Л.БАТБААТАР
Аравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө цас, бороо холилдон орсноор хотын гудамж талбайд хальтиргаа гулгаа үүсээд буй. Замын хальтиргаа гулгааг арилгах асуудлыг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг. Тус нэгтгэлийн Шуурхай удирдлагын төвийн ахлах диспетчир Ч.Зоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Их хэмжээний цас бороо орсноос хальтиргаа гулгаа үүссэн. Замын хальтиргааг арилгах чиглэлээр “Улаанбаатар нэгтгэл” хэрхэн ажиллаж байна вэ?
-Өчигдөр (уржигдар) “Улаанбаатар нэгтгэл”-ийн 19 ажилчин, долоон машинтайгаар оройн долоон цагаас үүрийн гурван цаг дөчин минут хүртэл цас хайлуулах 61 тонн бодисыг замын хальтиргааг арилгах үүднээс цацсан. “Нарны зам”, “Энхтайвны өргөн чөлөө”, “Их тойруу”, “Бага тойруу”, “Нарны гүүр” зэрэг осол гардаг уулзвар, замын дагуу бодис цацах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Аравдугаар сарын сүүлээр орсон цас, бороо хальтиргаа их үүсгэдэг. Өнөөдөр ч гэсэн нэг машин цас хайлуулах бодис цацаад явж байна. Одоогоор цас хайлуулах бодис 16, давс 34 тонн, элс 300 метр кубын нөөц байна. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж даваа гүвээний хальтиргаанд, цас хайлуулах бодисыг элстэй хамт цацаж хэрэглэдэг. Голдуу даваа, гүвээ гэх алсын замын хальтиргааг арилгах зорилгоор цас хайлуулах бодисыг элстэй хамт цацна.
-Улаанбаатар хотын өвлийн автозамын гулгаа, хальтиргааг арилгахад хэчнээн тонн бодис, давс, элс хэрэглэдэг вэ?
-Өвлийн автозамын хальтиргааг арилгахын тулд 600-700 тонн цас хайлуулах бодис, 200 метр куб элс, 50-50 тонн давс ашигладаг. Гэхдээ тухайн үеийн байдлаас шалтгаалж энэ тоо бага зэрэг нэмэгдэж, хасагдаж болно. Өнгөрсөн жил зөвхөн бодис гэхэд л 700 тонныг хэрэглэсэн. Өвлийн турш 20 удаа цас орно. Нэг удаад нь 30 тонн бодис цацна гэсэн тооцоо хийсэн байсан. Аравдугаар сарын 7-нд цас ороход нэг тонн бодис цацсан. Хальтиргаа гулгаанд хэрэглэх бодисыг баруун зүүн гэсэн хоёр баазад агуулдаг. Мөн машин механизмуудыг автозамын хальтиргааг арилгахад хэрэглэдэг. Цас хайлуулах бодисыг нийслэлээс нийлүүлдэг. Бодисыг хоёр баазад хувааж байршуулан, хуваарьт замын дагуу нарийн бүртгэлийн үндсэн дээр цацдаг. Нэгтгэл зургаан хэсэгтэй. Хэсэг бүр нэг инженер, техникчтэй. Харьяа автозамын дагуу хальтиргаа гулгаа ямар байгааг болон бодис цацсан үгүйг төв диспетчирт эргэж мэдээлдэг.
Шинээр батлагдсан хуулийн дагуу “Улаанбаатар нэгтгэл” замын гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, борооны ус зайлуулах шугам, хайс, хашлага зэргийг хариуцан ажиллаж эвдрэл гэмтлийг засдаг.
-Өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж чадсан уу?
-“Улаанбаатар нэгтгэл”-ийн зүгээс шалтгаалах өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Цас хайлуулах бодисын нийлүүлэлт бага зэрэг саатаж байна. Машин техник, хүн хүчний хувьд нөөц боломж хангалттай бий. Нам даралтын зуухаар халдаг салбар нэгжүүдэд нүүрс татаж өгсөн. Ажилчдыг өвлийн гутал, хувцсаар хангаж, мөн цохиур мод бэлдэж өгсөн. Ер нь өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.
Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд салбар хэсгүүдийг түлээ, нүүрсээр хангасан. Онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах төлөвлөгөөний сургалтад 15-20 сая төгрөгийг баталсан байдаг.
-Хальтиргаатай замд зорчих жолооч нарт хандаж юу зөвлөх вэ?
-Манай орны байгаль цаг уурын нөхцөл байдал Сибирьтэй ойролцоо. Жолооч нар хальтиргаа гулгаатай замд анхаарал болгоомжтой зорчих хэрэгтэй. Нэг жолоочийн буруутай үйлдлээс болж олныг хамарсан осол гардаг. Манай нэгтгэл Улаанбаатар хотын доторх 300 км авто замын хальтиргаа гулгааг арилгаж цэвэрлэдэг. Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний алба орон сууцны хороолол доторх зам талбайг хариуцан ажилладаг. Манай нэгтгэлийн ихэнх инженер, ажилчин хуучнаар хот тохижуулахад ажиллаж байсан туршлагатай. Нэгтгэлийн зүгээс хариуцсан ажлаа хоёргүй сэтгэлээр хийж байна. Жолооч нар бусдыг хүндэлж аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцоорой гэж хэлмээр байна.