Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Энхбат: Орчныг нь тохижуулаад өгвөл хүүхэд хамгийн сайн явган зорчигч

Э.ГАНЦЭЦЭГ

Зам тээврийн ослын улмаас 45 хүүхэд энэ онд хорвоог орхижээ. Энэ нь сард таван хүүхэд томчуудын хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас амь насаараа хохирч байна гэсэн үг. Мөн зам тээврийн ослын улмаас хүнд болон хүндэвтэр гэмтэл авчээ.
Дээрх тоог бууруулах зорилготой “Аюулгүй Монгол хүүхэд” аяныг “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хамт олон, Замын цагдаагийн газар хамтран эхлүүлсэн билээ. Нийслэлийн эрсдэл бүхий ЕБС-иудын автозамтай ойр орчмыг стандартын дагуу тохижуулах  зорилттой энэхүү аяны талаар ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн дарга, хошууч Ж.Энхбатаас тодрууллаа.


-Аяны хүрээнд эрсдэл бүхий ерөнхий боловсролын сургуулиудыг сонгож, тэдгээрийн ойр орчимд хүүхдэд ээлтэй нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ. Тэгэхээр “Эрсдэл бүхий” гэж ямар сургуулиудыг онцолж байна вэ?
-Хамгийн энгийнээр хэлэхэд, машин замд ойр сургуулиудыг дээрх ангилалд багтаан авч үзэж болно. Тухайн хүүхэд сургууль, цэцэрлэгээсээ гараад шууд замын хөдөлгөөнд оролцдог. Тиймээс хүүхдийн зорчих хэсгийн гарц болон бусад төрлийн тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, гэрэл дохио байхгүй зэрэг үзүүлэлтийг хангаагүй сургуулиудыг “эрсдэл бүхий” гэж онцолсон.
 
-Нийслэлийн хэмжээнд “эрсдэл бүхий” хэчнээн сургууль байх юм?
-Нийслэлд “эрсдэл бүхий” ерөнхий боловсролын 60 гаруй сургууль бий. Ялангуяа хотын захын сургуулиуд дээрх ангилалд багтдаг. Өөрөөр хэлбэл, 1500-2500 орчим сурагч зам тээврийн осолд өртөх өндөр магадлалтай орчинд суралцаж байна гэж хэлж болно.

-Аяны хүрээнд хийгдэх ажлынхаа санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Аяныг эхлүүлж “Авто-ойл” компани Сонгинохайрхан дүүргийн Ханын материал буюу захын хороололд орших ерөнхий боловсролын есдүгээр сургуулийн орчинд хамаарах автозам бүхий хэсэг газрыг өөрсдийн хөрөнгөөр засч тохижуулсан.Ингэхдээ хоёр урсгалд хурд сааруулагч, явган хүний гарцны 12 тэмдэг, тэмдэглэл, 60 орчим метр тусгаарлах хайс хашлага хийж, зарим эвдрэлтэй замыг засч нийтдээ 15 орчим сая төгрөг зарцуулсан. Дээрхи ажлыг гурав хоногийн хугацаанд гүйцэтгэж, өнөөдөр хүлээлгэж өглөө.
Энэ бол ирээдүйнхээ төлөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт юм.Улсаас санхүүжилттэй ЕБС-иуд зардал мөнгөө дангаар шийдвэрлээд хийх боломжгүй ажлыг хувийн хэвшлийнхэн хийж байгаа гэсэн үг юм.

-Сургуулийн орчин нөхцөлийг сайжруулснаар зам тээврийн осолд өртөх эрсдэл буурсан жишээнээс дурдаж болох уу?
-Байлгүй яахав. БГД-ийн 46 дугаар сургууль буюу “Сэтгэмж” цогцолборын ойр орчмыг Солонгосын хөрөнгө оруулалтаар стандартын дагуу өнгөрсөн жил тохижуулсан. Өмнө нь, жилд “Сэтгэмж” цогцолборын 10 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх тохиолдол гардаг байсан бол одоо гэмтэж бэртсэн, осол эндэгдэл гарсан гэх тохиолдол бүртгэгдээгүй байна. Эндээс эрсдэл бүхий ЕБС-иудын ойр орчмыг стандартын дагуу тохижуулахын ач холбогдол харагдах байх.

-Ерөнхий боловсролын сургуулийн орчны стандарт гэж бий. Тэр жишгээр хийж байна уу.Ер нь дэлхийн стандарт ямар байдаг юм бол?
-Манай улс 2014 оноос өмнө сургуулийн орчин, түүний орчимд баримтлах стандартгүй явж ирсэн. Өнгөрсөн онд “Сургуулийн орчин, түүний бүс”, “Сургуулийн автобус” гэсэн хоёр стандарт баталсан. Энэ стандарт дэлхийн жишигт нийцсэн гэж хэлж болно. Гэхдээ стандартын дагуу сургуулийн гадна орчныг тохижуулж, түүнийгээ хийж гүйцэтгэхэд маш их зардал шаарддаг учраас Монголынхоо нөхцөлд тааруулж, хэвтээ тэмдэглэгээний үйлдвэрлэлээ түшиглэн есдүгээр сургуулийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

-Энэхүү аян challenge хэлбэрээр өрнөнө. Тэгэхээр “Авто-ойл” компани да­раагийн аж ахуйн нэгжийг дуудсан уу?
-Дуудсан. Аяныг үргэлжлүүлэх хүсэлтийг “Таван Богд моторс” компанид тавьж, тэдний зүгээс аман байдлаар оролцоно гэсэн хариу өгсөн. Эрсдэл бүхий сургууль бүрийн орчимд хийгдэх ажлууд цаг хугацаа болоод зарцуулагдах хөрөнгө мөнгөний хувьд харилцан адилгүй. Гэхдээ challenge-д дуудагдсан дараагийн ААН, албан байгууллага, хувь хүн дээрх 60 гаруй сургуулиас өөрсдөө сонголт хийж оролцох боломжтой.

-Аяны хүрээнд эрсдэл бүхий 60 гаруй сургуулийг бүгдийг нь хамруулах боломж бий юу?
-Яг дээрх сургуулиудыг бүгдийг нь хамруулж чадна гэж хэлэх боломжгүй. Учир нь албан байгууллага, аж ахуйн нэгжийг сайн дурын үүднээс энэхүү аянд нэгдэхийг уриалж байгаа юм. Аяныг таван жилийн хугацаанд үргэлжилнэ гэж төлөвлөсөн. Учир нь зарим сургуулийн ойр орчимд хийгдэх зам засварын ажил бий. Аяныг дараагийн компани нь үргэлжлүүлэх боломжгүй, нэгдэх хамтрагч олдохгүй бол зогсоно. Тэгэхээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж уг аянд компаниудыг нэгдэхийг уриалж байна.

-“Аюулгүй Монгол хүүхэд” аяны үр дүн нь гол чухал юм. Аж ахуйн нэгжид үр дүнг нь тайлбарлаж, ухуулах нь зөв болов уу?
-Хамгийн их үр дүнтэй. Яагаад гэвэл, нэг сургуулийн орчинг тохижуулахад түүний цаана маш олон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаална. Замын хөдөлгөөнд орчны тохижилт хамгийн чухал үүрэгтэй. Замын хөдөлгөөний стандартын дагуу тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлага хийсний үр дүнд иргэд ч хөдөлгөөнд соёлтой оролцдог. Тийм нөхцөлийг бүрдүүлээгүй үед зам тээврийн осол гарах эрсдэл тэр чинээгээр нэмэгдэх нь бий. Хүүхэд зам гарахдаа гарц болон гэрлэн дохиогоор гарна гэдгээ мэдэх боловч гэнэн, тогтворгүй зангийн улмаас нэг удаа гарцаар гарах хэдий ч, дараагийн удаа гүйчихдэг. Энэ бол судалгаанаас ажиглагдсан нийтлэг үзэгдэл. Орчныг нь бүрдүүлж өгвөл хүүхдүүд хамгийн сайн явган зорчигч.

0 Сэтгэгдэл
Ardchilal undur hugjsen uls orond etseg eh, surgan humuujuulegch, huhdin erh uurenig huulchilan zaaj murduulsen bdag. Manai hugjild ene asuudal tulgarch ireed bgaag ene huuli zohoigch nar mederdeg yum bol vuu? Hezee baitlaa 13 nas hureegui huuhed tsunhee uureed gudamjind bie daaj yavj neelttei niigemin zolios boloh ve? Ardchilal yarij l bgaa bol niigmin anhdagch bolson etseg eh uureg huleeh yostoi.
Хамгийн их уншсан