Үений үрэвсэл нь хүн төрөлхтнийг олон мянган жилийн тэртээгээс зовоосоор ирсэн өвчин. Хүй нэгдлийн үеийн зэрлэг хүмүүсээс эхлээд Эртний Египетийн хаад хүртэл энэ өвчнөөр шаналж байсныг нь археологичид илрүүлэн тогтоосон байдаг. Үений бүх өрөвслийн шинжтэй бүх өвчнийг артрит гэнэ.
Артрит нь дотроо 10 гаруй төрөлтэй. Унасны дараа өвдгөөр удаан өвдөж байгаа гэмтлийн артрит. Харшилтай холбоотой бол харшлын үений үрэвсэл, хүүхдийнх бол єсвєр насны үений үрэвсэл гэнэ. Амьсгалын замын хурц өвчний дараа эхэлбэл халдварын үений үрэвсэл гэнэ. Мөн хайрс үлд, туулайтах зэрэг євчний суурин дээр vvсдэг үрэвслүүд байдаг. Насны өөрчлөлттэй холбоотой үений үрэвсэл байдаг. Мєн бас онцгой тєрєл болох хэрлэг буюу ревматизм -ын гаралтай үений үрэвсэл байна. Энэ нь илүү хүнд явцтайгаараа ялгагддаг биеэ даасан өвчин юм. Бүх үений үрэвслүүлийг хоёр төрөлд хуваадаг. Зөвхөн нэг үе гэмвэл моноартрит, олон үе гэмтвэл полиартрит гэнэ. Үүнээс гадна хурц ба архаг үений үрэвсэл байна. Хурц нь өдрөөр, долоо хоногоор өвчилдөг бол архаг нь жилээр үргэлжилдэг.
Шалтгаан
Үений үрэвслийн төрөл бүр өөр өөрийн шалтгаантай. Мэдрэлийн системийн өвчнүүд, дархлааны тогтолцооны алдагдал, бодисын солилцооны алдагдал, хэт даарах, гэмтэх, халдвар авах, аминдэмийн дутагдал зэргүүд байж болно. Хамгийн элбэг тохиолддог нь халдвар юм.
Явц
Хүний бие махбод нь хортой бактер, вирус, мөөгөнцөр зэрэг гадны урилгагүй зочдоос салахыг эрмэлздэг. Энэ үед нь дархлааны хамгаалах механизм ажиллаж эхэлнэ. Ингээд гадны биетийг хоргүйжүүлэх өвөрмөц бодис ялгаруулж эхэлнэ. Дархлааны систем гажигтай байх үед эдгээр бодисууд хэтэрхий их болж, сүүлдээ гадных өөрийнх гэж хамааралгүй таарсан бүх эсүүдээ устгаж эхэлнэ. Халдвар арилсан ч үргэлжилсээр байдаг. Хамгаалах бодисууд сүүлдээ үений эсүүд рүү дайрч эхлэхэд үений үрэвсэл үүсдэг.
Шинж тэмдэг
Үеэнд ямар нэг өөрчлөлт гарах, өглөөд сэрний дараа гар, хөлөө хөдөлгөхөд хэцүү болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх хэрэгтэй.
Оношлогоо
Эхлээд дотрын эмчид үзүүлэхэд зовиурыг сонсож үенд үзлэг хийж хэрэгтэй эмч рүү (үе мөчний, арьсны харшлын эмч) явуулдаг. Танд биохимийн, цусны дархлааны шинжилгээ хэрэгтэй. Үений гэмтлийн зэргийг тогтоохын тулд рентген, үе дурандах, соронзон долгиот томограф зэргийг хийнэ. Шаардлагатай бол хатгалт хийж үений шингэнийг шинжилдэг. Дотор эрхтнүүд гэмтсэн бол дотрын эмчийн зөвлөгөөг ав.
Эмчилгээ
Орчин үеийн эмнүүд нь өвчний явцыг удаашруулж таагүй мэдрэмжийг арилган гарч болзошгүй хүндрэлээс сэргийлэх чадвартай.
Өөрөө дур мэдэн элдэв эм тариа уух бүр ч хортой болохоор зөвхөн мэргэжлийн эмчийн заалтын дагуу эм уух хэрэгтэй.
Үений үрэвслийн үед физик эмчилгээ үр дүн сайтай. Бага давтамжит соронзон ба лазер эмчилгээг ашигладаг. Мөн эмчилгээний массаж, эмчилгээний биеийн тамир хийдэг.
Эмээр эдгэхгүй байгаа үед мэс засал хийж үенээс гэмтсэн эдийг авдаг. Ингэснээрээ өвчин даамжрахаас сэргийлж байгаа юм. Одоо ийм хагалгааг дурангаар хийж байна.