Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын ургацаас хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
2016 онд улсын хэмжээгээр 1200 орчим аж ахуйн нэгж, иргэд 322.9 мянган га талбайд үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байгаа бөгөөд гангийн улмаас тариалан бүхий аж ахуйн нэгжүүд ургац алдсанаар 2016 оны тариалалтыг хэвийн явуулах санхүүгийн боломжгүй болж байна. Иймээс тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шаардагдах зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийг хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах шатахууны хангамжийг бүрдүүлэх, үрийн буудай, ургамал хамгааллын бодис, бордоо нийлүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, техникийн засвар үйлчилгээ зэрэгт зарцуулахаар тооцоод байна.