Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ

Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын өсөлт эрчимжиж, хүн амын дунд банкны харилцах данс, хад­галамж зээлийн үйлчилгээ зэрэг энгийн санхүүгийн бүтээг­дэхүүнийг хэрэглэх нь эрс нэмэгдсэн. Хэдий тийм боловч иргэдийн дунд санхүүгийн мэдлэг, санхүүгийн бүтээгдэхүүний талаар ойл­голт дутмаг байгаагаас өөрс­дийн хэрэгцээнд тохир­сон бүтээгдэхүүн сонгож, урт хугацааны санхүүгийн шийд­вэр гаргахдаа хүндрэлтэй тулга­рах асуудал байсаар бай­на. Энэ нь тухайн өрх гэрийн санхүүгийн байдлаас гадна урт хугацаанд санхүү, эдийн засгийн системийн тогтвортой байдалд нөлөөлдөг.

Дэлхийн банкнаас 2012 онд Монгол Улсын санхүүгийн салбар дахь бүтээгдэхүүн үйлчилгээг хүртэж буй харилцагчид тэдгээрийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг, боловсролын өнөө­гийн байдлыг олон улсын түвшинтэй харьцуулан судал­сан байна. Судалгааны дүнгээс харахад хүн амын дийлэнх хэсэг нь ямар нэг байдлаар санхүүгийн бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй, энгийн тооцон бодох үйлдлүүдийг сайтар мэдэж байсан боловч ирээдүйд хийх хөрөнгө оруу­­лалт, хадгаламж зэрэг сан­хүүгийн шийдвэрийн талаар ойлголт багатай байв. Тухайлбал, судалгаанд хамраг­­дагс­дын 97 хувь нь энгийн тооцон бодох үйлд­­лүүдийг хийж чадаж байсан бол 86 хувь нь даатгалын бүтээг­­­­­дэхүүний зорилгын талаар ойлголттой байсан байна.  Харин 30 орчим хувь нь хүүгийн талаар, 60-аас дээш хувь нь инфляци хадгаламжид нь хэрхэн нөлөөлөх талаар огтхон ч ойлголтгүй байжээ. Нийт хүн амын 90 орчим хувь нь банк болон банкнаас санал болгодог бүтээгдэхүүний талаар мэдэж байсан бол 50-иас бага хувь нь даатгал болон валют арилжааны талаар, 30 хүрэхгүй хувь нь МХБ-ийн бүтээгдэхүүнүүдийн талаар мэдэж байжээ. Брокерийн үйл ажиллагааны талаар судалгаанд оролцогч­дын зөвхөн 14 хувь нь мэдлэгтэй байсан бол санхүүгийн харьцангуй олон төрлийн бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй иргэд нь мэдээллийн олон эх сурвалж ашигладаг иргэд байв.  Мөн судалгаанд оролцогдын 70 орчим хувь нь зөвхөн 3 төрлийн санхүү­гийн үйлчилгээ үзүүлдэг байгуул­лагын төрлийг мэдэж байжээ.

Дээрх судалгаанд үндэслэн санхүү­гийн системийн тогтвор­­­той байдлыг хангах, санхүүгийн сахилга батыг өндөр­жүүлэх, шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйл­чил­гээг хүртэж байгаа харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн сан­хүүгийн мэдлэгийг дээш­лүүлэх зорилгоор Дэлхийн банкны зөвлөмж, олон улсын туршлагаар Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ, их дээд сургуулиуд болон санхүүгийн зах зээлийн оролцогч холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж, 2015 оны есдүгээр сарын 29-ний өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлө­лөөр хэлэлцүүлсний үндсэн дээр баталж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болов.
Энэ хүрээнд Дэлхийн банкны Олон улсын ахлах зөвлөх Шон Мунди ойрын өдрүүдэд манай улсад ажиллаж байгаа бөгөөд Монголбанкин дээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн уулзалт болов.

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг ажлын хэсгийн ахлагч, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар нээн үг хэлж, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон ажлын хэсэгт амжилт хүслээ.

Хөтөлбөрийг боловсруу­лахад дэлхийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага төдийгүй өөрийн орны онцлог байдал, хүн амын санхүүгийн боловсролын түвшинг харгалзан үзэж хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг тодорхойлов.

Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбө­рийг хэрэгжүүлэх нь оролцогч талуудын хамтын ажиллагааны тэнцвэртэй байдлыг хангаж, авч буй арга хэмжээ, үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэн шаардлагатай арга хэмжээнд төвлөрөх боломжийг олгох зэрэг давуу талыг бий болгодог. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн зөв шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх, санхүү, банкны системд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хөгжлийг дэмжих боломжтой болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан