Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Давааням: Олж авсан хүндэтгэлээ сэвтээхгүй авч явах нь миний үүрэг

Энэ удаагийн зочны хойморт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, МИАТ ХХК-ийн бөх, аймгийн арслан А.Даваанямыг урьж ярилцлаа. Жүдо бөхийн зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, бүстэй барилдааны дэлхийн аварга, Кураш бөхийн дэлхийн цомын аварга, Азийн аваргын үнэмлэхүй жингийн аварга гээд түүний амжилтыг дурьдаад байвал барагдахгүй. Саяхан БНСУ-ын үндэсний бөхийн төрөл болох Ширеум бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн юм. Асуултад минь хариулах болгондоо нөхөрсөг, хөгжилтэй яриа өрнүүлэх түүнийг “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний багш дасгалжуулагчид, бөхийн хорхойтнууд энэ жил улсын цолд хүрэх хамгийн өндөр магадлалтай  бөхөөр нэрлэж байгаа юм.

-Солонгос улсын үндэс­ний бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь удаагаа боллоо. Ямар амжилттай оролцоод ирэв?
-Миний хувьд 130 кг-д барил­даж аваргын төлөө Ук­райны бөхөд ялагдаад мөнгөн медаль хүртсэн. Манайхан хоёр дахь удаагаа оролцож байгаа гэхэд тун дажгүй амжилт үзүүлсэн. Багаараа гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, цомын эзэд болсон. Өмнөх тэмцээнд нь Ч.Санжаадамба, Амартүвшин нарын бөх  оролцож байсан юм билээ.

-Олз омог арвин байна аа. Энэтхэг улсад зохион байгуулагдсан бүстэй ба­рил­­дааны Азийн аварга шал­га­руу­лах тэмцээнээс алт, үнэмлэхүй жинд хүрэл, Ку­раш бөхийн дэлхийн цо­мын тэмцээнд алтан медаль хүртсэн санагдана. Нэг зэрэг ийм олон бөхийн төрлөөр хичээллэж болдог хэрэг үү?
-Тийм ээ. Бэлтгэл сургуулилтаа сайн базаасны эцэст тэмцээн уралдаандаа чамлахааргүй амжилт гарга­сан. Европын бөхчүүд чацтай, бяртай. Тиймээс оролцсон тэмцээн уралдаан маш өрсөлдөөнтэй болдог. Нэгэн зэрэг олон бөхийн төрлөөр хичээллэх амаргүй л дээ.

-Ер нь, бөхийн хэчнээн төрлөөр барилдчихав аа?
-Сүмогоос бусдаар нь л барилдаж үзлээ. Бөхийн спорт гэдэг мэдрэмж. Ерөнхийд нь хэлэхэд, өрсөлдөгчөө уна­гаах л зорилготой. Тиймээс өөрөө л унахгүй бол ялаад л байгаа юм.

-Тантай кураш, бүстэй бөхийн барилдаан гээд олон төрлөөр ярилцаж болох ч, энэ удаад үндэсний бөх, наадмын талаар ярилцах гэсэн юм?
-Бололгүй яахав. “Хөвс­гөлийн хүчтэн” дэвжээний хүчтэнүүд маань Төв аймгийн Баянчандмань сумын нутагт бэлтгэлд гарч байгаа. Миний хувьд өнөө маргаашгүй л бэлтгэлдээ орох гэж байна.

-Таныг улсын цолд хүрэх магадлал өндөртэй бөхөөр нэрлэсэн байна билээ. Өнгөрсөн жил ер нь, начин болох бололцоо байсан шүү?
-Түүхт тэгш ой давхцсан баяр наадмаар жаахан алдаа гаргаагүй бол начин болчих байсан болов уу гэж боддог л юм. Гурав даваад дөрвийн да­ваанд нутгийн ах Элбэг харцагад өвдөг шороодчихсон. Нэгэнт өнгөрсөн барилдаанаа харамсаад л яриад байх утгагүй. Тиймээс энэ жилийн баяр наадам­даа сайхан наадахын тулд бэлтгэл сургуулилтаа сайн базаахыг хичээж байна.

-Монгол Улсын заан С.Хүрэлбаатар  аавын тань талын садан гэж дуулсан. Таны хувьд хэзээнээс бөхийн эв дүй суусан хүн бэ?
-Бөхийн спортод ороход аав минь маш ихээр нөлөөлж бай­сан. Залуудаа өөрөө барил­даж байсан болохоор наа­дам их үзнэ. Халуун наранд аавтайгаа хамт шарагдаад л суудаг байлаа.  Аав, ээж хоёр бөхийн удамтай. Ээжийн минь талын эрчүүд тэр чигээрээ сумын заан. 16 наснаасаа Шийрэв багшийн удирдлага дор бөхийн эрдэм заалгаж, жилийн дараа Япон улсад суралцахаар явсан юм. 25 нас хүртлээ тэнд байсан. Тиймээс наадамд яг тууштай хоёр жил л барилдаж байна.

-Монголд ирсэн да­руйдаа л  аймгийн цолонд хүрсэн үү?
-Тийм ээ. Хөвсгөл аймгийн Галт сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2010 онд Булган аймгийн наадамд зодоглож, арслан цолны болзол хангаж  байлаа. Өмнөх жил нь сумын заан цол хүртчихсэн. Мөн өвөл нь бэлтгэл сургуулилтаа сайн базаасны эцэст аймгийн арслан хэмээх хүндэтгэлтэй цол хүртсэн гэж боддог. 

-Хамгийн анх хэн гэдэг улсын цолтой бөхтэй таарч байв. Тухайн үед их л бэргэж байсан байх даа?
-Хүүхэд байхдаа Мөнх-Эрдэнэ арслантай барилдаж үзсэн. Хоёр өвдгөө халцартал унаж байлаа. /Инээв/

-Энэ жилийн наадмыг хэрхэн таамаглаж байгаа вэ. Таны дархан мэх юу вэ?
-Тохох, хутгах мэх л ихэвчлэн хийдэг. Өнгөрсөн жилийн наадамд аймаг, цэргийн цолтон, начингууд шөвгийн дөрөв болон үзүүр, түрүүний бөхөөр шалгарч байсан. Энэ жилийн наадамд ч гэсэн шинэ залуу бөхчүүд уран мэхээ уралдуулах болов уу. Мөн начин, харцагууд маань цолоо ахиулсан сайхан наадам болох байх. Цол ахихын хэрээр бяр нэмнэ гэдэг дээ.

-Тэгвэл энэ үг танд хэр ойр байдаг вэ?
-Мэдээж хэрэг, цолгүй бөхөөс цолтой нь оноолтын хувьд ч өөр болоод ирнэ. Цол дагаж бяр нэмдэг гэдэг үг үнэний ортой шүү.

-Бөхчүүд нутгархах үз­­лийг дэврүүлдэг гэ­дэг. Тийм байдал ч ажиг­ладагддаг л даа. Таны хувьд хэнтэй нь илүү ойр дотно байдаг вэ?
-Ер нь, нутгийн бөхчүүд­тэй­гээ л ойр байдаг. Нэг нутгийн бөхчүүд нутгархах үзлийг дэврүүлэхдээ биш, ойр байж бэлтгэл сургуулилтаа базаадаг болохоор л энэ яриа гарсан байх. Угаасаа л нэг нутаг усны хүмүүс ойлголцох тал дээр ч гэсэн илүү байдаг шүү дээ.

-Бөхийн буян гэж байдаг юм шиг?
-Байлгүй яахав. Дутагдах, гачигдах зүйлгүй сайхан л амьдарч байна.

-Харин тэр буяныг дааж амьдрах хэцүү биз?
-Бэрхшээл гэхээсээ илүү­­тэй их хүндэтгэл гэж ойл­го­дог. Тиймээс тэр сайхан хүндэтгэлийг сэвтээхгүй авч явах л ёстой.

-Бөхчүүд чинь миний барилдаан ийм, тиймээрээ л бусад бөхөөс ялгардаг гээд л ярьдаг. Таны барилдаан үеийн бөхчүүдээс юугаараа ялгарч чадах вэ?
-Арай том биетэйгээрээ ялгарах юм болов уу /Инээв/

-Том гэснээс таныг улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд 16 настайдаа оролцох гээд очиход  насаа дарлаа гээд оролцуулахгүй байсан гэдэг?
-Тийм үе олон ч удаа гар­сан. 2001 онд хүүхдийн наадамд орох гэсэн чинь оруул­даггүй. Том биетэй боло­хоор энэ мэт асуудал үүсдэг байсан. Тэгэхээр нь томчуудын барилдаанд бүрт­гүүлчихсэн. Тэгсэн хоёр давж гурвын даваанд Хүрэлбаатар заан намайг авч давж байсан түүх бий.

-Олимпын аварга Н.Түв­шин­баяр төрөхдөө 5.5 кг төрсөн гэдэг. Та хэдэн кг төрсөн бэ?
-3 кг 700 грамм. /инээв/ Бас ч гайгүй ээ, би.

-Нутгийн уул ус түшдэг гэх яриа хэр ортой вэ?
-Нутаг, уул усандаа зал­бираад зүлэг ногоон дэвжээнээ гарах бас сайхан. Ер нь, би нэлээн шүтлэгтэй хүн. Сэтгэлдээ залбираад л байхад болдог л юм.

-Аймгийн арслан болдог жил хэр их догдолж байв. Зарим бөх түрүүлчихээд туг тойрсноо ч санадаггүй гэдэг?
-Сэтгэл маш их хөдөлсөн. Бараг туг тойроогүй байх аа /Инээв/
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-МИАТ компанийн удирд­лага, хамт  олондоо тэмцээн уралдаанд оролцоход байнга тусалж дэмждэгт баярлаж буйгаа илэрхийлэх нь зүйтэй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан