Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Өвгөн Гэсэр лам”-ын баруун гарын шавь Р.Санжайжавын занданшуулсан шүтээнийг нутагт нь зална

Н.БАТ

Энэ оны эхээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс эрэгтэй хүний занданшуулсан шарил олдсон. 60х47х58 хэмжээтэй шарилыг худалдан борлуулах зорилготой байсан гэх мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгаж, Шүүхийн шинжилгээний төвийн зүгээс хэзээ, хэдийд амьдарч байсан ямар хүнийх болохыг тодруулахаар судалгаа шинжилгээний ажил хийсэн.

Занданшуулсан шарилыг Шүүхийн шинжилгээний төвд шилжүүлэх үеэр очсон бурханч лам Г.Пүрэвбат “ Очир завилгаагаар суулган зүүн мутрыг нь тэгш атгуулсан, баруун мутрыг нь ном номлохын судартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна.

Нэлээд эртний бөгөөд их номтой хүн гэдэг нь тодорхой. Их сайхан гялайтлаа чулуужсан юм. Сувдаг шунахай хүмүүсийн гараар цагаасаа өмнө гарч ирсэн бололтой” хэмээн тайлбарлаж байсан юм.  Анх Гэсэр Богд гэгээнтнийх байх. Одоогоос 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан нэгэн хэмээн таамаглаж, өөрийн дотоод энергээр бясалгалын дээдийг олж өөрийн биеийг занданшуулсан байх магадлалтай гэж судлаачид үзэж байв. Ямар ч байсан жил хэртэй судалсан энэхүү занданшуулсан шарилыг Архангай аймагт залахаар болсныг Архангай аймгийн Цахир сумын нутгийн  зөвлөлөөс өчигдөр дуулгав. Занданшуулсан шарилыг 200 орчим жилийн өмнө амьдарч байсан “Өвгөн Гэсэр ламтан” буюу Цэвээнраашийн Чүлтэмжамцын баруун гарын шавь цорж аграмба Р.Санжайжавынх  хэмээх  тодорхойлоод буй. Тиймээс “өвгөн Гэсэр лам”-ын занданшуулсан шүтээн байгаа газарт нь буюу уугуул нутаг Архангай аймагт нь залахаар болжээ.

Гандантэгчинлэн хийдийн их хамба Д.Чойжамц энэ үеэр “Тэднийг өнгөн талаас нь харвал таалал төгссөн мэт харагдах  ч мөн чанар нь оюуны ухааны хувьд бодитой байгаа хэмээн үздэг. Өвгөн Гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрсдийн увидасаар гадны нөлөөгүй занданшсан байгаа юм. 120 гаруй жил нутгийн иргэд сүслэн, улаан засгийн үед ч чандлан нууцалж залбирч байж. Эрдэм чадалтай энэ хоёр лам нутаг усаа аюулаас хамгаалан, 100 гаруй жилийн турш байгалийн гамшиг тохиогоогүй тухай нутгийн иргэд ярьсан. Аграмба Р.Санжайжавын занданшуулсан шүтээнийг энэ сарын 21, 22-ны өдөр Гандантэгчинлэн хийдэд байршуулан сүсэгтэн олон мөргөл залбирал хийх боломжоор хангах бөгөөд 24-н гэхэд нутагт нь залах болно. Буриадын Итгэлт хамбын эрдэм шинжилгээний хуралд сууж, тодорхой мэдээллийг нь авч байсан. Өвгөн Гэсэр лам болон аграмба Р.Санжайжав нарын занданшуулсан шарилын увидас нь  Итгэлт хамбынхтай адил. Эдгээр лам нарын шарил гарч ирсэн нь хүн арддаа адис жанлаваа хайрлах цаг нь бүрдсэнийх юм болов уу гэж үзэж байна гээд сүсэглэж чадвал  адис жанлав нь хүн бүрт хүртэнэ.” хэмээн ярив .
Нутгийн иргэдийн ярьснаар лам нар занданшсан төлөвт шилжсэнээс хойш 120 гаруй жилийн хугацаанд ган зуд зэрэг байгалийн аюулт үзэгдэл тохиогоогүй байна.  Түймэр ч занданшсан шарил оршин буй нутгийг тойрон өнгөрч байсан гэнэ. Харамсалтай нь 2015 оны эхээр шүтээнийг зүй бусаар хөндсөнөөс долдугаар сарын дундуур тухайн нутагт цочир хүйтрэн нутгийн айлуудын мал олноор үрэгдсэн явдал гарсан гэв.

Өвгөн Гэсэр лам Ц.Чүлтэмжамц нь  Архангай аймгийн Цахир сумын уугуул бөгөөд  Жагарын 81 дөвчингийн нэг, тойн эрдэнэ хэмээн олноо зуун зуунаар шүтэгдэж ирсэн эгэлгүй эрдэмтэй нэгэн аж. Тариатын хүрээнд бурхны номонд шамдан суралцсан бөгөөд 1894 онд жанч халсан гэдэг.
Аграмба Р.Санжайжав нь  мөн Архангай аймгийн Цахир сумын уугуул бөгөөд багаасаа номын мөр хөөж, буддын шашны таван дээд ухааны оргилд хүрсэн гэгээнтэн аж. Тариатын хүрээнээ өөрийн багштай хамт Оточийн дуган байгуулах, дацан хичээллүүлж,  судас барьж оношлодог, засал ном хийж, эм тан барьдаг маарамба байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан