Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Наранхүү: Нүүрсний тээврийн зардал 1.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

Т.ЖАНЦАН

“ДЦС-4” төрийн өмчит компанийн Бизнес, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Наранхүүтэй өвөлийн бэлтгэл болон нүүрсний үнэ ханшийн талаар ярилцлаа.

-Энэ өвөл алдарт мичин жилийн зуд болно гэж хүмүүс ярьж байгаа. Өвлийн бэлтгэлээ хэр хангав. Нүүрсний нөөцөө сайтар базааж чадав уу?
-“ДЦС-4” ирэх өвлийн их ачааллыг давах бэлтгэлээ 95 хувьтай хангаад байна. Өнөө маргаашдаа нэг тоноглолын засвар дуусч байгаа. Түүнийг залгаад туршилт, тохируулга хийчихвэл өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө бүрэн биелнэ. Энэ онд хэтэрхий их нүүрс нөөцөлсөн. Одоогоор манай агуулахад 220 мянган тонн нүүрс бий. Энэ бол бараг 20 хоногийн хэрэглээ. Ер нь хүмүүс дулааны цахилгаан станц нүүрс л их нөөцөлж авбал өвлийн бэлтгэлээ хангасан гэж ярьдаг. Хэт их нүүрс нөөцлөнө гэдэг бол тийм ч ач холбогдолтой зүйл биш. Бид 10 хоногийн нүүрсний хэрэглээгээ нөөцлөсөн байхад хэвийн ажилладаг. Учир нь төмөр замд ямар нэг гэмтэл гарвал хоёр гурав хоногт засна. Нүүрсний уурхайд бас саатал гарвал бас л хоёр гурав хоногт засаад хэвийн ажилладаг. Иймд 10-аас дээш хоногийн нүүрс нөөцлөнө гэдэг нь маш их хэмжээний мөнгө агуулахад овоолоотой хэвтэж байна гэсэн үг. Үүнээс гадна нүүрс их хэмжээгээр нөөцлөхөд халж шатах, салхинд хийсэх зэргээр үргүй зардал их гарна. Тэгэхээр нүүрсний нөөцийг зохистой хэмжээнд барих ёстой.

-Уурхайнууд нүүрсний үнэ хямд байна гэдэг. Дулааны цахилгаан станцууд нэг тонн нүүрсээ хэдэн төгрөгөөр авч байна вэ?
-Харин тийм. Нүүрсний уурхайнууд бид алдагдалтай ажиллаж байгаа тул үнэ нэмэх шаардлага байна гэдэг. Төр ард түмнээ бодоод нүүрс, цахилгааны үнийг хатуу барьж  байгаа. Манай цахилгаан станц Багануур, Шивээ-Овоогоос  яг адил хэмжээгээр нүүрс авч хэрэглэдэг. Энэ он гараад нүүрсний үнэ нэг тонн тутамдаа 3000 төгрөгөөр нэмэгд­сэн. Жишээ нь, Бага­нуурын нэг тонн нүүрс 27 орчим мянган төгрөг болно. Үүн дээр тээврийн зардал нэ­мэгдээд ойролцоогоор 30 ор­чим мянган төгрөгөөр ма­най агуулахад бууж байгаа. Шивээ-Овоогийн нүүрс ч ялаагүй нэг тонн нь иймэрхүү үнэтэй байна. Энэ уурхайгаас нүүрс  тээвэрлэхэд Багануураас арай хол, үнэ бага. Гэвч нэг тонн нүүрсний үнэ нийлбэр дүн­гээрээ ойролцоо болж буй юм. 

-Тэгвэл тээврийн зардал ямар байна. Нүүрсний үнэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Энэ жил нэг хүндрэл гарсан. Өөрөөр хэлбэл, Улаан­баатар төмөр зам нүүрсний тээврийн хөлсөө хоёр удаа нэмлээ. Тус компани нүүрсний тээвэр алдагдалтай гэж олон жил ярьж ирсэн. Орос, Монгол хоёр улсын хамтарсан компани. Тэгээд долоо, наймдугаар сарын 1-нд нийт 21 хувиар нэмсэн. Иймд манай дулааны цахилгаан станцын энэ онд хэрэглэх нүүрсний үнэ дээр 1.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарах болж буй юм.
 
-Тэгэхээр цахилгааны үнэ нэмэгдэх нь гэж ойлгож болох уу?
-Зардал нэмэгдсэн тул тэр хэмжээний алдагдал бид хүлээнэ гэсэн үг. Иймд бид Эрчим хүчний зохицуулах хороонд дээрх алдагдалыг нөхөх хэмжээнд цахилгааны үнэ нэмж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Тэгээд аравдугаар сарын 1-нээс нэг кВт цаг цахилгааны үнэ хоёр төгрөг орчимоор нэмэгдлээ. Манайхан гар утасны хэрэглээндээ мөнгө харамгүй зардаг. Нэг өрхийн хүн бүр гар утастай. Гэтэл дулаан, цахилгааны үнэ төлөх болоод нэмэгдлээ гэхэд эмзэг хүлээж авдаг. Харин гар утасны төлбөр, хэрэглээний өртөг нь нэмэгдсэн, их өндөр гарсан байхад тоодоггүй. Уг нь хоол ундаа хийхээс өгсүүлээд бүх хэрэгцээг нь хангахад тусалдаг эрчим хүчний салбараа ойлгож  дэмжих хэрэгтэй гэж бодож байна.

-Нүүрсний уурхай, ДЦС-уудын хооронд өр, авлага гэсэн асуудал олон жил яригдаж байгаа. Танай станцын хувьд энэ асуудал ямар байна вэ?
-Манай станц өнөөдрийн байдлаар Багануурын уурхайд тав, Шивээ-Овоогийн уурхайд зургаан тэрбум орчим төгрөгийн хуучин өр бий. Бид энэ оны эхнээс уг өрийг бага бага хэмжээгээр бууруулаад байгаа. Энэ онд авсан нүүрснийхээ үнийг бүгдийг нь төлж хур өрнөөсөө хассан. Гэвч бид хур өрөө төлж дуусгана гэж өнөөдөр хэлж чадахгүй. Энэ хур өр яаж үүссэнийг  тайлбарлая.  “Бид цахилгаан үйлдвэрлээд зарна. Гэтэл борлуулалтын орлого маань бүрэн орж ирж чаддаггүй. Иймд нүүрсний уурхайд дутуу төлөлт хийж ирсэн юм. Өр үүсэхэд төрөөс эрчим хүчний үнийг хатуу тогтоож ирсэн, иргэд хэрэглэсэн цахилгааны мөнгөө бүрэн төлдөггүй явдал нөлөөлсөн. Түүнээс бид орж ирсэн мөнгөө уурхайд өгөлгүй “луу унжсан” зүйл байхгүй. Шинэ Засгийн газар байгуулагдаж Эрчим хүчний яамтай болсон. Ингээд эрчим хүчний салбарын бодлого чиглэл тодорхой болж үнэ тарифыг  хөдөлгөсний хүчинд хуучин өр, авлага бага зэрэг буурч бага ч болов багаслаа. Цаашид цахилгааны үнийг бага бага хэмжээгээр нэмбэл цахилгаан станцууд алдагдалгүй ажиллах боломж бүрдэх юм.

-Тэгвэл цахилгааны үнэ цаашид нэмэгдэх нь. Ер нь хэдэн төгрөг байвал алдагдалгүй болох юм бол. Олон улсад ямар үнэтэй байна вэ?
-Манай улсад цахилгааны үнэ дэлхийн дунджаас асар бага. Олон улсад нэг кВт цаг цахилгааны дундаж үнэ 7-8 цент байна. Гэтэл бид өнөөдөр хэрэглэгчдэд нэг кВт цаг цахилгаанаа 120 гаруй төгрөгөөр борлуулдаг. Цахилгаан станцууд өнөөдөр дэлхийн жишиг үнээр нефть бүтээгдэхүүн худалдан авч байна. Мөн олон улсын зах зээлийн үнээр сэлбэг хэрэгсэлээ худалдан авна. Гэтэл ийм хэмжээний зардал гаргачихаад борлуулж буй бүтээгдэхүүн маань дэлхийн жишигт хүрдэггүй. Ер нь ДЦС-4”-ын тарифыг найман төгрөгөөр нэмбэл алдагдалгүй ажиллах тооцоо бий.

-Төрөөс цахилгаан стан­­цуу­дад санхүүжилт өгч байгаа юу?
-Бидэнд төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт өгдөг­гүй. Цахилгаан станцууд бүтээг­дэхүүнээ борлуулсан мөн­гөөрөө бүх зардлаа даагаад ажилладаг. Харин тө­рөөс нэг том ажил хийсэн. “Чингис” бондын хөрөнгөөр нэг турбин генораторыг байгуулж өглөө. Өөрөөр хэлбэл, манай цахилгаан станцын хүчин чадал 123 мВт-аар нэмэгдсэн. Энэ бол маш том хөрөнгө оруулалт юм. Манай цахилгаан станц өнөөдрийн байдлаар төвийн бүсийн эрчим хүчний 65, дулааны 70 хувийг хангаж байгаа. Манай эрчим хүчний системийн оргил ачаалал 1100 мВт болох тооцоо бий. Өнөөдөр 600, 700 мВт хэрэглэж байна.

-Дулаан, цахилгааны үйлдвэрлэл, хэрэглээ дээд цэгтээ тулсан гэж ярьдаг. Тэгвэл танайх болон “ДЦС-3” гээд цахилгаан станцуудад өргөтгөл хий­лээ.  Одоо хэрэглээ, үйлд­вэрлэл хоёр ямар харь­цаатай болсон гэж та мэргэжлийн хүний хувьд бодож байна вэ?
-Улаанбаатар хотод дулааны хэрэглээ, үйлдвэрлэл дээд цэгтээ тулсан байсан. Өөрөөр хэлбэл, бидний үйлдвэрлэлж буй дулаан урьд нь холбогдсон айл өрх, албан газраа хангаад шинээр баригдсан барилга байгууламж халаах боломжгүй байлаа. Товчхондоо нөөцгүй болсон байв. Харин энэ жил энэ асуудлыг шийдсэн. Тухайлбал, Амгалангийн дулааны цахилгаан станц шинээр баригдлаа. Энэ станц Улаанхуаран, Офицеруудын ордон хавийн барилга байгууламжийг бүгдийг нь хангаж байна. Бас манай станц өргөтгөл хийлээ. Бас “ДЦС-3” хүчин чадлаа нэмсэн. Ингээд дулаан үйлдвэрлэлийн нөөц нэмэгдсэн тул ойрын 4-5 жилдээ шинээр байшин барилга барихад дулаан дутагдах аюулгүй болсон юм. Гол нь шинэ барилгуудад дулаан дамжуулах шугамын асуудал л бий. Цахилгаан үйлдвэрлэл ойрын 2-3 жилд асуудалгүй. Ер нь цаашид дутагдах магадлал бий. Үүнийг яам тамгын газраас тооцоолж Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын уурхайг түшиглэж дулааны цахилгаан станц барих зөвшөөрөл өгч ажил нь эхлээд байгаа. Эдгээр станц ашиглалтад орвол манай улс гэрэл гэгээгээр тасрана гэж айлтгүй. Өнөөдрийн хувьд оргил ачааллын үед цахилгаан дутагдвал ОХУ-аас авч байна. Бага хэмжээгээр авч байгаа хэдий ч нэг кВт цаг цахилгааны үнэ өндөр. Тухайлбал, бид хойд хөршөөс 190 төгрөгөөр авч айл өрхүү­дэд 120 төгрөгөөр зарж байна.

-Цахилгааны хэрэглээ өнөөдөр ямар байна вэ?
-Монгол Улсад жил бүр цахилгааны хэрэглээ 3-4 хувиар нэмэгдэж ирсэн. Гэтэл энэ онд цахилгааны хэрэглээ нэмэгдсэнгүй. Үүнд эдийн засгийн хямралын байдал нөлөөлж байж магдагүй гэж бид харж байгаа. Түүнээс биш манай станц ачаалал аваад ажилла гэвэл бэлэн. Гэвч хэрэглээ байхгүй тул өнгөрсөн жилийн түвшинд л ажиллаж байна.

-Цахилгаан станцыг утаа, үнс их гаргадаг гэж иргэд ойлгодог. Технологийн ши­нэч­лэлт хэр хийж байна вэ?
-Улаанбаатар хотын агаарын бохирдолын 80 хувь нь гэр хорооллын утаа гэж судалгаагаар тогтоосон байдаг. Үлдсэн 10 хувь нь авто машин, 10 хувь нь уурын зуух, цахилгаан станцынх. “ДЦС-4” агаар бохирдуулдаггүй. Манай станцын яндагаар гарч буй утааны  98 хувийг цахилгаан шүүрээр шүүдэг.  Иймд ядангаар халуун уур гарч буй гэсэн үг юм. Манай яндан 250 метр өндөр.  Үүнээс гарч буй хаягдал өөрийн жингээр явхад 20-30 км зайд унах тооцоотой. Хэрэв цахилгаан станцын утаа агаар ихээр бохирдуулдаг бол Улаанбаатар өвөл, зунгүй утаатай байна гэсэн үг. Мөн манай гардериас гарч буй усны уурыг хүмүүс утаа гэж ойлгодог. Тэгэхээр усны уур тул хотын агаарыг чийгшүүлж өгч байгаа. Гэр хорооллын утааг л арилгах нь чухал. Цахилгаан станц өдөрт 100-140 вагон нүүрс түлдэг. Энэ нь 8-9 мянган тонн болно. Уг нүүрсний 10 хувь нь үнс болж үлдэж байгаа. Үнсээ усаар тээвэрлэж цахилгаан станцаас баруун тийш гурван км газарт нуур үүсгэн хийдэг. Тэнд урсаж очсон үнс дороо тунаж дээд талд нь цэвэр ус үлддэг юм. Тэр усыг нь эргүүлж цахилгаан станцад татаж гарч буй үнсээ дахин урсгаж тээвэрлэнэ. Тэгэхээр манайхаас гарсан үнс усанд байдаг тул салхинд хийсэх, агаарын бохирдолд ямар нэг нөлөө үзүүлдэгүй. Сүүлийн үед манайхаас гарч буй үнсний дийлэнхийг нь үйлдвэрүүд авдаг болсон. Тэд цемент, блок зэрэг барилгын материал үйлдвэрлэхэд ашиглаж байна. Иймд хаягдал гарахгүй болж байна гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан