Л.БАТБААТАР
2015 онд Геологийн төв лаборатор гурав дахь удаагаа олон улсын хэмжээнд итгэмжлэгдлээ. Дурдвал, Монгол Улсад анх удаа Эрсдийн түүхий эдийн шинжилгээний чиглэлээр ISO/IEC 17025 стандартын дагуу олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн.
Мөн Монголд анх удаа ISO Guide 34 стандартын дагуу олон улсын түвшинд Аттестатчилсан стандартчилсан загвар үйлдвэрлэгчээр итгэмжлэгдсэн ба сүүлд нь ISO/IEC 17043 стандартын дагуу ур чадварын сорилт зохион байгуулагчаар олон улсын түвшинд итгэмжлэгдсэн байна. Гурав дахь итгэмжлэл буюу ур чадварын сорилтийн итгэмжлэл авснаар дэлхийн бусад лабораторын ур чадвар хэр түвшинд байгааг сорих эрхийг Геологийн төв лабораторт олгожээ.
Эдгээр гурвалсан стандартыг нэвтрүүлснээр лабораторын чанарын хамгийн өндөр түвшинд хүрсэн аж. Дэлхий дахинд ийм гурвалсан итгэмжлэлийг “Платинум стандарт” гэж нэрлэдэг.
АНУ-ын үндэсний итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн 800 гаруй лаборатор, байгууллагаас зөвхөн тав нь ийм гурвалсан шатны итгэмжлэлтэй. Эдгээр таван байгууллагын нэг нь Монгол Улсын Геологийн төв лаборатор бөгөөд Эрдсийн шинжилгээний бүрэн цогц шинжилгээ хийдэг нь хамгийн том.
Энэ тухай Геологийн төв лабораторын захирал Н.Тэгшбаяр “Хүний нөөцөө дэлхийн түвшинд бэлтгэж, тоног төхөөрөмжийн шинэчлэлээ дэлхийн стандартын дагуу хийж, ажиллах үйл ажиллагаандаа энэ гурван шатны стандарт нэвтрүүлснээр “Платинум стандарт” итгэмжлэлийг хүртсэн” гэв.
Геологийн төв лаборатор нь Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газартай хамтран 2016 оны нэгдүгээр сараас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт “Итгэмжлэлээс итгэлцэл” хөтөлбөрийн хүрээнд “Ашигт малтмалын хайгуулын ажлын үр нөлөөг сайжруулахад итгэмжлэгдсэн лабораторын оролцоо” сэдэвт сургалт зохиохоор болжээ. Уул уурхайн 3000 гаруй хайгуулын лиценз эзэмшдэг 1000 орчим компанийн захирал болон ерөнхий геологчдыг сургалтад ирж оролцохыг урьж байна. Энэ сургалтад оролцсоноор итгэмжлэгдсэн лаборатор ямар өндөр түвшинд ажилладаг болон хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд юу хийж чадах вэ гэдэг талаар тодорхой ойлголттой болно гэж тэд үзэж байна.
Тухайн лабораторын боловсон хүчин, шинжилгээ хийх арга аргачлал, тоног төхөөрөмжийн түвшин олон улсын хүрсэнийг итгэмжлэлээр баталгаажуулсан хэрэг. Олгосон итгэмжлэлийн түвшинд ажиллаж буй эсэхийг жил тутам шалгадаг аж. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурсан байгаа. Хайгуулын лиценз эзэмшдэг компаниуд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар геологийн судалгаа, хайгуулын ажил хийх эрхтэй.
Эдгээр компанийн олборлосон дээжинд хамгийн бага зардлаар гурван шатныхаа итгэмжлэлийг ашиглаж шинжилгээ хийх үүднээс “Итгэмжлэлээс итгэлцэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм гэж Геологийн төв лабораторын захирал Н.Тэгшбаяр хэллээ. Гурван шатны итгэмжлэл авснаар, эрдсийн дээжийг өндөр нарийвчлалтайгаар хийх бололцоо бүрдсэн байна. Монголын уул уурхайн олон компани эрдсийн дээжээ гадаадын лабораторид шинжлүүлдэг аж. Ингэж дээжээ шинжлүүлэхдээ Монгол Улсын Геологийн төв лабораторын түвшинд шинжилгээ хийдэг байгууллагад өгч чаддаггүй гэдгийг ч тэд онцоллоо. Мөн ямар ч дээжийг гадаадад гаргахгүйгээр дотооддоо шинжлүүлэх боломжтой бөгөөд Геологийн төв лабораторын шинжилгээний дүн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгддөг тухай ч нэмж хэллээ.