Б.БИЛГҮҮН
Саяхан, Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлагдсан. Өөдрөг төсөөллөөр 2020, 2025 он гэхэд хүнсний ногоог дотоодоос 100 хувь хангах, сүүний үйлдвэрлэлийг 50 хувиар, өнөөдрийн хүчин чадлаар бэлтгэж буй махны хэмжээг даруй хоёр дахин өсгөх боломжтой гэж төсөөлсөн байгаа юм. Харин салбарын өсөлтийг үзвэл ирэх дөрвөн жилийн хугацаанд гурван хувь, төсөвт эзлэх хувь хэмжээг нэг хувиар л өсгөхөөр төсөөлж. Харин энэ оны хувьд 131.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Хөдөө аж ахуйн салбарт орж ирнэ гэсэн тооцоо бий.
Гэхдээ улсын төсвөөс гарч буй урсгал зардлыг эс тооцвол гадаад хөрөнгө оруулалт нь дотоодын эх үүсвэрээс даруй тав дахин их байгаа юм. Жишээ нь, 2013 онд төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт 45 тэрбум байсан бол тухайн ондоо гадаадын зээл тусламжаар 3.2 тэрбум төгрөг орж ирж байжээ. Харин өнгөрсөн онд дотоодынх 1.9, гадаадынх нь 26.3 болж өссөн байв. Тэгвэл энэ онд харьцаа бараг тав дахин зөрүүтэй буюу төсвийнх 6.7 тэрбум байхад, гадаадынх 35.6 тэрбум төгрөг болж өөрчлөгдсөн байна. Сүүлийн таван жилийн статистикаас харвал хөдөө аж ахуйн салбарт оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалт өсөлттэй байгааг дээрх жишээнээс харж болох юм.
60 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх боломж бий
Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд төрийн бодлого ойлгомжтой байх ёстой. Энэ утгаараа өчигдөр Хөдөө аж ахуйн салбарынхан Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцдог гадаадын хөрөнгө оруулагч, хамтран ажилладаг олон улсын байгууллагуудад хандан өнгөрсөн арваннэгдүгээр сард батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг танилцууллаа. ХХААЯ, Дэлхийн банк групп, НҮБ-ын Монгол Улс дахь ХХАА-н байгууллагаас хамтран олон улсын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтад манай улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдууд, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын суурин төлөөлөгч, JICA, KOICA, ADRA зэрэг гадаад түншлэлийн байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Манай талын танилцуулж буйгаас харвал, НҮБ-ын ХХААБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын Холбоо, Япон Улсын Жайка зэрэг байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд 2016 онд нийт 60 сая ам.долларын санхүүжилттэй төсөл, хөтөлбөр хэрэгжих боломж бүрджээ. Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйн салбар 17 улстай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй 10 төсөл нь нийт 47 сая ам.долларын өртөгтэй аж. Тухайлбал, Монгол Улсаас-БНХАУ-д Үхэр, хонь, ямааны мах махан бүтээгдэхүүн экспортлох протокол, гэрчилгээг тохирох, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон эрт болцтой өвчин ганд тэсвэртэй үр тарианы сорт гаргах, нутагшсан сортын үр үйлдвэрлэл, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн II үе шатыг энэ онд үргэлжлүүлэх юм байна.
Б.Биндэръяа: Биокомбинатын үйлдвэрүүдэд техникийн шинэчлэл хийнэ
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Засгийн газрын яамдууд дундаа хөдөө аж ахуйн салбар гадаад харилцаагаараа тэргүүлэх чиглэлтэй байдаг. Гадаадын түнш орнууд, олон улсын байгууллагууд ч бидэнтэй хамтарч ажиллахдаа таатай байдаг. Учир нь, хөдөө аж ахуйн салбар маань нөхөн төлждөг. Өөрөөр хэлбэл, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг, ДНБ-ий 14 гаруй хувийг бүрдүүлдэг, тогтвортой хөгжлийг хангахад түшиг болдог салбар юм л даа. Өнгөрсөн оны байдлаар бид түншүүдтэйгээ нийлж, 10 гаруй төсөл дээр хамтарч ажилласан. Давхардлыг арилгаж, тэдэнтэй харилцах харилцаагаа улам бэхжүүлсэн тул цөөн тооны төсөл үлдсэн. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 47 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хийгдсэн. Энэ мөнгө манай салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд, малчид, тариаланчдад хүрч байгаа. Ерөнхийдөө манай гадаад хамтын ажиллагааны хэлтсийн бодлого бол төсөв танагдаж байгаатай бага зэрэг холбоотой. Юу гэвэл, яамны төсөвт бага дарамт үзүүлж, гадаадын хандивлагч байгууллагуудаас аль болох их хөрөнгө оруулалт татах зорилготой, түүнийгээ мөн бодлогодоо тусгаад явдаг. Ерөнхийдөө энэ онд 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилго тавьчихсан байгаа. Жишээ нь, 50 сая ам.долларын зээлийн төсөвтэй хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн тухай төсөл энэ оноос хэрэгжихээр болсон. Цаашид гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. Аж үйлдвэрийн яам байх үед энэ асуудлыг шийдсэн. Мөн малын эрүүл мэндэд анхаарах ёстой гэж үзэж байгаа. Энэ нь цаашдаа экспортын баримжаатай хөдөө аж ахуйн бодлогыг явуулахад гол үндэс суурь болж өгөх юм. Энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Унгар Монголын найрамдалт харилцааны гол илрэл болсон Биокомбинатын үйлдвэрүүдэд техникийн шинэчлэл хийх гэж байгаа. Тус улсын зүгээс 25 сая ам.долларын хүүгүй зээлийг 17.5 жилийн хугацаатай өгөхөөр болсон. Эхний ээлжид техникийн шинэчлэл хийнэ.
Хөдөө аж ахуйн салбарт өрхийн оролцоо дийлэнх
2012-2015 оны хооронд хөдөө аж ахуйн салбарт нийт нэг их наяд 211.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оржээ. Үүний,
630.2 тэрбумыг нь Улсын төсвөөс
60.9 тэрбумыг нь Чингис бондоос
483.1 тэрбумыг Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн санхүүжилтээс
23.4 тэрбумыг олон улсын, гадаадын зээл тусламжаар
2.2 тэрбумыг Экспортыг дэмжиж, импортыг бууруулах 888 төслийн санхүүжилтээр
11.6 тэрбумыг бусад эх үүсвэрээр бүрдүүлж байжээ.
Харин дээрх хугацаанд хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан хөтөлбөр нь Хүнсний аюулгүй байдлын тухай хөтөлбөр юм байна. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 456.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэхдээ хөтөлбөрийн санхүүжилтийн 89 хувь нь үнэ тогтворжуулах болон Чингис бондын эх үүсвэрээс санхүүжиж байсан бөгөөд уг хөнгөлөлттэй зээлүүд өнгөрсөн онд төлөгдөж дууссан байна.
Мөн тус салбарт манай улсын нийт ажиллах хүчний 28 хувь нь байдаг аж. Гэхдээ дийлэнх нь буюу 79 хувь нь 88.3 мянган өрх аж. Харин 23.3 мянга нь аж ахуйн нэгж байгууллага байдаг аж.