Манай улс олимпын таван цагаригийн өнгө дагуу оролцсон олимп бүртээ өөр, өөр өнгө сонгодог байсан. Сиднейд улаан, Афинд ногоон өнгийн хувцас өмсч байсан бол Бээжингийн олимпод медалийнхаа өнгийг өөрчилнө хэмээн бэлгэдэж шар өнгийг сонгосон.
Тэгвэл энэ удаа Лондонгийн олимпын нээлтэд Монголын шигшээ багийн өмсөх ёслолын хувцсыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Б.Цогтгэрэл урлаж байгаа. Тамирчид маань ямар загвар бүхий хувцсаар Лондонд гоёхыг сонирхоход “Алтны туяа ногоондуу шаргал өнгөтэй байдаг. Тийм учраас алтан медалийг бэлэгдэж завсрын шаргал өнгө сонгосон. Эмэгтэйчүүд нь ерөнхийдөө бариу загварын цагаан цамц, пиджак, юбка өмсөнө. Эрэгтэйчүүд нь бага зэрэг дүүжин өмдтэй хослолоор гоёно. Эрэгтэй, эмэгтэй пиджакны энгэрт олимпын таван цагаригны доод талд болон баруун мөрний дээд талд “Mongolia” гэсэн бичгийг алтан утсаар хатгаж өгсөн. Бээжингийн олимпод зөвхөн хослолоор гангарсан бол энэ удаад аксесуарыг нэмснээр төгс шийдэлтэй болж чадсан. Гол акцент нь ороолтны загварт шингэсэн байгаа. Төрийн далбааны улаан, цэнхэр өнгийг хослуулаад дээр нь монгол хээг ашигласнаараа онцлогтой. Малгайны хувьд XIX зууны сүүлч XX зууны эхэн үед Европ, Азид их дэлгэрсэн, энэ зуны моодонд орж буй “Booter hat” загварыг сонгосон. Гутал, тэлээ, бүсний загварыг манай компани гаргаж захиалгаа өгсөн” хэмээн ярьсан юм.