Л.НОМИН
Төрийн орон сууцны корпорацын ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа.
-Ипотекийн зээлийг таван хувийн хүүтэй болгох боломж хэр байгаа вэ. Төрийн орон сууцны корпорацын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-2008-2012 оны үед халамж хэлбэрээр маш их мөнгө тараасан. Шинэ гэр бүлийн 500 мянган төгрөг, шинээр төрсөн хүүхдийн 100 мянган төгрөг гээд...
Харин 2012 оноос хойш Монголбанк маш сайн ажилласан. Монголбанк өмнөх Засгийн газрын тараасантай дүйцэх мөнгөө Монголынхоо хөрсөн дээр авчирч буулгаж чадсан. Энэ мөнгөө юунд, хэрхэн зөв зарцуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Яагаад бодлогын хүүгээ өндөр тавиад Монголбанк одоо л бууруулахаар ярьж эхлэв. Өнөөдөр бид байгаа мөнгөө дахиад л дэмий зүйлд зарцуулж цемент, арматурын төмөр болоод Хятад руу битгий гарчихаасай гэсэн болгоомжлол Монголбанкинд бий. Үүнийг нөгөө талаас нь хараад Монгол улс мөнгөгүй болчихсон юм шиг өнцгөөс тайлбарлаж яриад байна. Иймээс ямар салбарт хөрөнгө, мөнгө оруулах вэ гэдгээ маш нарийн судалгаатай хийж байгаа юм. Ямар ч байсан ипотекийн зээлийн хүүг таван хувь болгохоор ажиллана.
Зээлийн хүүг таван хувь болгох гэдгийг чинь өнөөдөр л гэнэт ярьсан юм биш. 2006 оноос хойш манайх 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг Орон сууц санхүүжилтийн корпорац байхдаа хэрэгжүүлсэн байдаг. Тэр үед инфляц хэдэн хувьтай байлаа. Тийм нөхцөлд моргейжийн зээлийг найман хувийн хүүтэй өгч байсан. Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд 2-3 мянган иргэн зээл аваад, хэвийн төлөгдөөд явж байгаа туршлага бий. Тухайн үед инфляц 16-17 хувь байсан. Тэгвэл өнөөдөр Монголбанк инфляц 7 хувь байна гэж төсөөлж байтал 2,9 хувь руу ороод ирж. Ийм үед таван хувийн хүүтэй зээл өгнө гэдэг маш бодитой зүйл шүү дээ. Сонгуулийн жил болохоор намууд иргэдээс оноо авахын тулд янз бүрээр ярьж байгаа юм.
-Зээлийн хүүг таван хувь болгохоор орон сууцны үнэ өснө гэж тайлбарлах боллоо?
-Орон сууцны үнэ нэмэгдэхгүй. Төрийн орон сууцны корпорацыг удирдаж, барилгын салбарын энэ халуун тогоонд чанагдаж, үйл ажиллагааны жаргал зовлонг туулж яваагийн хувьд хэлье. Найман хувийн хүүтэй зээл олгож эхлэхэд байрны үнэ нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр орон сууцны үнэ буурсан байна. Тухайн үед нийлүүлэлт нь бага байсан болохоор үнэ нэмэгдэж байсан. Тэгвэл одоо нөхцөл байдал өөр. 14 мянган айлын орон сууц зах зээлд борлуулахад бэлэн байна. Ер нь, Сингапур, Солонгост моргейжийн зээл 2 хувийн хүүтэй байдаг. Тиймээс ч бид аль болох бодит амьдрал руугаа харж явмаар байгаа юм. Монгол Улсыг ядуу, мөнгөгүй болчихлоо гэх янзаар хандаад байж болохгүй.
-ТОСК түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгвөл?
-Монголд банкны зээлийн шалгуур давах хэчнээн хүн байгааг бодоод үзье. Зарим хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй явдаг. Моргейжийн зээл бол монгол хүнийг хариуцлагатай болгодог. Ажил хийгээд нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төл, дараа нь таван хувийн хүүтэй, ийм хугацаатай моргейжийн зээлэнд хамрагд гэж байгаа нь хувь хүнийг санхүүгийн хариуцлагатай болгох л схем. Нийгмийн даатгал төлөхгүйгээр цалингаа гар дээрээ бэлнээр бүтэн аваад ирээдүйгээ бодохгүй яваа залуучууд бий. Тийм хүмүүст боломж олгон Эрдэнэ сайд нийгмийн даатгал төлөөгүй завсардсан бол нөхөж төлөхөөр шийдээд өгсөн. Гэсэн ч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй хүн зээл авах боломжгүй учраас хэчнээн хүсээд ч орон сууцанд орж чадахгүй. Тэгэхээр энэ хүмүүст түрээсийн орон сууцанд амьдрах нэг боломж олгож буй юм. Гэхдээ түрээсийн төлбөр одоо байгаа шиг 500 мянга, нэг сая төгрөг биш. Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Улаанбаатар хотод гурван өрөө байрыг 280 мянган төгрөгөөс дотогш, хөдөө орон нутагт 180 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой байхаар журамд тусгаж байгаа юм. Эхний алхам 920 айлын орон сууцанд хэрэгжихээр төлөвлөсөн. Үүний 320 орон сууц нь Улаабаатарт, үлдсэн нь хөдөө орон нутагт. Хөдөө орон нутагт иргэд, малчид хуримтлал бий болгож хараахан чаддаггүй. Тиймээс түрээсийн орон сууцыг түлхүү сонирхдог. Иргэд хямд үнэтэй түрээсийн байранд амьдрахдаа хуримтлал бий болгох, цаашдаа орон сууцны зээл авах боломжтой болно. Энэ бол Ардчилсан намын нэг том бодлого. Хувийн хэвшлийнхний түрээс рүү төр дайрлаа гэх байх л даа. Анх намайг ТОСК-ын ерөнхий захирлаар ажиллаж эхлэхэд хувийн хэвшлийн барилгын компаниудын ажлыг булааж авлаа гэдэг л байсан. ТОСК бол нийгмийн зорилтот бүлэг рүү хандсан, бага, дунд орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настанд зориулсан орон сууцны бодлого хэрэгжүүлдэг төрийн компани. Тэгэхээр зорилтот бүлэгтээ чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөр бид хэрэгжүүлнэ. Хотын төвд 3-4 өрөө орон сууцаа өндөр үнээр түрээслээд явах нэгэн байх биз. Тэрэнд нь бид оролцохгүй. Өнөөдөр 60 орон сууцны гэрчилгээтэй ч хүн бий. Орон сууцнуудаа сарын 500 мянгаас нэг сая төгрөгөөр түрээслээд хэдэн төгрөг татварт төлж байгаа нь ч тодорхойгүй амьдардаг. Тийм хүмүүсийн хувьд энэ хөтөлбөр бол бухимдал дагуулна. Харин зорилтот бүлгийн хүмүүст түрээсийн орон сууц хөтөлбөр бол тэдэнд зориулж төрөөс авч буй томоохон арга хэмжээ.
-ТОСК-д түрээслэх боломжтой хэчнээн орон сууц байгаа вэ. Түрээсийн орон сууцанд иргэд хэрхэн хамрагдах журам бэлэн болсон уу?
-Улаанбаатар хот 2012 онд ахмадын түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхэд маш их дараалал, бухимдал үүссэн. Түүн шиг байдал үүсэх байх. Эхний ээлжинд ТОСК-ын түрээсийн 920 айлын орон сууцанд иргэд хэрхэн орох журам гарна. ТОСК Барилга хот байгуулалтын яамтай хамтарч журмаа боловсруулж гаргана. Журмандаа зорилтот бүлэг рүүгээ хандсан бодлогоо хэрхэн хэрэгжүүлэхээ тусгана. Явж явж энэ бол нөгөө л яндан цөөлөх асуудал яригдаад байгаа юм. Байртай хүнийг түрээсийн орон сууцанд оруулахгүй. Гэр хороололд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, залуу гэр бүлд хандаж төрийн бодлогоо явуулна. Яндан нэгээр ч болов цөөрөөсэй, утаа багасаасай гэж байгаа хэрэг. Бид чинь утаанд хэчнээн ч жил хэдэн тэрбум төгрөг зарцууллаа. Гэтэл утаа багасах биш нэмэгдсэн. Утаанд зарцуулсан тэр их хөрөнгө оруулалтаа ТОСК-д өгөөд орон сууцны асуудлыг шийд гэсэн бол магадгүй илүү олон яндан цөөлөх байсан. Хөрс, агаар, усны бохирдолыг орон сууцаар л шийднэ.
-“Буянт-Ухаа-2” хороололд 1200 гаруй хүн урьдчилгаа 10 хувиа төлчихөөд хүлээж байна гэсэн тоо байсан. Энэ хүмүүсийн хувьд шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байна.
-“Буянт-Ухаа-2” хороололд айлууд ороод эхэлчихсэн. Найман хувийн хүүтэй ипотекийн зээл үргэлжилж байгаа. Зээл таван хувийн хүүтэй болох асуудлыг Цагаан сарын дараа тодорхой болгочихно. Тэгэхээр найман хувийн хүүтэй зээлээ аваад орон сууцандаа орчихоод хүү таван хувь болохоор шилжих боломжтой. “Буянт-Ухаа-2” хорооллын хувьд банкны шалгуураа хангасан байсан айлууд нь байрандаа орсон. Тэгэхээр зээлээ хөөцөлдөж болно. Банкны хүү 16 байхад найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж байсан шүү дээ. Үүн шиг найман хувь нь таван хувь руу шилжээд явна.
-Түрээсийн байранд орсон айлууд орон сууцаа өөрийн болгоё гэх нь бий байх. Тийм боломж байх болов уу?
-Миний хувьд түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд хоёр зарчимтай байх байр суурьтай байсан. Нэг нь 100 хувь түрээс, нөгөө нь түрээсэлж байгаад дараа нь өөрийн өмч болгоно гэсэн. Түрээсэлж байгаад өөрийн өмч болгох шийдэл хараахан гарахгүй нөхцөл байдал бүрдээгүй байна. Тиймээс одоогийн байдлаар 100 хувь түрээслэх юм. Цаашдаа энэ хөтөлбөр 920 айлын орон сууцны түрээсийн асуудлаар дуусахгүй үргэлжлэнэ. Түрээсийн төрлийг өөрчилж, нэмж болно.