Н.БАТ
Төрийн орон сууц корпорацын ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа.
-ТОСК-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр өнөөдөр яг хэчнээн компани ажиллаж байна вэ. Учир нь, эдийн засгийн хямрал гэж ярьж байгаа өнөө үед хамгийн их асуудалд ордог салбар бол барилгынхан байдаг?
-Үндсэн төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа 30-аад компани бий. Тэдгээр компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй жижиг компаниудаа оруулаад тооцвол 70 гаруй байгууллагын 4000 хүн ажиллаж байна. Хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа төслөө оруулаад тооцвол шүү дээ. Тэгэхээр төрөөс хэрэгжүүлж байгаа эдгээр төсөл хөтөлбөр маань маш олон айлын амьжиргааны эх үүсвэр болж, олон хүнийг ажлын байраар хангаж байна.
-Нэг талаас төр ингэж оролцох нь буруу гэх үзэл бий.
-Орон сууцны асуудлыг ямар ч улсад төрийн оролцоотой шийддэг юм билээ. Сингапур, Солонгос, Германд төр нь орон сууцны асуудлыг бүрэн шийдсэн байдаг. Германы Ерөнхий сайд Ангела Меркель сонгуулийн мөрийн хөтөлбөртөө орон сууцыг чинь хувьчилна хэмээн оруулснаар ялалт байгуулсан ч гэдэг. Өөрөөр хэлбэл тус улс сууцны асуудлыг түрээсийн байхаар шийдэж байсан аж. Тэгэхээр аль ч улсын төр иргэдээ орон сууцжуулахад бодлогоо чиглүүлж, оролцож байдаг юм. Хувийн хэвшлийнхэн бол оффис, худалдаа үйлчилгээний төв, кинотеатр, спортын төв гээд үйлчилгээний газруудын барилгуудаа барьдаг. Үнэндээ манайхыг өндөр хөгжилтэй улс оронтой харьцуулбал 100 жилийн хоцрогдолтой хөгжиж яваа. Дэлхий глобалчлагдаад техник технологи хүнээс ч ухаантай болчихсон нийгэмд бид амьдарч байна. Мэдээж хүнээс ухаантай техник, технологи үйлдвэрлэж байгаа улс ч нийгмийн асуудалтай л байдаг. Хүн амынх нь 70 хувь бага дунд орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, төрийн албаныхан гээд. Тэрхүү 70 хувийнхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд орон сууцны бодлогыг төр барьдаг. Монгол ч энэ зарчмаар л явж байна.
-Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэгтээ чиглэсэн бодлогын нэг хэлбэр бол хямд, чанартай орон сууц барих. Өнөөх дундаж давхарга гээд байгаа нийгмийг хөдөлгөгч хүчинд чиглэсэн бодлого гэж үндсэндээ ойлгодог?
-Монголын баячууд нь сая сая долларын үнэтэй хаусандаа аль хэдийнэ тухалчихсан. Өөрийн гэсэн бизнестэй боломжийн амьдралтай нь 120-200 ам.метр талбайтай орон сууцаа авчихсан. Төрийн албан хаагчид маань төрөөс явуулсан зарим хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр орон сууцныхаа асуудлыг шийдээд 8 хувийн моргейждээ хамрагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, залуус ч мөн боломжоороо байр орон сууцанд орж байгаа. Гэхдээ яг үнэндээ монголчуудын 30-40 хувь нь өнөөдрийнхөө хоолыг яах вэ гэж амьдардаг учраас хуримтлал манатай л байна. Энэ 30-40-өө хувилаад үзвэл үнэхээр ядуу нь бас багагүй. Бүүр эмзэг бүлгийнх гэж хэлж болно. Ийм л давхаргатай нийгмийн анхдагч хэрэгцээг шийдэхийн тулд Төрийн орон сууцны корпорац Шинэчлэлийн Засгийн газар, Барилгын яамтайгаа хамтраад бодлого боловсруулж, ярилцаад ТОСК-ыг Ерөнхий сайдын харьяаллын болгож асуудлаа зоригтой шийдье гэсэн алхам хийсэн. Шинэчилсэн зохион байгуулалтад ороод жилийн дотор 1764 айл, дараа жил нь 4000 айлын орон сууц ашиглалтад орууллаа. Энэ жилийн хувьд Буянт-Ухаа хоёр гээд маш том цогц хороолол сүндэрлэж байна. Бидний хувьд том амжилт. Ард түмэн маань энэ ажлыг зөвөөр харж, үнэлж байгаа.
-Буянт-Ухаа хорооллуудад тэгвэл үнэхээр зорилтот бүлгийн иргэдээ оруулж чадсан гэж та бодож байна уу?
-Буянт-Ухаа нэг хороололд төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, залуу гэр бүл олноор орсон. Гэхдээ төрийн албан хаагч гэхээр л сайд нарын туслах, газрын дарга, эрх мэдэлтнүүд, яам тамгын газрын мэргэжилтнүүд гэж хардаг хэсэг бий л дээ. Төрийн албан хаагч гэдэг чинь эмч, багш, өвлийн хүйтэнд гадаа зам дээр зогсч байгаа цагдаа. Энэ хүмүүст л орон сууц нь очсон юм шүү. Өнөөдөр Буянт-Ухаа хоёр хорооллын хувьд банкны шаардлагыг дийлээд орох зорилтот бүлгийнхэн ховор байгаа нь үнэн. Тэгэхээр хямд орон сууц нь бэлэн байгаа учраас үхмэл хөрөнгө болгохгүйн тулд борлуулна. Төрийн бодлогоор зорилтот бүлэгт өгнө гээд зохицуулбал бид үгүй гэхгүй. Аль болох л хүмүүсээ орон сууцанд оруулахыг хичээнэ. Гэхдээ төрийн бодлогоор төрийн албан хаагч л хамрагдана гээд иргэдээ хувааж ялгаад байж болохгүй биз дээ. 10 хүнтэй компанийн захирал сайн ажиллаж байгаа хүнээ орон сууцанд оруулчих юмсан гэж бодож л байгаа. Өөрөө худалдаж аваад өгч чадахгүйгээс хойш ард нь баталгаа болоод зээлийн орон сууцанд оруулья гэвэл бид дэмжинэ. Ингэлээ гээд төрийн байгууллага нь барилга бариад наймаа хийж байна гэх нэгэн гарах л байх. Энэ салбар чинь өрсөлдөөн дунд л явах ёстой. Бидний хувьд зорилтот бүлэгтээ хүрч ажиллаж байгаа юм шүү.
-ТОСК барьсан орон сууцаа зах зээл дээр нээлттэй борлуулаад ирэхээр барилгын салбарынхан бол гомдоллох нь тодорхой. Төр бидний ажлыг булааж хийлээ гэж... Та зах зухаас нь сонсч л байгаа болов уу?
-Харин барилгынхан маань төр барилга барилаа гэж жаахан гомдоллосон. Төр барилгын компаниудаас юу ч булаагаагүй гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. 2014 онд ашиглалтад орсон орон сууцны 2,8 хувь нь ТОСК-ын захиалгаар баригдсан гэсэн тооцоо бий. Би бол төрийн бодлогыг хэрэгжүүлж яваа жирийн менежер. Өөрөө хувийн хэвшилд ажиллаж байсан болохоор тэднийг байнга дэмжихийг хичээдэг. ТОСК ажилласнаар ард түмэн чанартай, хямд орон сууцанд амьдрах ёстой гэдгийг баталгаажуулж, зах зээл дээр байсан үнийн хөөсрөлийг хагалж, хөрсөн дээр нь буулгахад хувь нэмрээ оруулсан. Өнөөдөр ийм үнэтэй, ийм чанартай байшин худалдаж авах боломж байна шүү гэдгийг ил тод дэлгэж чадсан. Үнэхээр тансаг, гоё сайхан орон сууцны барилга барьдаг хүмүүс нь хэрвээ зах зээл дээр борлуулж чадаж л байвал ажлаа хийгээд явахад саад болох зүйл алга. Гол нь төр ард түмний төлөө үйлчлэх ёстой гэсэн үндсэн шугамаа барьж ажиллаж байна. Бидний зүгээс зөв л ажиллаж байгаа гэж боддог.
-Гэхдээ төрийн ачааг хөнгөлөхийн тулд хувийн хэвшлийн хийж чадах зүйлийг бүгдийг нь төрийн нуруун дээрээс нь буулга гэсэн үүрэг Ерөнхийлөгчийн зүгээс байнга өгдөг. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Төр оролцох ёсгүй салбар гэж бий. Би ч оролцох ёсгүй юмандаа оролцох хэрэггүй гэж боддог. Жишээ нь үйлдвэрлэлийн салбар байна. Манай барилгын материалын үйлдвэрүүд гэхэд дан хувийн хэвшлийнх. Үйлдвэрлэгч байсан хүний хувьд төр энэ салбарт бол оролцох шаардлагагүй гэж боддог.
-Орчин цагт орон сууц гэдэг хүний хамгийн нэн түрүүнд шийдэх асуудлыг нэг болж. Хэрэгцээг дагаад нийлүүлэлт ч ихэсч байна?
-Хүний аминд тулсан анхдагч хэрэгцээ өнөөдөр орон сууц болчихоод байна. Та бүхэн гэр хорооллын захын айлын хаалгыг татаад найман настай балчраас нь 80 настай буурайг нь хүртэл “Таны мөрөөдөл юу вэ” гээд асуугаарай. Сайхан орон сууцтай болчих юмсан гэж хариулна даа. Орон сууц гэдэг чинь ая тухтай, аюулгүй, цэвэр цэмцгэр гээд олон давуу тал бий. Ядаж орон сууцтай хүн ирээдүйдээ итгэлтэй болж, хүүхдэд ч тав тухтай орчинд өснө. Өвлийн хүйтэнд бие засахаас эхлээд гэрт амьдарна гэдэг асуудал ихтэй шүү дээ. Би гэр хороололд өссөн хүүхэд учраас энэ амьдралыг сайн мэдэж байна. Өнөөдөр нисдэг машины тухай ярьж байхад бид модон жорлонтойгоо, хөрсний бохирдол, утаатайгаа байж болох уу.
-Уг нь ч модон жорлонгоосоо салах цаг аль хэдийнэ болчихсон байх. Та түрүүн ТОСК багагүй ажил хийсэн л гэлээ. Гэхдээ л бид нэг дороо л эргэлдээд байх шиг санагдах үе танд бий юу?
-Нийгэм маань өөрчлөгдөөд 25 жил боллоо. Энэ бол урт хугацаа. Сингапур хэдэн жилд хөгжсөн гэж бодож байна. Бидний жишээ болгоод байгаа Солонгос хэдэн жилд хөгжив. Гэтэл монголчууд 25 жилийн хугацаанд ямар байдалтай байгаа билээ. Миний бодлоор өнөөдөр бид хөгжлийг өөр өнцгөөс харж, өөрөөр сэтгэж, ажиллах цаг нь болсон. Сандал ширээ булаацалдаж, эдийн засгийн хөгжлөө 17 хувь болсныг гайхаад л суугаад байх үе биш. Хэрвээ Австралид үер болоод Хятадын хэрэгцээт коксжих нүүрсийг оруулж чадахаа болиод бид нүүрс нийлүүлж эхлээгүй бол гэж хэн ч бодож байсангүй. Нүүрсээ зараад газраа там болгоод тэрнээс орж ирсэн мөнгө маань эдийн засгийг 17 хувь өсгөснийг гайхаж бишрээд. Гэнэт олдсон мөнгө гэдсэндээ халтай гээч л болсон.Үнэндээ үүнээс юу хожсон бэ.
-Мөнгө олсон нь үнэн. Зарцуулалтын хувьд л асуудал байсан?
-Баахан мөнгөтэй боллоо гээд ёстой баруун солгойгүй цацаад, халамжийн хавтгайрсан бодлого хэрэгжүүлсэндээ МАН-ынхан. Н.Алтанхуяг дарга авлигажсан тендер гээд нэг зүйл яриад байсан даа. Нэг төгрөгөөр барих орон сууцыг хоёр төгрөгөөр барьдаг л нийгэм болчихсон байлаа. Үнэндээ орон сууцны үнийн хөөсрөл үүнээс л үүдэлтэй. Ёстой өөрсдийнх нь яриад байгаачлан баруун солгойгүй цацсан.Түүний хор уршиг нь өнөөдөр ч арилахгүй байна. Ам.долларын ханш 2000 төгрөгт хүрчихээд буухгүй байгаа биз. Тэгэхээр эдийн засаг хүндрэх нь гэдгийг эрх баригч Ардчилсан нам мэдрээд л Чингис бондыг босгосон. Хэрвээ өнөөдөр Чингис бонд гаргаагүй бол ам.доллар магадгүй 4000 хүрч, төгрөг цаас болчих байсан байх. Энэ бол бодит үнэн. Чингис бондоор юу хийв гээд шүүмжлээд л байна. Хийсэн ажил нь бүхний нүднээ ил байна шүү дээ. Зам, барилга барилаа. Аймаг болгон 1000 айлын орон сууц сүндэрлүүллээ. Сүүлийн таван жилд Увс аймагт 30 айлын гурван давхар л байр барьсан гэсэн мэдээтэй байсан бол ганцхан жилийн дотор 680 айлын орон сууц ашиглалтад оруулсан.
-Танайх Чингис бондоос мөнгө авч багагүй ажил амжуулсан уу. Эргэн төлөлт гэж асуудал удахгүй яригдана?
-Чингис бондоос мөнгө авсан. Хүүтэй мөнгө учраас хүүгээ ч, зээлээ ч төлж байна. Энэ мөнгөөр барьсан орон сууцанд хэдэн мянган айл тухлаад сайхан амьдарч байна. ТОСК олон мянган хүнийг ажлын байраар хангаад зогсохгүй төрд төлөх ёстой татвараа төлж байгаа. Үнэндээ төрийн хийсэн ажил нь ил байхад хардаж сэрддэгээ болих хэрэгтэй. Дөрөвдүгээр цахилгаан станцыг 120 мегаваттаар, гуравдугаар цахилгаан станцыг 60 мегаваттаар өргөтгөлөө. Энэ чинь өнөөх л улиг болсон Чингис бондоор хийсэн ажил. Дээрээс нь Амгалангийн цахилгаан станц байна. Чингис бондоос хөрөнгө оруулалт авч “Бэрэн групп” Монголд 800 жилийн дараа ган үйлдвэрлэх гангийн үйлдвэр байгууллаа. Ингээд бид бүхэн өөрсдийнхөө баялгаар ган үйлдвэрлэдэг боллоо. Мөн өөрсдийнхөө баялгаар цемент үйлдвэрлэж байна. Хоёр сая тонн цемент үйлдвэрлэж байна шүү дээ. Чингис бондоор олон сайхан зүйл бүтээснийг харахгүй мөртлөө өртэй болоод үйлээ үзээд явж байгаа мэтээр ярьж байна. Энэ мөнгөөр олон компани хөл дээрээ бослоо. Гурав, дөрвөн жилийн дараа эд маань ач тусаа өгнө шүү дээ. Өнөөдөр өргөс авсан мэт бүх зүйл сайжирна гэж байхгүй. Үнэндээ Улаанбаатар хотыг цэцэг тарилаа гээд муу хэлээд байдаг. Гэтэл хүн чинь байгалийн амьтан учраас цэцэг харж баясдаг юм шүү дээ. Нийслэлийн Засаг дарга Бат-Үүлийг огцруулна гээд баахан хүн “орилж” л байна. Гэтэл тэд өөрсдөө нийслэлийн төлөө юу хийсэн хүмүүс вэ. Газрын наймаа хийсэн хүмүүсийн л гар хөл болсон байх. Өмнө нь газар авах гэж иргэн улаа эргэтэл гүйдэг байсан бол өнөөдөр бид иргэн рүүгээ “та газар хожчихлоо. Газраа ирж аваач” гэж ярьж байна. Тэгэхээр энэ бодит байдал нээлттэй байгаа учраас ард түмэн харж тунгааж буй. Ард түмэн сохор биш. Хүн гэдэг аливааг өөдрөгөөр харж чаддаг байх хэрэгтэй. Монгол хүн чинь алтан шар нар минь ивээг, төрийн минь сүлд өршөө гэж байнга боддог. Гэтэл өнөөдөр бүхнийг харлуулаад хараар будчихаад суугаад байж болохгүй.
-Жишээ нь, та бүхний дэвшүүлээд байгаа хотын татварын асуудал гэхэд бөөн хэл амны бай болчихлоо. Нэг харахаар зөв ч юм шиг, нөгөө талаас буруу ч юм шиг. Олон хүнийг эргэлзэхэд хүргээд байгаа?
-Хүн бүрээс татвар авах гэсэн юм биш шүү. Хэрвээ та архи ууж байгаа бол, хэрвээ та тамхи татаж байгаа бол, хэрвээ Улаанбаатарт гэртээ байж зочид буудалд хоноод байгаа бол татвар төл гэж байна. Бод доо, 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан хүн амралтын газарт очоод, архи уугаад, тамхи татаад явахгүй. Нэг хувийн татвараар чинь Улаанбаатарт сургууль, цэцэрлэг гээд нийгэмд хэрэгтэй зүйл л хийнэ. Үүнийг харамсалтай нь үнэхээр мушгин гуйвуулж байна. НИТХ-д суугаа МАН-ын хэдэн нөхөд. Энэ эсэргүүцэгчид дунд залуучууд олон байгаа нь бүүр ч харамсмаар. Хүн ажиллуулж цалин өгч үзээгүй хүмүүс ингэж ярих нь бүүр ч буруу. Би бол улсын ажил хийж, мөнгө олсон хүн биш. 1990-ээд оноос л ганзага үүрч, мөнгө гэдгийг хэрхэн олж, зарцуулдгийг өөрийн биеэр мэдэрчихсэн хүн. Өнөөдрийн бид ирээдүйд ямар Улаанбаатарыг үлдээх вэ гэдэгт л санаа зовниж байна. Хөрсний бохирдолтой, утаатай, бохир хотыг үлдээмээргүй байна. Үр ач минь энд амьдарна. Та бүхэн ажиглаж л байгаа биз. 2012 оноос нийслэлийг АН удирдсанаар нэг ч метр газар зарсангүй, бусдад өгсөнгүй. Газрын асуудлыг дуудлага худалдаагаар шийдэж байна. Газрын маргаангүй болсон.Чадахын хэрээрээ хийж байна.
-Гэхдээ хар байгаа зүйлийг яаж ч цайруулах гээд цагаан болохгүй. Та өнөөдрийн улс төрийн тогоонд чанагдаж яваа хүмүүсийн нэг. Энэ тогоо чинь танд ямар санагдаж байна?
-Үнэндээ улс төрийн систем маань хөгцрөх талдаа л байна. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж би боддог. Бид чинь гуравхан саяулаа. Дэлхийн томоохон компанийн ажилчны л тоо шахуу. Гурван саяасаа хүүхэд хөгшдөө хасахаар хөдөлмөрийн идэвхтэй нь сая хүн л бий. Тэгэхээр энэ сая хүнийг л ажилтай орлоготой болгочихвол монгол хүн бүр сайхан амьдарна. Монгол хүний тэнгэрээс заяат тавилан гэж бий дээ. Бид Энэтхэг шиг олон биш ч оюуны өндөр чадамж бий. Оюуны бүтээлээ экспортлох асар их боломж байна. Зөвхөн махаараа, малынхаа түүхий эд ноос, ноолуураар баяжина гэсэн ухагдахуун байж болохгүй. Харамсалтай нь, монголчууд маань бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салахгүй нь. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа барилгын компаниуддаа орон нутгаас ажилчдыг нь аваарай гэж захидаг. Гэтэл нөгөө ажилд орсон хүмүүс нь тарвага өөхтэй болоод ирэнгүүт л өдрийн 30 мянган төгрөгийн цалингаа хаяад алга болж өгнө. 30 мянган төгрөгийн оронд тарвагаа агнаад, арьсыг нь хуулаад зарж байсан нь дээр гэж боддог. Эсвэл шороо угаагаад л алт олоод гэнэт баяжина гэж сэтгэдэг. Дээр нь сууж байгаа хүмүүс нь Тавантолгой Оюутолгойгоос тэрбум тэрбумаар нь доллар олно гэж мөрөөдөөд хэн нэгэнд хямдхан өгчих гээд байгаа мэт бодоод бөөн хэрүүл хийнэ. Монгол Улс өнөөдөр уул уурхайгаас ДНБ-нийхээ дийлэнхийг бүрдүүлнэ, эдийн засгаа эмнэнэ гэж бодоод байгаа бол тийм биш. Мэдээж мөнгө олно. Гэхдээ тодорхой хувь нь. Харин үл хөдлөхийн зах зээлээ зөв залж чадвал ДНБ-ний олон хувийг эндээс бүрдүүлнэ. Бэлэн хоол нь байна гэсэн үг. Гэвч үл хөдлөх хөрөнгийн зах зээл маань хөгжихгүй байна. Хөгжүүлэх сонирхол ч алга.
-Үл хөдлөхийн зах зээл гэхээр орон сууцныхаа ордерыг тавиад банкнаас зээл авна гэсэн л ойлголт хүмүүст байгаа?
-Би арилжааны банкны системийг муу хэлэх дуртай. Өндөр хүүтэй, хатуу шалгууртай банкны систем манайд л байна. Гадаадын банкуудыг оруулж ирье л дээ. Токиогийн банк жишээ нь таны хийх бизнест мөнгө өгч санхүүжүүлдэг. Гэтэл манай банкууд нөхөр чи юутай вэ. Авгайтай юу, хүүхэдтэй юу, хүүхэд чинь хаана сурдаг вэ гээд л... Дээр нь манайд далд эдийн засаг гээч зүйл нь төрийн бодлогод нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ. Яриад байгаа Өршөөлийн хууль энэ тэрээ бушуухан гаргаад далд эдийн засгаа ил болгоод нэг сайхан цэвэрлээд авах хэрэгтэй. Иймэрхүү зүйл бодогдох л юм. Би АН-ын ҮЗХ, ГЗ-ийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч гээд баахан “давхар дээл”-тэй. Ингээд хамаагүй яриад байж болох уу гэж бодох ч өнөөдөр бид өөрсдөө л ярихгүй, хийхгүй бол өөр хэн хэлж, хийх юм бэ.
-Таны бодлоор нийгмийн дундаж давхарга гэж яг хэнийг хэлж байгаа вэ?
-Дундаж давхарга гэж хэнийг хэлээд байгаа юм бэ гэдгийг бид тодорхойлж чадаагүй. Бага орлоготой хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг ч тодорхойгүй. Энэ чинь өнөөх далд эдийн засагтай холбоотой. Ард түмэн үнэхээр ядуу байна уу гээд судлаад үзвэл баян байна. Дэлгүүрт ороод худалдаж авч байгаа юмыг нь хар. Зээлтэй мөртлөө хоёр машинтай байна. Монголчууд ядуу байна гэчихээд хүн бүр ухаалаг утас барьж, айл бүр лед телевиз үзэж байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ухаалаг төхөөрөмж худалдан авч байгаа мөнгөн дүнг нь тооцвол 560 сая ам.доллар жилд гадагшаа явуулж буй гэх. Зөвхөн буруу талдаа жолоотой Японы хуучин машин худалдаж авахад бид хэдэн төгрөг зарцуулж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, өнөөх үйлээ үзэж босгосон Чингис бондыг маань хэд нугалаад гадагш нь гаргачихаж байна. Энэ чинь Монгол Улсын экспорт, импортын харьцаа алдагдах үндсэн шалтгаан болоод байна.
-Гэхдээ энэ чинь хошин шогийнхний хэлдгээр “өр, өр” гээч л биш үү ?
-Зээл авснаар манайханд нэг давуу байдал бий болж байгаа нь эдийн засгийн соёл. Өөрөөр хэлбэл мөнгийг зарцуулж сурч байна. Жишээ нь , Миний нэг найз орон сууцны зээлээ 16 хувийн хүүтэй авчихсан байж. АН-ын бодлогоор орон сууцны зээлийн хүүг 8 хувь болгоход хөөцөлдөж яваад шилжүүлсэн байгаа юм. Найз маань ирээд “Жилийн 16 хувийн хүүтэй зээлтэй байхдаа идэх хоолоо хагасалж байлаа. Зээлийн хүү найман хувь болчихсон чинь тарган мах идэхтэйгээ болж байна” гэсэн. Найман хувийн хүүтэй моргейжийн зээлээр орон сууц авсан залуу гэр бүлийн өрхийн тэргүүн нь тамхи татдаг байсан бол хаяж байна.
Өөрөөр хэлбэл өрхийн төсвөө тооцоолж эхэлж байна. Айл бүр өнөөдөр идэх хоол, өмсөх хувцсандаа мөнгөө зөв хувиарлан зарцуулж, хуримтлал үүсгэж байна.
-Би таниас дундаж давхарга гэж хэнийг хэлээд байгаа юм бэ хэмээн онцлон асуухын учир нь өнөөдөр байрны 30 хувь төлөөд орж чадахгүй байгаа ч амьдралаа боломжийн аваад явдаг хүмүүс арилжааны банкны хувьд лав дундаж гэдэг ангилалд багтахгүй байгаа юм. Орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувь гэдэг залуу гэр бүлд давахад бас өндөр л шалгуур...
-Өнөөдөр банкны систем маань буруу хөгжчихсөн учраас зээлийн урьдчилгаа 30 хувь гээд цензур тавиад байгаа юм. Банк өөрөө эрсдэл дааж байгаа гэдэг утгаараа 30 хувь гэсэн босго тавьж буй.
Хэрвээ банкны систем маань уян хатан байж, гадаадын томоохон банк манай зах зээл дээр үйл ажиллагаа явуулаад эхэлбэл хүү ч, урьдчилгаа ч багасна. Үнэндээ 30 хувиа төлөөд байра авах хүмүүс нь бараг дууссан байх аа. Жаахан мөнгөтэй байгаа нь Нисэх чинь хол байна гээд хотын төвд байр авах гэж зүтгэнэ. Гэтэл 30 хувьд нь мөнгө нь хүрдэггүй. Цамаан байна. Ийм хямсгар байж болмооргүй л байгаа юм. Нисэх гэдэг чинь төвөөс 7-10 км зайтай. Саяхан Улаанбаатар телевизийн захирал Балхжавтай уулзлаа. “Манай ажлын хүүхдүүд Буянт-Ухаа 1-т байр авсан юм. Би ч дандаа хоцорч ирэх байхдаа гэж бодож байсан чинь эрт ирж байгаа. Зам нь ямар ч асуудалгүй юм байна” гэж хэлсэн шүү. Хүн амьдралыг өөрийн биеэр туулж байж л мэдэрдэг юм. Миний аав социализмын үед унаа тэрэггүй ч Биогоос хот руу ажилдаа зургаан цагт гараад л очдог. Орой 19 цагт ажлаа тараад гэртээ ирдэг байлаа. Тэр үед автобус ч тоотой явна. Аавд маань алхах үе зөндөө л байсан.
-Хотын төв гэснээс уулзаж ярилцсан гадныхан манай хотыг үнэхээр төлөвлөлтгүй хөгжиж байгааг гайхдаг. Хотын төвдөө баахан байшин шавчихсан. Амьсгалахад ч хүнд боллоо гэдэг. Ер нь энэ хотод ерөнхий төлөвлөгөө гэж байна уу?
-Мэдээж улс орон бүр ерөнхий төлөвлөгөөтэй байдаг. Өмнөх засаглалын үед муу нь ч, сайн нь ч байсан. Хүний хийсэн сайн зүйлийг хэлдэг, магтдаг байх ёстой. Ерөнхий төлөвлөгөө гээд цаасан дээр бол сайхан зүйл хийсэн байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотын газрын наймаанаас үүдэн нар салхиа хаасан байшин энд тэндгүй босч, хотын төвд л байр баривал үнэтэй зарна гэсэн бизнес нүдээр харагсад өнөөх төлөвлөлтийг нь үгүй хийчихэж. Бидний нэг төгрөгийг гурван төгрөг болгочих гэдэг явцгүй бизнес сэтгэлгээ л эдийн засгийн тогтвортой бус байдлыг үүсгээд байна. Өнөөдөр үнэндээ хотын төвд амьдрахад хүнд байгаа биз дээ.
-Тэгвэл танай хорооллууд төлөвлөлтийн дагуу баригдаж чадаж байна уу. Танай зүгээс Буянт-Ухаа хорооллын давуу талыг хэрхэн тодорхойлох вэ?
-Азаар Буянт-Ухаа 1, 2 дугаар хорооллын маань газар нь цэвэр хэвээр хадгалагдаж байсан юм. Хол гэдэг утгаар нь хүмүүс худалдаж аваагүй, хоосон газар байсан гэж болно. Буянт-Ухаа 1 хороолол дээр төлөвлөлтийн бага зэрэг алдаа гарсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Анхны ажил байсан, зураг нь ч гарчихсан байлаа. Харин Буянт-Ухаа 2 дээр өмнөх алдаагаа давтахгүйн тулд төлөвлөлтөө маш чамбай хийсэн. Хаанаас салхи нь байна, өвөлдөө хэдэн градус байдаг вэ гээд бүх юмыг нь судлаад ямар цонх, паар тавих вэ, дулаалгыг хэрхэн шийдэх вэ гээд нарийн тооцоо хийсэн. Энэ бол шинэ алхам. Өөр нэг шинэчлэгдсэн зүйл бол барилгын салбарт хятадууд ажиллахыг хумьсан. Буянт-Ухаа 1,2 дугаар хорооллын бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа хүмүүс маань дандаа монгол мэргэжилтнүүд. Солонгост ажиллаж байгаад технологи сураад ирсэн хүмүүс ч цөөнгүй байна.
-Дотоодоос бүтээгдэхүүн авч байгаа болохоор үнийн хувьд боломжийн байна уу?
-Бид аль болох дотоодоосоо бараа бүтээгдэхүүн авахыг хичээж байна. Жишээлбэл, саяхан ванн үйлдвэрлэдэг компани байгуулсан хоёр залуу ирж уулзсан. “Гантиг” гэдэг компани юм билээ. Залуус Солонгост ажиллаж байхдаа ванн үйлдвэрлэх технологийг нь сураад хоёр өрөө байраа зараад тоног төхөөрөмж аваад Монголдоо үйлдвэрлэж эхэлжээ. Бид өнөөдөр блок, хавтан үйлдвэрлээд сурчихлаа. Ер нь, валютын урсгалыг барилгын салбарынхан бол их тогтоож байна даа. Болж байна. Бүтэж байна. Ингээд хэлэхээр А.Гантулга бүхнийг л болж байна гэж яриад байна гэж намайг шүүмжилдэг л юм.
-Буянт -Ухаа нэг хороололд зээл авч орсон иргэдийн зээлийн эргэн төлөлт ямар төвшинд байгаа вэ?
-Сайн. Банкуудаас өгсөн мэдээллээр сайн байгаа гэсэн. Манайхыг Орон сууц санхүүжилтийн корпорац нэртэй байхад Төрийн 4000 албан хаагчдад урьдчилгаа 10 хувийг нь аваад зээл олгож байртай болгосон хөтөлбөр хэрэгжсэн. Намайг ажил авахаас өмнө юм. Тэр зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байсан. “4000 айлын орон сууц” төсөл бол зөвхөн манай дээр төвлөрч, зээл нь шийдэгдсэн төсөл. Маш амжилттай хэрэгжсэн. Тэгэхээр төр менежмэнт хийж чаддаг юм гэдгийг баталгаажуулсан л даа. Мэдээж хариуцлага үүрүүлж чадвал бид хийж чадна гэж бардам л хэлнэ.
-Засгийн газар зээлийн урьдчилгааг 10 хувь болгох талаар оны эхнээс л ярьсан. Дүрэм журам батлаад байсан ч одоо хүртэл хэрэгжүүлэх механизмаа тодорхойлж чадахгүй л байна. 200 тэрбум төгрөгийн баталгааг хаана төвлөрүүлэх вэ гэдэг дээр л асуудал үүсээд байна гэж ойлгосон. Гэтэл өмнө нь танай зүгээс “4000 айлын орон сууц” төсөл хэрэгжихэд энд бүх асуудал төвлөрч, шийдэгдсэн. Иргэд зээлээ маш хариуцлагатай төлж байгаа юм байна. Та бүхэн өмнөх туршлага дээрээ суурилан 200 тэрбумын баталгааг нь ТОСК-д төвлөрүүлж болох талаар санал оруулаагүй юу?
-Хэрвээ үүрэг даалгавар өгөөд хариуцлага тооцсон шиг тооцоод ТОСК-ын хамт олонд итгэл үзүүлсэн шиг үзүүлбэл бид хийсэн шиг хийнэ. Шийдвэр гаргагчид нь бид биш шүү дээ.
-Зээлийн урьдчилгаа 10 хувь болно гэдэг шийдвэрийг нь хэрэгжиж эхлэхийг маш олон хүн хүлээж байна. Төр үндсэндээ иргэдэд амласнаа биелүүлэхгүй мөртлөө, горьдлого төрүүлсээр удлаа?
-Хоёр нам нийлээд засаг барилаа. Яг үнэндээ ажил хийж байсан Засгийн газраа унагаад ийм шийдвэр гаргасан. Тэгээд холион бантан хутгаад баахан л юм ярилаа. Гэхдээ зээлийн урьдчилгааг 10 хувь болгоно гэдэг уг нь зөв. Харин яаж хийх вэ гэдэг гарцаа тодорхойлох л хэрэгтэй. Улс орон өнөөдөр ямар байгаа билээ. Тогтоол дүрэм журам нь гарчихсан ч өнөөдрийг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна вэ гэхээр асуудал байна аа гэсэн үг. 200 тэрбум төгрөгийн батлан даалтын санг хэн босгох вэ. Төр л гаргана. Тэгэхээр өнөөдөр хэмнэлтийн тухай ярьж байхад энэ мөнгийг шийднэ гэдэг хүнд. Би хувьдаа тэгж харж байна. Энэ бол хэрэгжих төсөл. Гэхдээ өнөөдөр ч, энэ ондоо ч үгүй л болов уу. Ард түмэн маань бодит зүйлийг хараасай гэж хүсч байна. Засаг чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлээд хүмүүст итгэл найдвар горьдлого төрүүлэхээ болих хэрэгтэй. 10 хувь боллоо гэхэд гэр хороололд байгаа хүмүүс маань арилжааны банкны шалгуурыг давах болов уу. Яг үнэндээ шалгуур нь ТОСК-ын дарга надад л зориулсан харагдаад байгаа юм. Хэдийгээр би өөдрөгөөр аливааг харах дуртай ч энэ төсөл өнөөдөртөө хэрэгжихгүй л гэж бодож байна.
-Ирэх жил ТОСК-ын хэрэгжүүлж буй төслүүдээр хэчнээн айл орон сууцанд орох вэ?
-10 гаруй мянган өрх ТОСК-ын төслөөр хот хөдөөд орон сууцанд орно.
-Та яриандаа би төрийн мөнгөөр баяжаагүй гэх утгатай үг унагасан. Тэгвэл яаж мөнгөтэй болсон хүн бэ гэдгийг ярианыхаа төгсгөлд сонирхчих уу ?
-Би өөрийнхөө түүхийг товчхон ярих уу. 1968 онд Аюушийн найм дахь хүүхэд болж төрсөн хүн. Таван ах, хоёр эгч, ганц дүүтэй. Төв аймагт төрсөн. Манай аав малын бага эмчээс ажлын гараагаа эхэлсэн хүн. Төв аймгийн баруун сумдад намын дарга хийж байгаад нийтийн аж ахуйн үйлчилгээний боловсон хүчин дараа нь лифть засварлах конторын даргаас тэтгэвэрт гарсан. Аав маань гэртээ суух хүртлээ Нарлаг зуслангийн захирлаар ажиллаж байсан. Намайг нэг настай байхад Биокомбинатад суурьшаад, би гэдэг хүн тэндээ сургуульд орж, 1986 онд 10 дугаар ангиа онц төгсөөд Чехийн сургуулийн хуваарь аваад сурахаар явлаа. Нэг жил хэлний бэлтгэл, дараа жил нь сургуульдаа ороод сурч байгаад 1989 оноос сургуулиа орхин наймаа энэ тэр хөөгөөд явсан. Мөнгө ч олсоон. Тэгээд гэр бүлтэйгээ танилцаад 1993 онд охинтой боллоо. Охин маань Чехэд төрсөн.
-Чехэд л наймаа хийж гүйж байсан хүн байх нь ээ. Тэгээд хэзээнээс улс төрийн албанд орсон юм бэ?
-1996 онд Монголд хармаандаа багагүй ам.доллартай ирж байлаа. Дөрвөн ч үйлдвэр нээсэн. Чех технологитой талхны үйлдвэр, “Олд Чех” пивоны үйлдвэр гээд... Борлуулж чадахгүй, уйлаад явж байсан үе надад бий. Нэг жишээ хэлье. Чехэд байхдаа иогурт гэдэг юмыг анх идэж үзээд Монголд ийм тараг яагаад хийж болдоггүй юм бол доо гэсэн мөрөөдөл тээгээд Монголдоо ирсэн. Үнэндээ тухайн үед надад дэмжлэг ч байсангүй. Мөнгөтэй явсан үе ч бий, ядарч явсан үе ч бас бий. Зээл энэ тэр аваад бизнесээ хөгжүүлж чадалгүй унаж явахдаа ааваасаа нэг сайн шанаа авсан юм. Тэгээд л босох ёстой гээд зүтгэсэн. 1999 онд санхүү эдийн засгийн сургуульд орж төгслөө. Бизнес маань ч амжилттай болж өсч дэвжсэн. 2000 оны эхээр АН-д элсээд, 2004 Хан-Уул дүүргийн АН-ын дарга боллоо.
Чингисийн аравт, зуутын систем гэдгийг нэвтрүүлж ажиллаад орон нутгийн сонгуульд 2008 онд Хан-Уулд АН яллаа. Тэгээд намын даргаа өг гэсэн шахалтанд орсон. Өгсөн. Миний хувьд албан тушаал ч гуйж явсангүй. 2012 онд НИТХ-д жагсаалтаар төлөөлөгч болоод Э.Бат-Үүл даргаас ОССК-ыг аваад яваач гэсэн хүсэлт тавихаар нь анх ирж үзлээ. Эхлээд би юун дээр ирчихвээ гээд судалж үзлээ. Сайн чиглүүлбэл болох юм шиг санагдаад их зүтгэсэн. Өнөөдөр манай ажлыг хүмүүс харж байгаа байх.
-Хүүхдүүд чинь том болсон уу?
-Миний охин Америкт сургууль төгсөөд одоо дэлхийн томоохон компанид дизайнерээр ажиллаж байна. Эхнэр маань бизнесээ авч яваа. Чех, Австралид боловсрол эзэмшсэн. Хүү маань энэ жил дунд сургуулиа төгсөнө дөө. Надад 105 ам.метр талбайтай байр бий. Хувийн машин байгаа. Өөрөөр хэлбэл гэрээ засчихсан хүн. Надад өнөөдөр бусдын гар гарах шаардлага алга.
Өөрөө спортод дуртай. Эргэн тойрны хүмүүсээ спортод уруу татдаг. Сайхан хамт олон байна. Намайг тойрч ажиллаж байгаа гүйцэтгэгч компанийнхан маань тун сайн ажилсаг хүмүүс бий.