Г.АНАР
Нийтийн албанд хувийн ашиг сонирхол хуулийн дагуу зохицуулагдаж байгаа асуудлаар мониторинг хийжээ. Нээлттэй нийгэм форумын “Төрийн бус байгууллагын мониторинг” хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн Төрийн бус байгууллага уг судалгааг хийсэн байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж. Энэ үеэр тэд төрийн албан хаагчид Авлигатай тэмцэх газартай харилцахад жийрхдэг, барагтай л бол ханддаггүй гэсэн дүгнэлт гарчээ. Тухайлбал, газрын албаны нэгэн мэргэжилтэн АТГ-т гурван жил шалгуулж байгаа учир төрийн албан хаагчдын хувьд АТГ гэдэг “хадны мангаа” гэжээ. Төрийн албан хаагчдаас илүүтэй УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг улс төрийн зорилгоор ангуучилдаг гэж үзэх болсноо улстөрчид хэлдэг.
УИХ-ын гишүүд ч АТГ шалгаж байгаа нэрийдлээр нэр төрд нь халддаг, шүүхээс шийдээгүй байхад нь буруутан мэтээр зарладаг гэж шүүмжилдэг. Тэгвэл улс төрийн зорилгоор ажиллаж байгаа гэж үзэх болсон АТГ-т хэтэрхий их эрх мэдэл төвлөрсний уршиг их байгааг хүний эрхийн байгууллага, судлаачид хэлж байна.
Харин УИХ-ын маргаашийн чуулганаар Прокурорын байгууллагын бүтцийг өөрчилж, АТГ руу шилжүүлсэн Мөрдөн байцаах албыг буцаан байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай. Өнгөрсөн хавар өргөн барьсан боловч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхийг хойшлуулахаар шийдээд байв. Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг тухайн үед гишүүд дэмжиж, АТГ-т хэт төвлөрсөн эрх мэдэл, бусдын нэр төрд халддаг байдлыг зогсоохыг илэрхийлсэн. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар гишүүд энэ өөрчлөлтийг хийхээр олонхи нь саналаа өгсөн. УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулахаар энэ асуудал дэмжигдэх магадлал өндөр учир хойшлуулаад байгаа ч гэх. Юутай ч Прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба гэж байх ёстойг УИХ-ын гишүүдийн бодит жишээ, хүний эрхийн байгууллагуудын судалгаа, тайлан хүлээн зөвшөөрч буй.
НҮБ-аас эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг 2000 онд соёрхон баталсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар конвенцийг бусад хуулийн адил дагаж мөрдөх ёстой. Хүний эрхийн үндэсний комисст 2014 онд нийт 710 гомдол иржээ. Үүнээс 171 нь хилс хэрэгт холбогдож, эрүү шүүлтэд орсон тухай байж. Эдгээрээс 32 тохиолдол нь эрүү шүүлтэд орсон байж болзошгүй учир Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагад хандсан ч Монгол Улсын хууль тогтоомж Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцтой нийцээгүй гэж үзэн авч хэрэгсээгүй аж. 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгож Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Уг албыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, эрүүдэн шүүсэн тухай гомдлыг шалгах байгууллага нь цагдаа болсон. Тэгснээр тайлан мэдээгээ ч бодитой гаргаж өгөхгүй байгаа талаар Хүний эрхийн Үндэсний комиссын илтгэлд дурджээ. Цагдаагийн байгууллага цагдаагийн албан хаагчаа шалгах нь буруу, хэргийг авч хэлэлцдэггүй, ихэвчлэн шийдвэрлэдэггүй, гомдол нь эзэндээ буцаагддаг болохыг ХЭҮК тайлбарлаж байна. Энэ бол Прокурорын мөрдөн байцаах алба гэж ажиллаж, эрүүдэн шүүх хэргийг шалгаж, шийдвэрлэж ирсэн зарчим зөв байсныг харуулж байгаа. АТГ-т Мөрдөн байцаах алба очсоноор эрүүдэн шүүх хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, тэр нь эцэстээ юу ч биш болгож замхруулж буйг ХЭҮК-оос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 14 дэх илтгэлд маш тодорхой бичжээ.
Хэрэв нэг байгууллагад эрх мэдэл хэт төвлөрсөн байдалтай ажилласаар байвал ХЭҮК-ийн дараагийн илтгэлд улам ноцтой мэдээлэл дурдагдсаар байх нь бололтой. УИХ-ын гишүүд ч гэсэн удаа дараа АТГ-ыг хуучны НАХЯ шиг боллоо. Ийм хэмжээгүй эрхтэй байж болохгүйг сануулсаар ирсэн. Тиймээс АТГ гэдэг “Хадны мангаа”-д хазаар хэрэгтэй гэж зөвлөж байгааг хүлээн зөвшөөрч, зөв голдиролоор ажиллахыг нь дэмжих шаардлага бий ажээ.