Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.АМАРСАНАА: “ХАРВОНИ” ЭМИЙГ ХЭР ХЭМЖЭЭГЭЭР НИЙЛҮҮЛЭХИЙГ ЭМИЙН ҮЙЛДВЭР НЬ ШИЙДНЭ

Монгол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт бичигддэг. Элэгний өвчлөлийг хүндрүүлж, улмаар хавдар болгодог элэгний С вирусийг устгах эм удахгүй манай улсад оруулж ирнэ. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагаас тодрууллаа. Тэрбээр энэ эмийг оруулж ирэх ажлыг санаачилсан хүн юм.


-“Харвони” эмийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай хэчнээн өвчтөн байна вэ?
-“Харвони” гэдэг бол арилжааны нэр. Шинжлэх
ухааны албан ёсны нэр нь сопоспувид лидипоспер юм. Хоёр эмийг нийлүүлж шахмал хэлбэрээр нэг эм болгосон. Энэ эмийг зайлшгүй хэрэглэх
эсэхийг эмчлэгч эмч шийднэ. Элэгний С вирустэй 300-400 мянган хүн бий гэсэн хуучны судалгаа бий. Улс орныг бүрэн хамарсан өргөн хүрээний судалгаа ойрын үед хийгээгүй. Тийм учраас бодит тоог сайн хэлж мэдэхгүй. Эхний удаад 1600 өвчтөний гурван сарын эмчилгээний эм орж ирнэ. Эхний ээлжинд бүртгүүлж эмчилгээнд хамрагдахын тулд хэд хэдэн нөхцөл шаардлага хангасан байх ёстой. Үүнд нэгдүгээрт, С вирустэй гэдгээ баталгаажуулсан байх. Өдөр тутмын үзлэгээс харахад зарим хүн вирустэй үгүйгээ мэдэхгүй байж эмчилгээнд орох гэж зүтгээд байдаг. Нарийн шинжилгээнд хамруулахаар вирус нь устчихсан байх жишээтэй. Элэгний С вирусгүй иргэдийн хувьд ийм эмчилгээ хийлгэх ач
холбогдолгүй. Хоёрдугаарт, энэ нь В вирусийн эсрэг эмчилгээ
биш. В вирустэй өвчтөнүүд С вирусийн эсрэг эмчилгээнд орох гээд байдаг. Мөн вирустэй мөртлөө төлбөрийн чадваргүй өвчтөн олон байна.
Эдгээр өвчтөний төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Сүүлийн үед төлбөрийн чадваргүй С вирустэй иргэдэд тусалж дэмжих, гадаадын тусламжийн байгууллага хайх ажлыг хийж байна. Гадаадын ганц нэг байгууллага энэ чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах сонирхлоо илэрхийлсэн.

-Шинжилгээний төлбөр хэдэн төгрөг болох бол. Эдийн засаг хямралтай байгаа үед мөнгөний дүн иргэдийн сонирхол татах нь ойлгомжтой?
-Вирус тоолох болон биохимийн шинжилгээ, вирусийн генотипийн нарийвчилсан шинжилгээний үнэ нийлээд 500 мянган төгрөг болно. Лабораторуудын шинжилгээний үнэ янз бүр. Эмчилгээний өмнөх шинжилгээнүүд нь дунджаар
300-600 мянган төгрөгт багтана. Эмчилгээ эхэлсний дараа явцын болон явцын хяналтын шинжилгээ хийнэ. Мөн эмчилгээ дууссаны дараа хийх хяналтын шинжилгээнд мөнгө шаардлагатай. Өнөөдрийн байдлаар улсын эмнэлгийн вирус тоолох шинжилгээний үнэ 120 мянган төгрөг байна. Ингэхээр эмчилгээ, оношилгооны төлбөрөө төлж чадахгүй өвчтөн олноор гарч ирэх магадлалтай. Вирустэй нь батлагдчихсан, эмчилгээний болон шинжилгээний төлбөрийн
чадваргүй өвчтөн маш олноор ирж надтай уулзаж байна. Ийм учраас гадаадын болон дотоодын тусламжийн байгууллагад хандаж хүсэлт гаргасан юм. Одоогоор нааштай үр дүн гарах эсэхийг хэлэхэд эрт байна. Гэхдээ энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх болно.

-Эхний ээлжинд 1600 өвчтөний эм орж ирэх нь. Дараагийн ээлжийн эм хэзээ ирэх бэ?
-Эхний ээлжийн 1600 өвчтөн эмчилгээнд хамрагдаж дууссаны дараа залгуулж дараагийн ээлжийн эм орж ирнэ. Ирэх оны хоёрдугаар сарын сүүл буюу гуравдугаар сарын эхээр дараагийн ээлжийн эм орж ирэх болов уу. Эхний ээлжинд хамрагдах 1600 өвчтөнг бүртгэж дууссан.
Энэ сарын 20-нд бүртгэл хаана гэж хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацагдсан. Хувийн зарим байгууллага өвчтөн бүртгэнэ гэж иргэдийн толгойг эргүүлсэн явдал гарсан. Үүнд хууртагдсан иргэд байж болзошгүй. Бүртгэлээс
хоцорсон иргэдэд дараагийн ээлжинд эмчилгээнд орох боломж байгаа.Эмчилгээ шаталсан байдлаар тасралтгүй явах байх. Дараагийн ээлжинд орж ирэх эмийн тоо, эхний ээлжийнхээс буурахгүй болов уу. Хэчнээн тооны эм нийлүүлэх асуудлыг эмийн үйлдвэр шийднэ. Тус эмийн компаниас эм авахаар олон орон хүсэлт гаргаж, хүлээж байгаа. Эмийн үйлдвэрийн эм үйлдвэрлэх хүчин чадал, улс орнуудын дараалал зэргээс хэчнээн тооны эм орж ирэх нь шалтгаална.
Эхний ээлжийн эмчилгээнд хамрагдах иргэд бүртгэсэн эмчтэйгээ холбогдох хэрэгтэй. Эмч нарыг тусгай сургалтад хамруулан гэрчилгээ олгосон.

-Гурван сарын курс эмчилгээний төлбөр 1200 ам. доллар хэвээрээ юу. Эмчилгээний үр дүнгийн талаар хэлж өгнө үү?

-Гурван сарын эмчилгээний төлбөр 1200 ам.доллар хэвээрээ. Гурван сарын курс эмчилгээний үр дүнд элэгний С вирусийг 95-99 хувь устгадаг гэсэн судалгаа бий. Дахиж С вирустэй болохооргүйгээр устгаж байна гэсэн үг. Эмийн үнэ, оношилгооны зардал нийлээд гурван сая төгрөг болж байна. Үнэнийг хэлэхэд
хүнд амьдралтай иргэдэд энэ бол асар их мөнгө. Ийм учраас гадаад, дотоодын буяны байгууллагад хандаж байна. Мөн уул уурхайн компаниудыг нийгэмд тустай ажил болгож С вирусийн эсрэг эмчилгээг дэмжинэ үү гэж хүсмээр байна.

-Ямар учраас энэ өвчлөлөөр манай орон дэлхийд тэргүүлэх болов?

-С вирусийг нэлээд хожуу 1989 оны үед нээсэн санагдаж байна. Ийм төрлийн вирус байдаг эсэхийг мэдэх гэж цаг хугацаа алдсан. Дараа нь ямар замаар халдвар тархдагийг тогтооход тодорхой хугацааг зарцуулсан. Энэ хооронд
тариурын шар өвчнөөр улсаараа өвчилсөн. Тариурын шар өвчин бол үндсэндээ элэгний В, С вирус байсан. Тухайн үедээ шинжлэх ухааны нэршилгүй тариурын шар өвчин гэж нэрлэж байв. Айл өрхүүд зүү тариурыг гэртээ усанд буцалгаж ариутгаад хэрэглэдэг байсан. Мөн эрүүл мэндийн байгууллага халдвар тараах эх үүсвэр болсон нь үнэн. Халдваргүйтэл, ариутгалын дэглэм журам хангалтгүй байснаас мэс ажилбар, үр хөндөх, цус юүлэх зэрэг цус, цусан бүтээгдэхүүнээр элэгний вирус тархсан. Үүний хор уршиг өнөөдөр илэрч байна. Нас баралтын гол шалтгааныг зүрх судасны өвчин тэргүүлж, элэгний өвчлөл удаалдаг. Элэгний өвчлөлийг бүрэн устгах боломж бий боллоо. Миний харж буйгаар Монгол Улс 20-40 жилийн дараа элэгний өвчлөлгүй орон болно. Учир нь В вирусийн эсрэг эмчилгээ хийж, вакцинжуулж байна. 25-аас доош насныхан В вирусийн халдваргүй. Өвчтөнийг тууштай эмчлэн, байнга вакцинжуулбал хэсэг хугацааны дараа элэгний өвчлөл багатай орны тоонд орно. С вирусийн хувьд 5-10 жилийн дараа үндэсээрээ арилна. Ханиад хүрэхээр хүн тоодоггүй. Ханиадтай адил болох байх. С вирустэй хүн гурван сарын курс эмчилгээнд хамрагдаад л устгуулна гэсэн итгэлтэй болох боломж, эрин үе ирж байна.

-Хоёр, гурав дахь ээлжинд хамрагдсан өвчтөнүүд ээлжээ хүлээх нь бас хүндрэлтэй байх болов уу?

-Нэг дор 1600 өвчтөнийг эмчилнэ гэдэг нэг талдаа бага санагдавч, нөгөө талаар их тоо. Учир нь, эмийн эмчилгээнд хамрагдах иргэдийг бүртгэж эхлэхэд, эмчлүүлэхээр хандах өвчтөний тоо их байгаагүй. Эхний ээлжийн 1600 өвчтөнийг бүртгэх гэж нэлээн хугацаа зарцуулсан.
Бүртгэл эхэлснээс хойш хэдэн сарын хугацаа өнгөрч байж 1600 өвчтөн бүрдүүлсэн. С вирус нь удаан, архаг явцтай бага багаар хүндэрдэг учраас, өвчтөнд ямар нэгэн зовиур шинж тэмдэг илэрдэггүй. Өвчтөн цоо эрүүл хүн шиг
харагддаг. Иргэдийн дунд С вирусээс салчих юмсан гэсэн хүсэл эрмэлзлэл санасныг бодоход бага байсан. Гэхдээ гурван сарын хугацаатай эмчилгээ хийснээр С вирусийн халдвараас салж болно. Эхний ээлжинд
хүндээр өвчилсөн иргэд С вирусээс салах хэрэгтэй. С вирусийн онцлог нь урт
хугацаанд халдвар тээдэг учраас хөнгөн өвчтөнүүдэд эмчлүүлэх хугацаа хангалттай бий. Элэгний С вирусийн эсрэг маш олон төрлийн эм байдаг. “Хармони” гэдэг эмнээс гадна 3D эмчилгээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж бүртгэгдсэн. Эдгээр эмийг Монгол Улсад яаралтай бүртгэх ажлыг төрийн дэмжлэгээр хийх шаардлагатай.
-Та С вирусийг устгах “Харвони” эмийг оруулж ирэх ажлыг эхлүүлсэн хүн. Энэ вирусийг устгахад төр засгийн зүгээс ямар ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Миний хувьд Эрүүл мэндийн дэд сайдаас буухдаа С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбад өргөн барьсан. Хөтөлбөрт С вирусийн эмчилгээ болон оношилгооны зарим зардлыг эрүүл мэндийн даатгалаас гаргах саналыг тусгасан. Юуны төлөө эрүүл мэндийн даатгал төлж байгаа вэ. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ амь насанд аюул учруулсан үед тус болохгүй юм бол даатгалтай байхын хэрэг юу байна. Тийм учраас С вирусийн эсрэг эмчилгээний эмний үнийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас төлье. Оношилгооны зарим зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулъя гэсэн саналыг үндэсний хөтөлбөрт оруулсан. Энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар ороогүй байх шиг байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хөтөлбөрт тусгагдсан саналын дагуу шийдвэр гарвал иргэдэд ихээхэн хөнгөлөлт болох нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан