Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван аймаг зөөврийн утасгүй оношилгооны багаж тоног төхөөрөмжтэй боллоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын  сайд С.Ламбаа Архангай, Завхан аймгийн алслагдсан сумдад ажиллах үеэрээ Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн, эмч, ажилчид болон Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзсан байна.

Тус эмнэлгийн хувьд Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 360 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн цусны төвийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Одоогийн байдлаар үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд цус цусан бүтээгдэхүүнийг бүрэн нөөцөлж чадаж буй гэнэ. Харин аймгийн Халдварт Сүрьеэгийн эмнэлгийн барилгад засварын ажил хийгдэх зайлшгүй шаардлага тулгарсныг удирдлагууд нь салбарын сайддаа уламжилсан байна.

Энэ үеэр мөн Архангай аймагт "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах аргачлал, Эрүүл мэндийн анхан шатны түвшинд халдварт бус өвчний эрт илрүүлтэд ашиглагдах зөөврийн тоног төхөөрөмж ашиглалт" сэдэвт сургалт зохион байгуулагджээ. Сургалтын үеэр  Архангай, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Булган гэсэн таван аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга,эмч, бага эмч,сувилагч нарт орчин үеийн дэвшилтэд зөөврийн утасгүй оношилгооны багаж тоног төхөөрөмж гардуулж өгсөн байна.

Дээрх багцад ухаалаг утас таблет дэмжиж ажилладаг утасгүй  DigiO2 зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, электрод дамжуулагч цавуулаг гидрогел, зөөврийн ЭХО сканнер, Omron 10 загварын цусны даралт хэмжигч, Samsung Galaxy A 9,7 Таблет, зөөврийн зориулалтын цүнх багтжээ.

Энэ онд Эрүүл мэнд, спортын яам нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, "Пилл ин Нийд" гэх Чех улсын ОУ-ын байгуулага болон Каритас ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр "Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах" төслөө 12 аймаг, гурван дүүргийн сум, өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлсэн байна.

Энэ төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллагсдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах, зөөврийн холбогч утас шаардлагагүй эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглах үр дүнг үнэлэх, халдварт бус өвчний сэргийлэлт, хяналтын талаар мэдлэг болон улсын хэмжээнд алслагдсан хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн оношилгооны цахим мэдээллийн санг бүрдүүлэх боломж бүрдэж буй юм.

Сайдын томилолт Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн,эмч,ажилчид болон Эрүүл мэндийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсанаар үргэлжилсэн байна. Түүнчлэн тус аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж эмч ажилтнуудын санал сэтгэгдлийг сонсчээ. Энэ үеэр Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан эмч,сувилагч,ажилтнуудыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт цол тэмдэг,Эрүүл мэндийн яамны хүндэт Жуух бичгээр шагнан урамшуулжээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан