Э.ГАНЦЭЦЭГЖилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын оюутны холбоо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран “Оюутны эрүүл мэндийн төв”-ийг “Оюутны Өргөө-II” хотхонд 16 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулсан. Нийслэлд суралцаж буй 140 гаруй мянган оюутан тус төвөөр үнэгүй үйлчлүүлэх боломжтой. Оюутнуудад анхан шатны үзлэг, оношилгоо, тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн боловсрол олгох үүрэг бүхий тус төвийн эмч, АШУҮИС-ийн ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхмийн багш Г.Цолмонтой ярилцлаа.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн оюутанд үйлчилгээ үзүүлсэн байна вэ?
-Одоогоор нэгтгэсэн тоо баримт байхгүй байна. Үзлэгийн бүртгэл дээр л бүртгээд явчихдаг. Шинэ оноос өмнө нэгдсэн дүн мэдээ гарна.
-Тэгвэл өдөрт хэчнээн оюутан танай төвөөр үйлчлүүлдэг вэ?
-Өнгөрсөн хавар оюутнуудын дунд улаанбурханы дэгдэлт газар авсан. Ялангуяа АШУҮИС-ийн нэг, хоёрдугаар дотуур байранд дэгдэлт их байсан учраас тэдгээр оюутанд дархлаажуулалт, вакцин хийсэн. Түүнээс хойш манай төвийг зорьж ирдэг оюутны тоо эрс нэмэгдсэн. Өмнө нь өдөрт ганц, хоёр оюутан ирж үзүүлдэг байсан бол одоо 10-15 оюутан үйлчлүүлдэг болсон.
-Танайд хандаж байгаа оюутнууд юунаас болж өвчлөөд байна. Шалтгаан нь юу байх юм?
-Залуу хүүхдүүд болохоор архаг, хууч өвчний тохиолдол илрээд байдаггүй. Ихэвчлэн ханиад томууны шинжтэй хоолой өвдөх, гэдэс гүйлгэх, идээт үрэвсэл буюу хатиг, батга гарах, хөл, гараа булгалах зэрэг тохиолдлоор хандах нь бий.Ганц, хоёр оюутнаас бэлгийн замын халдвар илэрсэн.
-Оюутны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ямар ажил хийж байгааг сонирхож болох уу?
-Өнгөрсөн хугацаанд улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор улаанбурхан ба түүнээс хэрхэн сэргийлэх, дархлаагаа сайжруулах, амьдралын зөв хэвшил дадал гэхчлэн олон удаагийн сургалт оюутнуудын дунд явуулсан. Одоогийн байдлаар сүрьеэ өвчний болон эрүүл аж байдлын тухай, элэгний вирус, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талт чиглэлээр сард хоёр удаа сургалт зохион байгуулж байгаа.
-Сургалтын үр дүн гарч байна уу. Оюутнууд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Эхлээд долоо хоног тутамд явуулдаг байсан ч хамрагдах оюутны тоо хангалтгүй, оюутнуудад залхах хандлага ажиглагдсан учраас сард хоёр удаа хийдэг болсон. Сургалтад хамрагдсан оюутнууд эерэг хандлагатай байдаг боловч хамрагдах оюутны тоо төдийлэн нэмэгдэхгүй байна.
-Ингэхэд оюутны эрүүл мэндийн байдлын талаарх нэгдсэн судалгаа байдаг уу?
-Тухайлсан буюу оюутнуудын дундах сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчний тархалт, тандалтын цөөн тооны судалгаа л бий. Нийт оюутныг хамруулсан үндэсний хэмжээний судалгаа бол байхгүй. Манай төвийн зүгээс нийслэлд суралцаж байгаа нийт оюутныг хамарсан эрүүл мэнд, аж байдлын тандалт судалгаа хийхээр ярилцаж байгаа.
-Ер нь, оюутнуудын эрүүл мэндийн боловсрол, энэ талаархи мэдлэг ямар байна вэ?
-Муу гэж хэлмээр байна. Сургалтад хамрагддаг оюутнуудын дийлэнх нь “Нөгөө л ярьдаг зүйлээ л ярьж байна” гэж хүлээж авдаг. Эндээс оюутнуудын эрүүл мэндийн мэдлэг хэр байгааг харж болно. Сургуулиар нь хэлбэл, АШУҮИС-ийн оюутнууд суралцаж байгаа мэргэжлээсээ болоод тэр юмуу урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, хамгийн идэвхтэй үзүүлэх нь бий. Бусад сургуулийн оюутнууд урьдчилан сэргийлэх тал дээр тааруу. Өвчилснийхөө дараа, эсвэл чөлөөний хуудас буюу акт авах гэж ирэх нь олон.
-Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг бол оюутнууд. Тэдний дунд архи, тамхины хэрэглээ өссөөр байгаа дүр зураг бий. Хор хөнөөлийн талаархи сургалт хийдэг үү?
-Оюутан залуус гэлтгүй нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал бол архи, тамхины хэрэглээ. Хэдийгээр сургалт явуулж, зөвлөгөө өгч байгаа ч төдийлэн үр дүнгээ өгөхгүй байна. Энэ талаархи сургалт, сурталчилгааг танхимын бус, арай өөр хэлбэрээр хүргэх шаардлагатай. Ямартай ч, энэ талын сургалт, судалгааны ажил хийж л байна.
-Зөвхөн оюутнуудад зориулж иж бүрэн тохижилттой, үнэ төлбөргүй үйлчлэх эмнэлэг байгуулсан байхад үйлчлүүлэхгүй байгаа нь харамсалтай хэрэг.
-Оюутнууд эрүүл мэнддээ анхаарах тал дээр хойрго ханддаг нь үнэн. Уг нь, ийм сайхан эмнэлгийг ашиглах хэрэгтэй байгаа юм. Хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнууд харьяалалгүйн улмаас оршин суугаа газрынхаа өрхийн эмнэлэгт хандан тусламж, үйлчилгээ авах боломжгүй байдаг. Уг нь, тэд зөвхөн оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ирээд манай төвөөр үйлчлүүлж болно шүү дээ. Гэвч оюутнууд маань хамрагдахгүй, зөвхөн хотхоны цөөн тооны оюутнаар хязгаарлагдаж, эрүүл мэндийн үнэгүй үйлчилгээг авч чадахгүй байгаа нь харамсалтай санагддаг. Тиймээс манай хамт олон их, дээд сургуулиудад өөрсдийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд таниулахаар олон ажил хийж байна.