсрэг гал унтраах л арга хэмжээ авч байна

-Дэлхийн зах зээл, Хятадын эрэлтээс хамаардаг салбарт Монголынхоо хувь заяаг даатгах нь буруу-

Т.ЖАНЦАН

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, судлаач Б.Эрдэнэбаттай Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хямралаас гарах боломжийн талаар ярилцлаа.

-Манай улс эдийн засгийн хямралаас ойрын хугацаанд гарах гарц, боломж хэр ойрхон харагдаж байна вэ, судлаач хүнд?
-Хямралаас гарах боломж бол бий. Жишээ нь, эдийн засгийн богино, урт хугацааны арга хэрэгслүүдийг ярьж болно. Эдийн засгийн хүндрэл дөнгөж саяхан үүссэн зүйл биш. 2013 онд л төгрөгийн ханш унаж, гадаадын хөрөнгө оруулалт татраад эдийн засаг хүндэрч эхэлсэн. Гэтэл манай улсын Засгийн газрын явуулж байгаа бодлого нь богино хугацааны гал унтраах арга хэмжээ авахад л чиглэж байлаа. Өнөөдөр ажилгүйдэл 10.4 хувьд хүрсэн. Энэ бол 2009 оны хямралаар хүрч байсан төвшин.
Дээр нь эдийн өсөлт чамлалттай байна. 2016 оны эхний хагас жилд 1.4 хувиар л өссөн дүн бий. Гэтэл эдийн засгийн онцлог, байгаль газар зүйн байршилтай холбоотойгоор гурав, дөрөвдүгээр улиралд манай улсад төдийлэн өсөлт ажиглагддаггүй. Миний бодлоор энэ жил эдийн засгийн өсөлт дээрх хэмжээнээс хэтрэхгүй. Эдийн засгийн өсөлтөө хүн амтайгаа харьцуулбал доогуур гэсэн үг. Иймд нэг хүн ногдох эдийн засгийн өсөлт  гэх ойлголт үндсэндээ алга боллоо. ДНБ-ий өсөлт гэдэг нь эдийн засгийн  маш олон салбарыг хамарсан үзүүлэлт юм.

Тэгэхээр эдийн засгийн зарим салбар огцом агшсан байна. Өмнө нь инфляц өндөр тоотой байсан. Одоо сөрөг утга руу орлоо. Үүнийг дефляц гэж нэрлэдэг. Хүсэх зүйл биш. Дэлхийн улс орнуудын зөв туршлага бол инфляцыг эерэг, гэхдээ нам дор төвшинд тогтвортой барих зорилготой байдаг. Жишээлбэл, АНУ инфляцыг гурван хувьд барих зорилт тавьдаг. Англи 2.5 хувьтай байдаг юм. Инфляцыг энэ төвшнөөсөө дээш гаргахгүй, бас доош оруулахгүй барих бодлого баримталдаг. Дефляц болохоор бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Иргэд худалдан авалтаа багасгана. Нэг ёсондоо үнийг улам буурахыг хүлээнэ гэсэн үг. Бараа нь зарагдахгүй тул бизнест хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Иргэдийн хувийн хэрэглээ, бизнесийн хөрөнгө оруулалт бол эдийн засгийн дөрвөн хөдөлгүүрийн хоёр нь. Харин экспорт, Засгийн газрын хэрэглээ  нь гурав, дөрөв дэх хөдөлгүүр нь. Үнэндээ хувийн хэвшил агшиж байгаа тул төсөвт орох татварын орлого хумигдлаа. Дагаад Засгийн газрын хэрэглээ, хөрөнгө оруулалт ч буурсан. Экспортын бүтээгдэхүүний үнэ ч буурах талдаа байна. Тэгэхээр эдийн засгийн дөрвөн хөдөлгүүр бүгд жигд ажиллахгүй учраас бүхэлдээ хүнд байдалд орж байгаа юм. Аливаа шийдэл гаргахад үүссэн нөхцөл байдлаа таньж мэдэхээс эхэлдэг. Иймд бид эдийн засгаа эрэлт, нийлүүлэлт гэж  харах ёстой. Үүнийг зарим хүмүүс ойлгохгүй байгаа нь харамсалтай. Зөвхөн эрэлт талаа яриад байж таарахгүй. Нийлүүлэлт талаа хэрхэн сайжруулах вэ гэдгийг бодох цаг болсон.

-Тэгвэл нийлүүлэлтээ сайжруулахын тулд яах ёстой вэ?
-Эдийн засгийн урт хугацааны чадавхийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийг нийлүүлэлт тал гэдэг. Жишээ нь капитал, хөдөлмөр, газар орно. Газар гэдэгт уул уурхайн лицензүүд, түүний үнэ багтана. Хөдөлмөрт ажиллах хүчний чанар, олдоц, бүтээмж багтдаг. Капитал нь санхүүгийн болон биет гэсэн хоёр янз. Гэтэл зээлийн хүү одоо 20 хувийг давлаа. Ломбард, цалингийн зээлийн хүү илүү өндөр боллоо. Иймд капиталын олдоц, үнэ ч асар өндөр болж байна. Монголчууд бид өнөөдөр даяарчлагдсан ертөнцөд амьдарч байна.  Бид бусад оронтой өрсөлдөхүйц байх ёстой. Тэгэхээр нийлүүлэлт талын хүчин зүйл сайн байж л бусадтай өрсөлдөж чадна. Жишээ нь, манай компаниуд хэт өндөр хүүтэй зээл авч бусадтай өрсөлдөж чадахгүй. Гэтэл манай төр засаг түр зуурын гал унтраах төдий л арга хэмжээ авч байна. Үндсэндээ эрэлт талын бодлогыг хэрэгжүүлээд байгаа юм. Нийлүүлэлт талын бодлогын үр өгөөж өнөө маргаашдаа шууд мэдрэгдэхгүй. Урт хугацаанд өгөөжөө өгдөг ч эдийн засгийг хямралаас гаргах суурь нөхцөл нь болдог.

-Та төр засаг гал унтраах л арга хэмжээ авч байна гэж давтан давтан хэллээ. Галыг түр зуур унтраагаад, цогтой нь орхиод байна гэж хэлээд байна уу?
-Галыг унтраагаад үр дүн гарна гэхээс илүүтэйгээр зарим тохиолдолд хүсч байсан зүйлээ бүр холдуулаад байна. Жишээ нь, хямралын үед эдийн засгаа тэтгэх бодлого хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь, ийм бодлого алга. Боломж нөхцөл нь ч хязгаарлагдмал болсон. Уг нь өдийд олон улсын болон дотоодын санхүүгийн зах зээлд Засгийн газрын бонд гаргах, төсвийн хөрөнгө оруулалт хийж байх учиртай. Гол нь манайхны бодлого хэрэгжүүлэх дараалал нь буруу байгаа гэж хардаг. Эдийн засаг унаж байхад Засгийн газар ханцуй шамлаад ороод ирэхгүй холын зай барьдаг. Хэт халсан үед   улстөрчид бидэнд мөнгө байна гээд зардал нэмсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлдэг. Ингээд эдийн засгаа улам халаах бодлого л баримталж ирсэн. Уг нь, эдийн засаг унасан үед Засгийн газар тэр орон зайг нь нөхөж байх учиртай. Мөнгөний бодлого ч бас адил. Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ. Үүнийгээ валютын ханштай тэмцэх гэж хэмээн тайлбарласан. Гэвч зээлийн хүү өсөхөд ч нөлөөлнө. Зээлийн хүү өсөхөд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, иргэдийн худалдан авалт хумигдана. Миний бодлоор Монголбанк валютын ханшинд  ингэж өндөр ач холбогдол өгсөн нь ойлгомжгүй, буруу зүйл гэж бодож байна.  

-Тэгэхээр улсын төсөв, мөнгөний бодлого оновчгүй байна гэсэн үг үү?
-Тийм. Төсвийн орлогыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлж байна. Орлого гэдэг чинь орж ирээгүй зүйлийг ярьж байгаа юм. Зардал бол тодорхой. Тухайлбал, хэдэн хүнд хэдий хэмжээний тэтгэвэр, сургууль, цэцэрлэгийн хэдэн багшид ямар цалин өгөх зэргийг тооцож болно. Өөрөөр хэлбэл, тодорхой бус орлогыг тодорхой болгож, тооцоо хийгээд байгаа юм. Мэргэжлийн байгууллагын хийгээд өгсөн төсвийн тооцоог шийдвэр гаргагчид өөрчилж, өөрсдийн зардлаа нэмэх зорилгоор дарамт шахалт үзүүлэх нь их. Уг нь үүнийг л зогсоох ёстой.

-УИХ-ын намрын чуулган удахгүй эхэлнэ. Ингээд ирэх оны төсвийг хэлэлцэх учиртай. ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас Монгол Улс  нь улсын төсөв, Хөгжлийн банк, төрийн өмчит компаниуд гээд тус тусдаа  мөнгө зардаг олон төсөвтэй байна. Үүнийг нэгтгэн тооцож байх ёстой гэсэн зөвлөгөө өгч ирсэн. Гэвч ойшоож үзсэн Засгийн газар байхгүй юм шиг санагддаг. Энэ талаар та эдийн засагч хүний хувьд ямар бодолтой байна вэ?
-Нэгтгэх ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталснаас хойш гаргасан хамгийн том алдаа бол улсын нэгдсэн төсвийг задлаад олон дэд төсөвтэй болсон. Урд нь Засгийн газрын алдагдал, улсын өр ДНБ-д эзлэх дээд хязгаартай байсан. Гэтэл эдгээрээс зайлсхийх зорилгоор төрийн өмчийн компаниуд, Хөгжлийн банкны санхүүжилт гээд улсын төсвөөс тусдаа төсөвтэй болчихсон. Эдгээр байгууллагууд нь орлогогүй ч Монгол Улсын Засгийн газрын баталгаатай бонд болон санхүүгийн бусад хэрэгслээр санхүүждэг. Зардал нь улсын төсөвт бүртгэгдэхгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нөхцөл байдалд уялдаагүй хэт их санхүүжилт хийсэн төсвөөс гадуурхи эх үүсвэр юм. Үүнийг нэг дансанд оруулах зайлшгүй шаардлага бий.

-Таван толгой, Оюутолгой гээд уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралаас гарна гэсэн байр суурь, яриа бий. Уул уурхайн томоохон төслүүд өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг аварч чадах болов уу?
-Монголчууд бид яг л уул уурхайд донтсон хүмүүс шиг болчихлоо. Эдийн засгийн өсөлт, хүн амын хөгжил, сайн сайхны талаар ярих бүрт л Таван толгой, уул уурхай гээд яриад эхэлдэг. Дэлхийд уул уурхайгаар хөгжилд хүрсэн улс маш ховор. Бид байгалийн баялгийн хараал гэж ярьдаг. Африк, Латин Америкийн орнуудыг хар. Газрын баялаг уул уурхайдаа тулгуурлан хөгжсөн нь харагдахгүй л байна. Тэгэхээр энэ талаар бага яриад өөр төрлийн хөрөнгө оруулалтад анхаарах ёстой. Тухайлбал, хүмүүн капитал, оюуны болон аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт зэргийг ярих учиртай. Түүнээс биш бүх зүйл нь дэлхийн зах зээл, тэр дундаа Хятадын эрэлтээс хамаардаг салбарт Монголынхоо хувь заяаг даатгах нь буруу. Мэдээж энэ салбараас  асар их хэмжээний мөнгө олдог. Үүндээ дөрөөлж лиценз эзэмшдэг бусад сонирхлын бүлгүүд ард түмний тархийг угаагаад түүхий эдээ зарж, мөнгө олох гэж байгааг ойлгож байна.  Гэвч энэ бол Монгол Улсын урт хугацааны эрх ашигт нийцтэй зүйл биш гэдгийг бид бас ойлгох ёстой.

-Манай улстай адил уул уурхай голлосон эдийн засагтай орнууд хямралын үед төсөв, мөнгөний ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Түүхий эдийн  үнэ өндөр байх үед маш их хадгаламжтай болсон. Одоо энэ хямралын үед түүнийгээ хэрэглэж байгаа. Манай улс бас хадгаламж хийх ёстой байсан. Нэг тонн цэвэр зэсийн үнэ 8000 ам.доллараас дээш гарсан үед хадгаламж гэж цааш хийсэн зүйл нэг ч үгүй.  Гэтэл үр ашигтай зарцуулсан бол өнөөдөр ийм нөхцөл байдалтай сууж байхгүй. Харамсалтай нь, үр ашиггүй зарцуулсан, оффшор данс руу их алдсан. Үнэндээ гайгүй удирдлагатай, сайн засаглалтай улс өнөөдөр хуримтлалын сангаасаа хэрэглэж байна.

-Монголын эдийн засагт дефляц үүсэхэд тун ойрхон байна. Наймдугаар сард мах, ногооны худалдаанд дефляц үүслээ. Энэ байдал цаашид яах бол?
-Монгол Улсын зээлийн үлдэгдлийн статистикийг аваад үзвэл хэдхэн жилийн өмнөхөөс асар том өөрчлөлт гарч байна. Энэ бол иргэдийн зээл. Үүнд, орон сууцны, тэтгэврийн, цалингийн, ломбардны гэх мэт зээл орно. Тэгэхээр өрхийн зардалд эзэлж байгаа зээлийн хэмжээ нийт зээлийн үлдэгдэлд хамгийн том бүлэг боллоо. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын олгож буй зээлийн дийлэнхийг аж ахуйн нэгжүүд биш өрхийн хэрэглээний зээл эзэлж байна. Орон сууцны зээл өрхийн маш том зардал болсон. Иймд иргэд эдийн засаг тогтворгүй, ажлын байр нь тодорхой бус болоод ирэхэд аль болох орон сууцаа авч үлдэхийг хүснэ. Бусад төрлийн хэрэглээгээ танаж байгаа. Инфляцыг хэрэглээний үнийн индекст тулгуурлан тооцдог. Ингээд хэрэглээний сагсанд байдаг мах, хүнсний ногооны үнэ өсөх боломж хязгаарлагдсан. Ган, зуд гээд гэнэтийн гамшиг тохиолдохгүй бол нийлүүлэлт тасрахгүй. Махыг тусад нь аваад үзвэл малын тоо толгой сүүлийн 100 жилд байгаагүй өссөн. Тэгэхээр нэг хүн ногдох малын тоо толгой олширч махны нийлүүлэлт буурах дүр зураг ажиглагдахгүй байгаа юм. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд монголчууд тахианы мах хүнсэндээ их хэрэглэдэг болсон. Малын махтай харьцуулбал харьцангуй хямд. Малын махны үнэ өсвөл орлогын дарамтад байгаа иргэд тахиаг сонгоно. Тэгэхээр махнаас үүдэлтэй дефляц үүсэх нь гайгүй байх.

-Улсын төсөв бүрдэхгүй байна. Засгийн газар татвар нэмэх гэж оролдоод бүтсэнгүй. Татвар нэмэх ёстой, ёсгүй гээд бөөн маргаан өрнөсөн. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Төсвийн орлогын бүр­дүүлэл­тэд тансаг хэрэглээний татвар орж ирэх байсан. Харамсалтай нь, УИХ-аар батлагдсангүй. Уг нь энэ татварт хүн амын маш цөөн хэсэг нь өртөх байв. Тэгэхээр жирийн иргэдийн төлөөлөл УИХ-д орж чадаагүйн нэг  илрэл гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, их мөнгөтэй хамгийн баян хүмүүс УИХ-ын гишүүн болдог. Тэд өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд хууль тогтоомжинд нөлөөлөх нөхцөл байдал үүсчихсэн. Тансаг хэрэглээний татвар бол тэдэнд хамгийн их хамаатай зүйл юм. Монголын жирийн ард иргэдэд нэг их хамаатай татвар биш байв.  Тухайлбал, орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч доод босго тогтоож татвар ногдуулах байсан.  Уг нь, ийм татварууд нь зөв зүйтэй асуудал юм. Монголчууд бид маш их үргүй зардал гаргадаг болж.
Жишээ нь, хүүхдийн боловсролыг аваад үзье. Хүн амын чамгүй хэсэг нь өнөөдөр хувийн сургуульд хүүхдээ сургаж асар их хэмжээний үргүй зардал гаргаж байна.  Уг нь, дунд сургуульд уншиж бичих, хэдэн тоо нэмж хасч сурахад  их хэмжээний мөнгө зарах шаардлага байхгүй.  Монгол Улсын Засгийн газраас бага, дунд боловсролыг үнэгүй олгоно гээд хуульчилсан. Тэгэхээр бид тансаг хэрэглээнд шунах, бусдыг даган дууриах явдлаа эргэн харж бодох хэрэгтэй. Мөн гадагшаа явж сурч байгаа хүүхдүүдийн зардал байна. Тэдний эдийн засагт үзүүлж байгаа нөлөө ихэссэн. Сурахаар явахдаа төлбөрөө аваад явдаг. Энэ төгрөгийн ханшийн уналтад том дарамт болдог. Гадаадад сураад ирсэн дийлэнх оюутнууд МУИС төгссөн оюутнаас илүү мэдлэгтэй байж чаддаггүй.  Хамгийн гол нь гадаадын зүйл, илүү үнэтэй нь сайн гэсэн ойлголт хүмүүст суучихаж. Эдгээр зүйлээс эхлээд бидэнд засах зүйл их байна. Алдаагаа засч чадвал эдийн засагтаа дэмжлэгтэй хөрөнгө оруулалт хийж эхэлнэ.

-Ирэх жилүүдэд их хэмжээний өр төлнө. Энэ өрийн дарамт Монгол Улсыг дампуурлаа зарлахад хүргэх нь гэж байгаа. Үнэхээр дампуурлаа зарлах аюулд орсон уу?
-Энэ асуудлаар урд нь би ярьж бичсэн. Бусад эдийн засагч, судлаачид бас хэлж байлаа.  Одоо бүх зүйл биелсэн үед ярих хэрэг байна уу. Харамсалтай нь, алсыг харсан, эрдэмтэн судлаачдаа сонсдог төр засаг Монголд байхгүйг бүгд харж мэдэрсэн.  Төр засагт ямар ашиг сонирхолтой хүмүүс гарч ирж байгааг бид бүгд харж мэддэг боллоо. Өнөөдөр Монгол Улсад дампуурлаа зарлах эсвэл дахиж зээл тавьж өрөө төлөх л сонголт үлдсэн. Тэгэхээр хоёр дахь сонголт нь арай дээр. Засгийн газар Олон улсын валютын сантай яриад эхэлсэн байх гэж ойлгож байгаа. Мөн Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газар, Дэлхийн банк бидний уламжлалт зээлдэгчид бий. Тэд тодорхой хэмжээний санхүүжилт үүсгэж, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газарт итгээд зээл өгөх гарц байгаа. Одоохондоо хамгийн эерэг боломжит хувилбар бол энэ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан