Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хар алтны” жижиглэнгийн үнэ буурсаар

Л.БАТБААТАР

Сүүлийн хоёр хоногт  цас бороо холилдон орж, замын шалбааг шөнөдөө мөстөж хоносон нь хүйтний эрч чангарсаныг илтгэнэ. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн түлээ, нүүрсний үнэ ч нэмэгддэг. Нийслэлийн иргэдийн ихэнх нь “Цайз”  захаас түлээ, нүүрс худалдан авч өвлийн бэлтгэлээ базаадаг.
Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд нүүрсний үнэ, борлуулалт хэр байгааг сурвалжлахаар “Цайз” захыг зорилоо.


“Түлээ модоо аваарай. Нүүрсээ аваарай” гэж хашгирсан хүмүүс зам даган зогсоно. Замын урд хэсэгт явган хүний зам дагуу нүүрс ачсан ачааны портер машинууд эгнэжээ. Нүүрсний ченжийг хоёр хуваадаг аж. Машин тэрэгтэй нэг хэсэг нь уурхайгаас  нүүрс ачин ирж бөөний үнээр зардаг. Нөгөө хэсэг нь нүүрсийг бөөнөөр худалдан авч, жижиглэнгийн үнээр дамлан зарж ашиг олдог байна. Ингээд хамгийн эхэнд зогсох портер машины жолоочтой ярилцлаа. Өөрийгөө Болд хэмээн танилцуулсан тэрээр нүүрсний ченж хийж, гурван өвлийг үдсэн нэгэн.

Тэрбээр “Налайхын уурхайн амнаас гурван тэвш нүүрсийг 140 мянган төгрөгөөр худалдан авдаг. Бензиний зардалтай нийлээд 160 мянган  төгрөг болдог юм. Ачиж ирсэн нүүрсээ 200-220 мянган төгрөгөөр зардаг. Нэг явалтад 40-50 мянган төгрөгийн ашиг олдог” гэлээ. Болдын хэлснээр уурхайн амнаас  гурван тэвш нүүрс олборлон  ачааны портер машинд ачихад 1.6 тонн болдог байна.

Ингээд 220 мянган төгрөгөөр борлуулдаг. Өнгөрсөн жил 1.6 тонн нүүрсийг 260 мянган төгрөгөөр борлуулж байсныг бодоход энэ жилд  30-40 мянган төгрөгөөр хямдарчээ. 1.6 тонн нүүрс нь утаагүй зуухтай айлд  өвлийн турш хүрэлцдэг байна.

Харин ханан пийшинтэй бол 2-3 портер машин нүүрс түлж өвлийг давдаг байсныг бодоход сайжруулсан зуух мөнгөнд хэмнэлттэй хэмээн гэр хороололд оршин суух нэгэн хэлсэн юм.

Энэ жилийн хувьд нүүрсний борлуулалт эрс муудсан тухай ченж бүр хэлэв. Өмнөх жилүүдэд өдөртөө хоёр удаа Налайхаас нүүрс ачин ирж борлуулдаг байсан бол энэ жилийн хувьд нэг л удаа тээвэрлэлтэд явдаг болжээ. Өглөө 07:00 цагийн үед  Налайхын нүүрсний ам руу явж, өдөр 14, 15 цагийн үед “Цайз” захад буцаж ирдэг байна. Ингээд 3-4 цаг зогссоны эцэст худалдан авагч олддог аж.  Худалдан авсан хүний гэрт очиж  нүүрсийг нь буулгаж өгдөг гэж Болд ярилаа.
Болдын хэлснээр “Нүүрсний чанар уурхайгаасаа хамаарч харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, Алаг толгойн нүүрсийг нам даралтын зууханд түлэхээр ширмийг нь хайлуулдаг. Хэт их илчтэй. Багануурын нүүрс Налайхын уурхайн нүүрсийг бодвол  20 мянган төгрөгөөр хямд  байдаг ч чанарын хувьд тааруухан. Мөн нэг уурхайн нүүрс гэхэд дотроо янз бүр. Нүүрс нь газрын гүнд байх тусам  илчлэг чанар сайтай байдаг. Газрын өнгөн хэсгийн нүүрс чанар муутай. Гүний нүүрс нь цогоо сайн барьдаг, илч ихтэй. Хөрсний өнгөн хэсгийн  нүүрс  асалт хурдан, цогшихгүй. Мөн мөстэй нүүрс гэж байдаг. Мөстэй нүүрс  утаагүй зууханд асдаггүй. Настайчууд гүний нүүрсийг хараад мэддэг юм” гэнэ.

Болдынх ам бүл дөрвүүлээ. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг тэрээр амьдралд сэтгэл хангалуун явдаг  тухайгаа хэлсэн. Эхнэр нь бас портер машинаар нүүрс тээвэрлэдэг. Хоёр ачааны портер машинаа “ХААН” банкны лизингээр авч, уйгагүй зүтгэсний эцэст төлбөрөө бүрэн төлж дуусгажээ. Улсын ажил олддог ч хийх дургүй. Өөрийн дураар ажиллаж амьдраад сурчихсан хүн цагтай, захиргаатай ажилд  дургүй гэдгээ ч шуудхан илэрхийлж байв.
Нүүрсний ченжүүд өвлийн хэдэн сард л идэвхтэй ажилладаг. Зуны урин дэлгэр цаг ирэхэд хаана, ямар ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг талаар асуухад “Хавар дөрвөн сарын сүүлээр нүүрсний борлуулалт зогсдог. Зуны улиралд барилгын материал болох элс хайрга, тоосго тээвэрлэдэг” гэлээ.

Ачааны ЗИЛ-130 машин таван тоннын даацтай. Машины тэвш дүүрэн нүүрсийг 460 мянган төгрөгөөр борлуулж байж. Сайн ачсан хоёр ачааны портер машин нүүрс нэг ачааны ЗИЛ-130 машины тэвшийг дүүргэдэг.  ЗИЛ-130 машин дээр ачсан их хэмжээний нүүрсийг иргэдээс илүүтэйгээр албан газрууд худалдан авдаг аж. Энэ жилийн байдлаар хүйтрэх тусам нүүрсний үнэ өсөхгүй гэж ченжззд ярина. Энэ мэдээ нүүрс түлдэг хүн бүрт таатай сонсогдох буй за.

Төр засгаас ажлын байр гуйгаагүй

Дараагийн уулзсан ченж  нүүрсний жижиглэнгийн худалдаачин Цэцгээ байв. Тэрээр “Цайз” захад 10-аад жилийн турш худалдаа хийж буй нэгэн. 20 тоннын чингэлэгийг сарын 250 мянган төгрөгөөр түрээслэдэг тэрээр явган хүний зам дагуу  том жижиг гээд янз бүрийн савалгаатай нүүрсийг эгнүүлэн өржээ. 10 килограммын шуудайтай Налайхын нүүрс  2000 төгрөгийн үнэтэй. Бөөний үнэ нь 1800 төгрөг. 40 килограммын шуудайтай Налайхын нүүрсийг  жижиглэнгээр  4000 төгрөгөөр борлуулдаг. Бөөнөөр бол 3800 төгрөгөөр зардаг гэнэ. 10 кг-ын савалгаатай Налайхын нүүрсийг гэр хорооллын дэлгүүр, цайны газрууд 2500 төгрөгөөр иргэдэд давхар дамлан ашиг олдог байна. Машингүй, ядарсан иргэд үүнийг авахаас өөр аргагүй байдалд ордог ажээ.

Харин 50 килограмын савалгаатай Багануурын нүүрсийг 3500 төгрөгөөр борлуулж байв. Модыг хагалж жижиглэн том, жижиг хоёр шуудайд хийж тавьсан харагдана. Үнийн хувьд 40 килограммын шуудайтай хар мод, нарс, хуш зэргийг 4000 төгрөгөөр зарж байлаа. Бөөнд нь 3000 төгрөгөөр худалдан авч, шуудай тус бүрт 1000 төгрөг нэмж зардаг гэж нуулгүй хэлсэн юм. Жижиг шуудайтай модыг бөөнд нь 1000 төгрөгөөр худалдан авч, 1500 төгрөгөөр зарж байв. Тодруулбал өнгөрсөн жил жижиг шуудайтай модыг 1600-1800 төгрөгөөр зарж байжээ. Түлээ, нүүрсний үнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдээгүйгээр барахгүй буурсан байв.

Ярилцаж зогссон 10 минутын хугацаанд 5-6 үйлчлүүлэгч ирж мод, нүүрс худалдан авлаа. 10 килограммын савалгаатай Налайхын нүүрснээс 31 шуудайг бөөний үнэ болох 1800 төгрөгөөр худалдан авсан иргэн Э нь “Манайх “Өлзий” (утаагүй) зуухтай. Голдуу Налайхын нүүрс хэрэглэдэг. Багануурын нүүрс гадна талаараа биржгэр, түлэхэд тортог ихтэй байдаг. Налайхын нүүрс тийм биш. Мөнгөний боломжоос шалтгаалж жижиглэнгийн үнээр авч байна. Энэ нүүрсийг шинэ жилийн баяр хүртэл  түлэх байх” гэлээ.

Нүүрс, түлээ жижиглэнгээр борлуулж  хэчнээн төгрөгийн ашгийг нэг өдөрт олдог вэ гэхэд  “Ачааны портер машин нүүрсийг 220-250 мянган төгрөгөөр  худалдан авдаг. Хоёр хүн хөлслөн шуудайнд савлуулахад 150-160 ширхэг болдог. Ингээд  бөөний үнэ болох 1800 төгрөгөөр зарахад 30-40 мянган төгрөгийн ашиг гардаг. Үүнээс савлаж шуудайлсан  хоёр хүний ажлын хөлсийг төлнө” гэв. Мөн жийп машин унасан амьдралын боломжтой хүмүүст бол жижиглэнгийн үнээр зардаггүй хэмээсэн юм.

Эдийн засгийн хямралаас шалтгаалж нүүрсний борлуулалт жил ирэх тусам унаж байна. 10-аад жилийн өмнө чиргүүлтэй ЗИЛ-130 машин нүүрсийг өдөртөө шуудайлж жижиглэн зардаг байсан тухайгаа Цэцгээ ярив. Тэр үед нүүрсний ченжийн тоо ч цөөхөн байв. Гэтэл одоо нэг ачааны портер  машин нүүрсийг хоёр хоногт зарж байна гэхээр борлуулалтын хэмжээ багассан нь тодорхой харагдана.
Борлуулалт муудсан шалтгааныг “Нүүрсний ченжийн тоо олон болсон. Гэр хорооллын олон айл өрх орон сууцанд орсон. Гэр хорооллын айлууд халаалтын шал тавьж, цахилгаанд холбогдсон” гэж тайлбарласан. Тэрээр түлээ зарж олсон ашгийг хоол хүнсэндээ зарцуулж, нүүрснээс олсон орлогоо түрээс, банкны зээлээ төлдөг аж.

Төр засгаас нэг ч төгрөг гуйгаагүй бор зүрхээрээ амьдарч явахад битгий биднийг дарамтлаач гэж хүсэв. Өнгөрсөн жил Стандартчлал хэмжил зүйн газраас байцаагч ирж нүүрсний жингийн талаар хэмжилт хийсэн. Гэхдээ дутуу савласан гэх зөрчил илрээгүй. Өрх толгойлсон надад хорооны зүгээс ямар ч анхаарал хандуулдаггүй. Би төр засгаас ажил гуйгаагүй. Харин ч таван хүнийг ажилтай байлгадаг хэмээн дүүрэг, хорооны ажлын талаар таагүй сэтгэл тээж явдаг гэдгээ ч илэрхийлээд авсан.

Нүүрсний ченж бүр зуны улиралд өөр ажил эрхэлдэг. Урин дулааны хэдэн сарыг ажил хийхгүйгээр хэрхэн өнгөрөөх билээ. Цэцгээ блокны үйлдвэртэй бөгөөд гурван ажилчин хөлслөн ажлуулж  блок үйлдвэрлэдэг. Шар хадны эцэст байрлах том хашаан дотор тус үйлдвэр нь байрладаг гэнэ. Гуравдугаар сарын сүүлээр нүүрсний ченжийн ажлыг блок үйлдвэрлэх ажлаар сольдог байна. Ашиг гарвал баярлаад, их ашигтай ажиллавал бүр их баярлаад гүйж явдаг хүн хэмээн өөрийгөө тодорхойлсон. Даацын болон хөнгөн гэж хоёр төрлийн блок үйлдвэрлэдэг. Даацын блокоор олон айлын байр, цэцэрлэг барьсан хэмээн бахарангуй ярьж байв. Тэрээр өвөл хоёр хүнийг нүүрс савлах ажилтай байлгадаг. Харин зуны улиралд гурван хүнийг блок үйлдвэрлэх байнгын ажилтай байлгадаг ажил олгогч гэдгээ бас дурдаж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан