Санхүүгийн зохицуулах хороо “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг энэ сарын 15-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтаар хэлэлцэх асуудлын хүрээ нь санхүүгийн бүх салбарыг хамрах бөгөөд салбар хоорондын уялдаа холбоог хөгжүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, олон нийтийн зах зээлд итгэх итгэлийг бэхжүүлэх, салбарын үр ашгийг нийтэд нь нэмэгдүүлэх зорилготой юм.
СЗХ-ноос Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулсан “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг 2015 онд салбарынхандаа танилцуулсан нь анхны урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг гэдгээрээ мэргэжилтнүүд, судлаачдын анхаарлыг онцгой татаж байгаа билээ. Ийм ч учраас форумын хэлэлцэх асуудлын хүрээнд санхүүгийн зах зээлийн хөгжлийн урт хугацааны стратеги, хөрөнгө оруулалтын шинэ орчин, санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба ядуурлыг бууруулах арга зам, банк, даатгалын салбар, хөрөнгийн зах зээл дэх бизнесийн шинэ модель, компанийн засаглал, аудит, тайлагнал, хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль-эрх зүйн орчинд учирч буй тулгамдсан асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход өндөр ач холбогдол өгнө хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Үндэсний форумд банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын зохицуулагчид, бодлого боловсруулагчид, зах зээлд оролцогчид, судлаачдаас гадна гадаадын болон олон улсын байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд уг арга хэмжээг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.