Энэтхэгийн Ерөнхий сайд Шри Нарендра Модигийн 2015 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн анхны айлчлалаар 2000 гаруй жилийн турш соёлын харилцаатай явсаар ирсэн Энэтхэг, Монгол Улс хоорондын харилцаа шинэ түвшинд гарсныг тодорхойлсон. Шри Нарендра Модигийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа ‘Стратегийн түншлэл’-ийн түвшинд хүрсэн билээ. Найрсаг харилцаатай явж ирсэн хоёр орны цаашдын чиг хандлага, зорилт зорилгуудыг шинэ түвшинд гаргаж өгсөн. Айлчлалын үеэр улс төр ба аюулгүй байдлын түншлэл, батлан хамгаалал ба аюулгүй байдлын хамтын ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон шинжлэх ухаан, урлаг соёл, ард иргэд хоорондын харилцаа гэх мэт харилцааны бүхий л салбарыг хамруулан хэлэлцсэн. Айлчлалын үеэр нийт 13 баримт бичигт гарын үсэг зурсан нь олон салбарт хамтын ажиллагааг сайжруулах үндэс суурь болоод байна.
Ерөнхий сайд Шри Модигийн айлчлалын үеэр хоёр орны хувьд цаашид хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн хамтын ажиллагаанд өмнө нь судлагдаагүй асар их нөөц боломж байгаа нь ажиглагдсан. Хоёр Ерөнхий сайд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай, эрх тэгш харилцааг хөгжүүлэхийг зөвшөөрсөн нь тэнцвэртэй мөн тогтвортой байдлыг хангаж байгаа юм. Монгол Улсын уул уурхайн салбарт хамтарсан компани байгуулах, хөрөнгө оруулалт хийх бодит боломжийг олгосон.
Энэтхэгийн Ерөнхий сайд Монгол Улсыг Энэтхэгийн эдийн засгийн шинэчлэлийг явуулахад хамтран ажиллахыг уриалсан билээ. Монголын арвин их байгалийн баялаг тухайлбал, радио идэвхт ашигт малтмал Энэтхэг Улсын нүүрс төрөгчийг бууруулах үйлдвэрлэлийн өсөлтийг хангахын зэрэгцээ Монгол Улсын уул уурхайн чадавхийг нэмэгдүүлж, эдийн засгийн боломжуудыг бий болгох болно. Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах асар их нөөц бололцоо байгаа. Жишээлбэл, мал аж ахуйн салбарт хамтран ажиллаж, цагаан идээ үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, мэдлэг туршлага, нөү-хаугаа хуваалцаж, технологи шилжүүлэх зэрэг өөр бусад олон хэлбэрээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээ харилцан илэрхийллээ.
2014 онд болсон Энэтхэгийн парламентын сонгуулиар Засгийн газрыг тогтвортой байлган ажиллахыг гол зарчмаа болгон ажллахаар тогтсон билээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Шри Нарендра Модигийн хүчирхэг удирдлаган дор Энэтхэгийн эдийн засгийг сэргээх олон арван алхамуудыг авч хэрэгжүүлсэн. Энэтхэгийн Засгийн газраас олон олон бүтээлч, шинийг эрэлхийлсэн санаачилгуудыг авч хэрэгжүүлээд байгаагийн дотор “Энэтхэгт үйлдвэрлэцгээе”, “Дижитал Энэтхэг”, “100 Ухаалаг хот” ба “Энэтхэгийн ур чадвар” зэрэг санаачилгыг дурдаж болно.
Эдийн засгийн өсөлт тогтвортой болсон нөхцөлд Энэтхэг улс нь дэлхийн эдийн засагт тодоор гэрэлтэх чухал цэг байх болно. Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) тайланд Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг 2015 онд 7,3 хувь, харин 2016 онд 7,5 хувь болж өснө гэсэн төсөөлөл гаргасан. ОУВС 2015 оны арваннэгдүгээр сарын 12-ны тайландаа хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт эмзэг хэврэг хэвээр байгаа. Бараа бүтээгдэхүүний үнийн уналт, капиталын урсгал буурах, санхүүгийн зах зээлийн хэт тогтворгүй байдал зэргээс үүдэн эдийн засгийн өсөлт нь буурах хандлага бий. Гэхдээ Энэтхэг улс төрийн шинэчлэл, хөрөнгө оруулалтаас төдийгүй бараа бүтээгдэхүүний үнийн бууралтаас ч ашиг хүртэх боломжтой талаар тусгажээ. Moody-гийн үнэлгээгээр Энэтхэг улсын бие даасан үнэлгээ нь “эерэг”-ээс “тогтвортой” гэсэн үзүүлэлттэй гарсан байна.
2014-2015 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 44 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн долоон жилд анх удаа урсгал дансны алдагдлаас давсан үзүүлэлттэй гарчээ. Засгийн газраас шууд хөрөнгө оруулалтыг чөлөөлөхөөр тууштай ажиллаж байгаа нь нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлэх юм. Лондоны “Файнэншл Таймс”-аас 2015 оны эхний хагас жилийн байдлаар шууд хөрөнгө оруулалт хийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжтой орнуудыг жагсаасан. Уг жагсаалтад Энэтхэг улс ойролцоогоор 31 тэрбум ам.доллар буюу Хятадаас гурав гаруй, АНУ-аас дөрвөн тэрбум ам.доллараар илүү хөрөнгө оруулалт татаж чадсанаараа эхний байранд шалгарсан байна.
Засаг захиргааны шинэчлэл, зөвшөөрөл олгох ажиллагааг хөнгөвчлөх тухайлбал төслийн зөвшөөрлийг онлайнаар өгөх, байгаль орчны зөвшөөрөл олгох ажиллагааг илүү хялбар болгож өгсөн. Энэ нь бизнесийн чиг хандлагыг сайжруулж, Энэтхэгт бизнес эрхлэх боломжийг улам бүр нэмэгдүүлжээ. Одоогоор Засгийн газраас байгуулсан Прожект Мониторинг Групп (PMG) буюу Төсөл хянан шалгах багаас түлшний хомсдол, байгаль орчны зөвшөөрөл, хөрөнгө оруулалттай газрыг өмчлөх гэх мэт зөвшөөрлүүд нь өгөгдөөгүй байгаа ойролцоогоор 451 тэрбум ам.долларын өртөг бүхий нийт 704 төслийг хянан шалгаж байна. Өнөөг хүртэл Төсөл хянан шалгах багаас нийтдээ 253 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татах боломжтой 411 төсөлд зөвшөөрөл олгожээ. Засгийн газраас 2016 оныг Бараа, үйлчилгээний татварыг (GST) хэрэгжүүлэх жил болгохоор зорин ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилийн турш аж ахуй нэгжийн татварыг 30-25 хувь хүртэл бууруулах тодорхой арга замын талаар хэлэлцсэн.
Засгийн газраас санаачилж буй хөрөнгө босгох зорилгоор банкнаас шинээр хувьцаа гаргах (IPO) /нэмж хувьцаа гаргах (FPO), Засгийн газрын өмч 52 хувь болон түүнээс илүү хэмжээтэй байх татварын урамшуулалтай үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийн трестүүд байгуулах зэрэг санаачилга багагүй хүлээлт үүсгэжээ. Түүнчлэн Засгийн газраас “100 Ухаалаг хот” төслийг санаачлан ажиллах шийдвэр гарсан. Сүүлийн таван жилийн хугацаанд хурдны галт тэрэг байгуулах зэрэг төслүүдэд 130 тэрбум ам.долларыг шийдвэрлэн олгоод байна. Хоёр үе шаттай хэрэгжсэн нүүрсний уурхайн дуудлага худалдаа амжилттай хийсэн нь маш их боломжийг нээж өгөөд байна. Ийнхүү уул уурхайн салбар дахь гацааг шинэ дүрэм журам, хөгжлийг тодорхойлох шинэ хууль журмаар зохицуулахаар шийдвэрлэв. Засгийн газраас гар утасны харилцаа, өргөн сүлжээний харилцаа холбоог хөгжүүлэхтэй холбоотой дуудлага худалдааг мөн амжилттай явуулсан. Ган төмөр, нүүрс, эрчим хүчний төслүүдэд “Нэг цонхны” үйлчилгээг нэвтрүүлсэн нь аж үйлдвэрт асар том боломжийг авчраад байгаа. Санхүүгийн менежерүүд нь Энэтхэгт байрладаг гадаад санхүүжилтийн татварын асуудлыг тодорхой болгож, тус улсад оршин суудаг болон гадаадын татвар төлөгчдийн төлбөрийг шилжүүлэх, мөн гадаадын хөрөнгө оруулалтад ногдуулдаг хамгийн доод татварыг болиулсан зэрэг нь хөрөнгө оруулагч нарын таашаалд маш их нийцээд байгаа билээ.
2015 оны арваннэгдүгээр сард Засгийн газраас төрийн өмчит цахилгаан түгээх компаниудыг (Discoms) хамгаалж авч үлдэх төлөвлөгөөг баталсан. Тус салбарыг өөрчлөөд зогсохгүй зээл олгосон банкнуудад тулгараад буй хямралыг тодорхой хэмжээнд бууруулж өгч байгаа юм. UjwalDiscom Assurance Yojna (UDAY-Ужвал Диском Ашуранс Ёжна) хэмээх энэхүү төлөвлөгөөг (Эрчим хүчний яам, Засгийн газар, ба Диском) гурван талт харилцан санамж бичигт гарын үсэг зурснаар хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нь Төрийн эзэмшлийн цахилгаан түгээх компаниудад тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэж, дараагийн 2-3 жилд алдагдалгүй ажиллуулах боломжийг олгов.
2015 оны арваннэгдүгээр сард Засгийн газраас хоёр ширхэг зүтгүүрийн үйлдвэр байгуулах гэрээнд зөвшөөрөл олгосон. Энэтхэг улс өнгөрсөн онд төмөр замын салбарт 100 хувь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зөвшөөрсний дараа гадаадын компаниудад олгогдож буй хамгийн эхний мөн хамгийн том хоёр гэрээ болсноороо онцлогтой. Женерал Электрик (GE) компани дизель зүтгүүрийн үйлдвэрийг барих бол Алстом SA компани цахилгаан зүтгүүрийн үйлдвэрийг Бихар мужид барих юм. Хоёр үйлдвэрийн нийт зардал нь ойролцоогоор 2,052 арван.сая рупи (1сая ам.доллар= 6.5 арван.сая рупи) ба 1,294 арван сая рупи тус тус болж байгаа. 10 жилийн дотор нийтдээ 1,000 дизель хөдөлгүүртэй зүтгүүр, 800 цахилгаан хөдөлгүүртэй зүтгүүр үйлдвэрлэхэд нийтдээ 40,000 арван сая рупи болох аж. Төмөр замын байгууллага 26 хувийн хөрөнгийг газрын хамт эзэмших бөгөөд үлдсэн 74 хувийг үйлдвэрүүд эзэмшинэ. Үйлдвэрүүдийг гурван жилийн дотор барьж, ашиглалтад оруулж, зүтгүүрүүдийг үйлдвэрлэх бүх эд ангийг дотоодын зах зээлээс хангана.
Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг хангах бодлогын хүрээнд нүүрс болон уул уурхайн бусад үйл ажиллагааг гацаанаас гаргах, ГШХО-ыг чөлөөлөх (төмөр замд 100 хувь, даатгалын салбарт 100 хувь, батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд 49 хувь байлгах бөгөөд Энэтхэгийн хамтарсан үйлдвэрээс хяналтын эрхийг 100 хувь олгохоос сэргийлэхийн хажуугаар Засгийн газраас зөвшөөрөл авч байхаар зохицуулсан), дэд бүтэц дэх төрийн хөрөнгө оруулалтыг бууруулахтай холбоотой олон санаачилгыг дэмжиж байгаа. Энэ бүхэн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад нөлөөлнө. Засгийн газраас 2015 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 15 салбар дахь ГШХО-ын хэмжээг хөнгөвчлөн тогтоож өгсөн. Жишээлбэл, банкны салбар дахь ГШХО-ын дээд хэмжээг 74 хувь хүртэл өсгөсөн, барилгын салбар дахь хөрөнгө оруулалтын хамгийн доод хэмжээ болон нөхцөлүүдийг цуцалж, мэдээ, цаг үеийн мэдээний телевизийн суваг болон ФМ радио дахь ГШХО-ын хязгаарыг 26 хувь байсныг 49 хувь болгон өсгөсөн. Мөн интернэт, хиймэл дагуулын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ буюу Direct-to-Home (DTH), дижитал кабелийн сувгууд, мобайл телевиз дэх ГШХО-ийн хэмжээг 74 хувь байсныг 100 хувь хүртэл өсгөжээ. Мөн бүсийн агаарын тээврийн үйлчилгээн дэх ГШХО-ийн хэмжээг урьдчилсан зөвшөөрөл авалгүйгээр 49 хувь байхыг зөвшөрсөн байна. Мөн Гадаад Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Зөвлөл (FIPB)-ээс батлах хөрөнгө оруулалтын дээд хэмжээг 3,000 арван сая рупи байсныг 5,000 арван сая рупи болгон нэмэгдүүлжээ. Эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын хороо (CCEA) нь урьдчилсан зөвшөөрөл авах шаардлагатай мөн 5,000 арван сая рупи–гээс дээш дүнтэй саналуудыг шийдвэрлэн ажиллахаар болсон байна.
Дээрх арга хэмжээнүүдийг авсны үр дүнд Энэтхэг улс Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг дэлхийн хамгийн өрсөлдөхүйц эдийн засагтай орнуудын дэлхийн индекс дэх байр сууриа 16 байраар дээшлүүлж, 55 дугаар байрт жагсчээ. Энэтхэгийн байр суурь ийм хурдтай дээшлсэн нь тус улсын хамгийн сүүлд хийсэн эдийн засгийн шинэчлэл, тус улсын байгууллагуудын өрсөлдөх чадвар болон макро эдийн засгийн орчин сайжирсантай холбоотой. Гадаад бодлогын сэтгүүлийн Ашгийн суурь индексээс (BPI) харахад Энэтхэг улс нь хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой 110 орноос эхний байранд шалгарсан байна. АНУ-ын Олон улсын худалдааны комиссоос гаргасан Энэтхэгийн худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын (2014-15) тайланд Энэтхэгийн Засгийн газрыг худалдаа, хөрөнгө оруулалтад тулгараад байсан саад бэрхшээлийг олж харж, онцгой өөрчлөлт хийж чадсан гэж дурдсан байна. Тус тайланд бодлогын түвшний өөрчлөлт хийж чадсан салбаруудад ГШХО, тариф гаалийн журам, мэдээлэл, харилцаа холбооны бүтээгдэхүүн зэрэгт тавигдах дотоодын болон орон нутгийн шаардлагууд, стандартууд болон техникийн зохицуулалт зэргийг багтаасан юм.
Дэлхийн банкны тайлангаас харахад өмнө нь буюу 2004 онд Энэтхэгт бизнес эхлүүлэхийн тулд 127 өдөр шаардагддаг байсан бол өнөөдөр 29 хоног болсон. Хамгийн том өөрчлөлт гарсан зүйл нь бизнес эрхлэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг болсон. Үүний үр дүнд Энэтхэг улсын байр суурь 2015 онд 99-т байсан бол 2016 онд 70 дугаар байрт оржээ. Энэтхэг улс үндэстний цөөнхийн хөрөнгө оруулалтыг хамгаалах асуудлаар 8 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Гэвч гэрээний хэрэгжилтийг хангуулах (178 дугаар байр), татвар төлөлт (157 дугаар байр) болон дампууралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх (136 дугаар байр) зэрэг асуудлыг анхаарах хэрэгтэй. Бараа, үйлчилгээний салбарыг (GST) хөгжүүлэх, Дампуурлын тухай хуулийг батлах, татвар болон аж ахуйн нэгжийн татварыг хөнгөвчлөх, орох-гарах ажиллагааг хялбарчлах зэрэг асуудлыг шийдвэрлэж чадвал бизнесийн итгэлцэл, нэр хүнд огцом дээшилж чадна.
Энэтхэгийн Эдийн засгийн өсөлтийн энэхүү онцгой үе нь дэлхийд худалдан авах чадвараараа хамгийн том гурван эдийн засгийн нэгт тооцогдож байгаа нь (Дэлхийн банкны үнэлгээгээр) Монгол Улсад Энэтхэг улстай тогтоосон эдийн засгийн болон худалдааны хамтын ажиллагаагаа дээшлүүлэх асар их боломжийг олгоно. Түүнчлэн Монгол болон Энэтхэгийн компаниудын хамтын ажиллагааг сайжруулахад зохих арга хэмжээ авах боломжийг олгож байна. Энэтхэг, Монгол Улс хоорондын эдийн засаг, худалдааны үйл ажиллагаа өргөжин тэлэх нь аль аль талдаа харилцан ашигтай байх юм. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үйл ажиллагаа өргөжсөнөөр сүүлийн хоёр жилийн турш удаашралтай байгаа Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь дамжиггүй.
Монгол Улс дахь Энэтхэгийн Элчин Сайдын Яамны Эдийн засаг, худалдаа хариуцсан Хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкар Гоэл