Монгол Улсын Ерөнхий сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэгийн ахалсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал боллоо. Хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Хөвсгөл зэрэг агаарын бохирдолтой аймгийн Засаг дарга нарыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон аймаг нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэхэд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хийсэн ажлыг нэг үзүүлэлт болгон дүгнэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тус хорооны хурлаар 2015-2016 онд хийх ажлын чиглэл, Цэвэр агаар сангийн 2015 оны ажлын явц, болон сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийн байдлын талаарх асуудлыг хэлэлцсэн байна.