Лондонгийн олимпын тасалбарыг дамлан наймаалж байна гэсэн мэдээллийн дагуу Олон улсын олимпын хороо энэ хэргийг шалгаж эхэлжээ. Их Британийн “Sunday Times” сонин олимпын тасалбарыг хэрхэн наймаалж байгаа талаар эрэн сурвалжилсан нийтлэл бичиж, ноцтой баримтууд дэлгэн тавьсны дараа Олон улсын олимпын хорооны удирдах зөвлөл яаралтай хуралдаж, хэргийг шалгахаар болжээ. Олон улсын олимпын хорооны ёс зүйн комисс хэвлэлийн мэдээллийн дагуу шалгалт хийхийн зэрэгцээ Лондонгийн олимпын тасалбарыг гишүүн орнуудад хэрхэн тараасан, гишүүн орнууд нь яаж худалдаалсан талаар нарийн нягтлан шалгах юм байна.
“Sunday Times” сонины эрэн сурвалжилснаар бол 54 орныг төлөөлсөн албан ёсны тасалбар борлуулагч 27 агент олимпын тасалбарыг өөрийнх нь тогтоосон үнээс 10 дахин өндөр ханшаар зарах сонирхолтой, худалдахад бэлэн байжээ. Тухайлбал Сербийн төлөөлөгч олимпын 1500 тасалбарыг 80 мянгаар худалдах санал тавьж байсан бол Хятадын тасалбарын агентлаг хамгийн байрлал сайтай суудлын тасалбарыг нэг бүр нь 6000 фунтээр зарахад бэлэн байжээ. Түүнчлэн үзэгчдийн хамгийн их сонирхдог тэмцээн уралдаан тухайлбал, эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн финалын тасалбар 9430 фунт стерлингийн үнэ хүрэх энүүхэд болсон байна.
Энэ мэтчилэн Олон улсын олимпын хорооноос гишүүн орнууддаа тарааж өгсөн тасалбар тогтоосон үнээрээ зүй ёсоор үзэгчдийн гарт хүрч чадахгүй, хар зах дээр хэн их мөнгөтэйгийнх нь халаасанд орж байгаа нь ил болжээ. Өнгөрсөн сард л гэхэд Украины Олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Володимир Герашченко хар зах дээр 100 ширхэг тасалбар борлуулах гэж байгаад BBC телевизэд баригдсан билээ. Энэ бол Олон улсын олимпын хорооны ёс зүйн дүрмийг илтэд гажуудуулсан хэрэг. Гэтэл энэ нь ганц нэг оронд биш 50 гаруй орны хэмжээнд буюу олон улсын хэмжээнд газар авсан нь илчлэгдсэн тул Олон улсын олимпын хороо яаралтай арга хэмжээ авч, буруутай хүмүүст зохих хариуцлагыг нь тооцохоор шуурхайлж байна.