Ж.ЖАМУХА
“Гэдэс өлсгөлөн өөрт мэдрэгддэг бол оюуны өлсгөлөн өрөөлд мэдрэгддэг” гэх гашуун үг цахим ертөнцөөр нэг тарж “цатгалан” хүмүүс энэ тухай ам уралдан мэтгэлцэж сууна. Тэдний өлсгөлөн оюун санаа, хоосон ходоодныхоо тухай өрнүүлсэн маргаанаас “Монголчууд бид оюуны өлсгөлөнд нэрвэгдсэн”, “Ядуу болохоор гэдэс ч өлсгөлөн, оюун ч хоосон” гээд олигтой үг олж харсангүй. Гэвч нэг талаар өлсгөлөн байгаагаа өөрсдөө мэдэж, мэдэрч байгаа нь сайшаалтай ч юм шиг...
Яахав, ядуу ч бай ядарсан ч бай гэдэс өлсгөлөн байх хэсэг хугацааны зовлон. Харин оюун санааны өлсгөлөн олон аравнаар үргэлжилдэг, зовлон гэхээс илүү айдас дагуулсан зүйл. Гуравхан сая монгол оюуны өлсгөлөнд нэрвэгдсэн, гэдэс хоосон хоёрын алин болохыг өчигдөр болж өнгөрсөн үйл явдлаас харж болохоор.
Одоогоос жил орчмын өмнө Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрээс XIX зууны сүүл үед холбогдох шарил олдож нийслэлчүүдийг нэг хэсэг шуугиулаад авсан. Удсан ч үгүй, иргэн Э-ийн гэрээс илэрсэн эл шарил Архангай аймгийн Цахир сумын Тариатын хүрээ хийдэд сууж асан эрдэмтэн хуврагынх болох нь тогтоогдож хэн хүнгүй л тахин шүтэх тухай ярьж эхлэв.
Олны үгээр ч болж одоо мөнөөх шарилыг Гандантэгчинлин хийдэд залж, сүсэгтэн олон сүслэн мөргөж, хадаг барин хошуурч байна. Хэдий шарил шүтэн дээдэлж, онголон залж болох ч өнөөгийн бид өөрсөддөө итгэхээс илүү өрөөлд найдах, тэр ч бүү хэл үг хэлэхгүй үхсэн хүнээс эрүүл мэнд, эд хөрөнгө нэхэх нь инээдтэй, эмгэнэлтэй санагдав. Энэ бол монголчууд бидний оюун санаа, ходоод хоёр хоосон болохыг харуулсан жишээ. Сүүлийн жилүүдэд “Бид бол тэнгэрт тэтгэгдсэн ард түмэн” гэхчлэн цээж дэлдэн цэцэрхэж, хийж бүтээхээс илүү хэлбэр хөөж, хэл амаараа олонд танигдах гэсэн мухар сүсэгтнүүд олширч. Үүнийг дагаад тэдний тэнэглэлд автах хүн ч нэмэгдсээр.
Наадмын өмнөхөн, “Их эзэн Чингис хааныг тодруулна хэмээн” “Мөнх тэнгэрийн оньс” хэмээн өөрийгөө өргөмжилсөн нэгэн 200 гаруй хүн цуглуулж бүтэн өдөр уран цэцэн үгээр тархийг нь угаасан удаатай. Мөн үнэн худал нь мэдэгдэхгүй өч төчнөөн бөө удган мухар сүсэгтээ хүлэгдсэн олны эд хөрөнгөөс аваад эрдэнэт амиар ч тоглосон. Энэ оюуны өлсгөлөн биш гэж үү. Оюун санааны өлсгөлөн удаан үргэлжилбэл мунхрал болох нь дамжиггүй.
Хоёр хоног хүний хөл тасраагүй Гандантэгчиглэн хийдээр өчигдөр ороод гарав. Шарил залсан хийдийн үүднээс үүр цүүрээр эхэлсэн гэх дугаарлалт үдийн алдад очиход төв хаалгаар гарч гудамжны булан эргэжээ. Ёстой л, хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж гэдэг шиг уван цуван ирсэн олон сэтгэлдээ юу тээгээ бол гэдэг сонирхолтой. Хэдэн мянгаар тоологдох олны хэд нь жинхэнэ сүсэг бишрэлдээ хөтлөгдсөн нь сонин.
Найман настай балчир битгий хэл өлгийтэй хүүхдээ тэвэрсэн хүмүүс өдөржин дугаарлаж дугаарлаж амьгүй шарилаас адис авах юунд хэрэгтэй вэ. Уртаас урт дугаарласан олны дунд хүүхэд, хөгшид цөөнгүй харагдсан. Олны хөлд өртчих дөхөн очер дугаар болж болж ороод юу хүсэх бол.
Бүтэн өдөр цуваад дуусахгүй гэмээр уртаас урт очерыг харсан зарим нь хийдийн үүдэнд хэдэнтэй мөргөчихөөд явж одохыг харсан. Үнэхээр л сүсэглэж чадвал шүтэх шүтээн хол ойрын хамаагүй байлтай. Гэтэл зарим нь бараа сүрийг нь нэг л харчихвал мөнх амьдрал заяах мэт мөнөөх шарил руу орох гэж бурхан номын газраа хэрүүл шуугиан тарьж, хэл амаа билүүдэхийг хараад жинхэнэ сүсэгтэн гэж хэлэхэд бэрх харагдсаныг нуух юун. Мэдээж хэрэг хэдэн мянган хүн урт дараалал үүсгэж уур бухимдал болсон учир зохион байгуулах ажил хийгдэх нь дамжиггүй. Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн ч хүн хүч гаргаж эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлсэн. Гэвч, хүүхэд хөгшдийн өмнөөс цахилгаан бороохой тачигнуулах төрийн хувцас өмссөн цагдаа бурхан номын газар баатарлаг харагддаггүй юм билээ. Энэ мэт Гандан хийдийн хашаанд бүтэн өдөр бужигнасан олон хар захад яваа мэт хэрүүл шуугиан тарьж тарьж хүссэндээ хүрээ болов уу.
Гандантэгчинлэн хийдийн зүгээс шарилыг маргааш нутагт нь аваачиж оршуулахаар болсон нь ч ийм байдал үүсэхэд хүргэсэн биз.
Сонирхууштай нь, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам үндэсний соёлын өвд бүртгэж бусад холбогдох байгууллагаас шарил байрлах дуганыг шинэчилж нийт 464 сая төгрөгөөр чулуун дуган босгожээ. Дуган барих хөрөнгөний 164 саяыг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс, үлдсэн 300 саяыг нутгийн иргэдийн хандиваар бүрдүүлсэн аж. Бас болоогүй энэ шарилын тухай эрдэмтэн судлаачид судалгаа хийсэн удаатай. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс “Занданшуулсан шарилын нугас, тархи амьсгалж байна. Тиймээс бусад эд эрхтэнг шинжлэх шаардлагагүй” гэсэн дүгнэлт гаргажээ. Харин бурханч лам нарын айлтгаснаар энэ шарил нь 1826-1905 онд амьдарч байсан, бясалгалын хүчээр гэгээрсэн хутагт хувилгаан хүнийх болж таарсан.
Угтаа, уг шарил Архангай аймгийн Цахир сумын нутагт, газар булаатай байсныг ашиг хонжоо харсан нэг нь ухаж төнхөж улмаар нийслэлд авчирсан аж. Үүнээс өмнө нутгийн иргэд болоод замын улс энэ газрын шороо элдэв өвчинд сайн гэх мэтээр шорооноос нь авдаг байж. Бунхалж булсан шарилын шороог атга атгаар зөөсөөр эцэст нь толгой хэсэг нь ил гарсан тухай нутгийн хүн хэлж байв. Улмаар нэг л өглөө занданшуулсан шарил ул мөргүй алга болж Улаанбаатарт ирчихсэн байж.
Үүнээс үзэхэд иргэн Э-ийн гэрээс илрэх хүртэл энэ шарилын тухай хэн ч юу ч мэддэггүй байсан гэж хэлэх үндэсгүй мэт. Гэтэл бид ОХУ руу визгүй зорчих болсноос хойш Итгэлт хамбад айлчлахаар илүүчилж хураасан хэдэн төгрөгөөрөө хамж аваад харь холыг зорих нь ихэссэн. Хурааж хуримтлуулсан мөнгөө харьд аваачиж тушаачихаад ядуу тарчигаа гайхаж суух ямар учиртай вэ...