Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн салбарынхан “онош” хайв

Б.БИЛГҮҮН

МАН-аас санаачлан зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум гурав дахь өдрөө Тусгаар тогтнолын ордонд үргэлжиллээ. Форумд оролцогчид “Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд” нэгдсэн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэлцүүлэгт оролцож буй илтгэгчид, хүрэлцэн ирсэн зочдод хандаж үг хэлсэн юм. “Бид хамтдаа” үндэсний форумын гурав дахь өдрийн нэгдсэн хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр даргалж явуулсан бөгөөд форумын гурав дахь өдрийн нэгдсэн хэлэлцүүлэг өндөрлөсний дараа салбар хуралдаанууд 12.00 цагаас эхэлсэн юм.

Салбар хуралдаанууд “Боловсрол, соёл, Шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам”, “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Хүүхэд, залуучуудад тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, залуучуудын талаар Төрөөс баримтлах бодлого”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ахмадын талаар төрөөс баримтлах бодлого”, “Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүд, гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо”, “Ажилгүйдэл, ядуурлын нийгмийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө” сэдвээр үргэлжилсэн юм.

Тоогоор илүүрхэж, чанараар сүүлддэг

“Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл болоод МАН-аас Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Д.Атармаа, Ж.Цолмон нар оролцлоо. Мөн “Магда” компанийн захирал, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Ганхүү, Эрүүл монгол клубийн тэргүүн, хүний их эмч, эрх зүйч Х.Бат-Ирээдүй нар эрүүл мэндийн салбарын хувийн хэвшил төр хоорондын харилцааны хүндрэлийн талаар илтгэл тавилаа.

Тэдний санал нэгдсэн эхний асуудал эрүүл мэндийн салбарын шинэчлэл байсан бөгөөд эдийн засгийн харилцаатай холбоотойгоор салбарын хөгжил тодорхойлогддог гэж байсан юм. Тухайлбал, тус салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь ногдож байгаа бол ойрын хугацаанд зургаа хүртэл хувь болгож өсгөх зайлшгүй шаардлага байгаа талаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон ярилаа. Одоогийн байдлаар тус салбарт оногдож байгаа төсвийн 30-аас илүү хувь нь эмчилгээ үйлчилгээнд бус харин тогтмол зардал, засварт зарцуулагдаж байгаа зэрэг нь хөрөнгө хуваарилалт зардлын тогтолцоог өөрчлөх ёстойг илтгэдэг аж. Энэ сэдэв нь маш өргөн хүрээг хамарч, олон тооны гаргалгааг шийдвэрлэх ёстой болгосон юм. Тиймээс хуралдааны үеэр гарсан санал, дүгнэлтүүдийг шийдвэр гаргах түвшинд уламжилна гэж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлсэн.

Харин Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар одоо улсын хэмжээгээр эрүүл мэндийн 1500 шахам байгууллага ажиллаж байгаагаас төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг болон төв 15, нэгдсэн эмнэлэг 32, сум дундын эмнэлэг 13, хөдөөгийн буюу сумын эмнэлэг 334, өрхийн эмнэлэг 217, эрүүл мэндийн төв 12, БГХӨЭСТ-13, хувийн эмнэлэг 466, түргэн тусламжийн станц 35, цусны төв ба станц 26, эмийн сан 319 тус тус ажиллаж байгаа юм байна. Харин эрүүл мэндийн салбарт 6162 их эмч, эмнэлгийн тусгай дунд боловсролтой 13185 мэргэжилтэн, нийтдээ 30 орчим хүн ажиллаж, эмнэлгийн 17.877 ор бүхий хүчин чадалтай болсон аж. Энэ нь нэг хүнд ногдох эмч, мэргэжилтний тоогоор дэлхийд тэргүүлэх хэмжээний үзүүлэлт хэдий ч чанараар хөгжиж буй орнуудаас доогуур гарчээ. Энэ нь нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарт баримталж байгаа төрийн бодлого, залгамж халаагүй байдлаас улбаатай гэж хуралдаанд оролцогчид үзсэн юм. Тэгвэл манай улс гэлтгүй эрүүл мэндийн өөрийн гэсэн өвөрмөц бодлоготой, өндөр хөгжилтэй орнуудад эрүүл мэндийн талаар баримтлах нэгдсэн ойлголт байдаг аж.

Энэ нь улсын төсөв юм уу, хувь хүн дангаараа орчин үеийн эрүүл мэндийн зардлыг дийлэхгүй болсон тул төсвөөс эрүүл мэндэд зориулах зардал нь аль болох бага зардлаар хамгийн олон хүний эрүүл мэндийг хамгаалах, өөрөөр хэлбэл өвчлүүлэхгүй байхад зориулагдах ёстой гэсэн дүгнэлт юм байна. Харьцангуй бага зардлаар хүн амын эрүүл мэндийн сайн үзүүлэлтэд хүрсэн улс орнууд нь эмнэлгийн анхан шатны тусламжийн зардлыг улсынхаа төсвөөс гаргаж, орлогын түвшингээс нь хамааралгүйгээр бүх хүн амдаа жигд хүргэх, бусад зардлыг даатгал, хамт олны сан, шууд төлөх хэлбэрээр хувь хүнээс болон ажил олгогчоос гаргах механизм хэрэглэдгээс үзвэл манай эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийг эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг олон болгож, ашиглалтын үр дүнг нь сайжруулахаас эхлэх хэрэгтэй аж. Тэгвэл салбарын яамны бодлого сүүлийн үед нэгдүгээр шатлалын эмнэлэг буюу өрхийн эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулахад чиглэгдэж байна.

Тухайлбал, 2013 оны баримтаас харвал улсын хэмжээнд 217 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 128 нь Улаанбаатар хотод, 89 нь аймаг орон нутагт байрлаж нийт хүн амын 63 хувьд нь хүрч ажилладаг байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын судалгаанд нийслэлд байгаа өрхийн эмнэлгийн тоог 134 гэж гаргажээ. Юутай ч эдгээр өрхийн эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн асуудал тулгарвал хамгийн түрүүнд оношилж, эмчлэх үүрэг хүлээдэг. Гэсэн ч 2013 оны байдлаар нийт өрхийн эрүүл мэндийн төвд 2600 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 33.4 хувийг эмч, 31.4 хувийг сувилагч эзэлж байгаа юм. Нийт эмч нарын 46.4 хувь нь хоёр жилийн хугацаа бүхий дадлагажигч эмч байгаагаас өрхийн эрүүл мэндийн төв нь үүрэг, роль багатай гэгддэг.

Тиймээс анхан шатанд хийж болох оношилгооны тоног төхөөрөмж, хүний нөөцийг асуудлыг төсвийн таналтад оруулахгүйгээр сайжруулах бодлого баримталж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улс иргэдээ анхан шатны эмнэлэгт ханддаг болгох, өвчнөөс урьдчилсан сэргийлэх чиглэлд түлхүү төсвийн мөнгөө зарцуулах хандлагатай болж иржээ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан