Л.БАТБААТАР
Нийслэл хотын албан татварын тухай хуулийг 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр УИХ-аар баталсан. Уг хуулийн зорилго нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим үйлчилгээнд албан татвар ногдуулах, татварын баазыг өргөтгөх, далд эдийн засгийг ил болгох, уг татварыг нийслэлийн төсөвт тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах хэмээн тайлсан.
Хуулийн дагуу нийслэлийн иргэд аравдугаар сарын 1-нээс эхлэн архи, тамхи худалдан авсан болон баар, ресторан, зочид буудал, амралтын газар зэргээр үйлчлүүлбэл нэг хувийн татвар төлж эхлээд буй. Энэхүү татварыг тойрсон эерэг гэхээс илүүтэй сөрөг баримтлал нийгэмд үүссэн.
Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, баар, ресторан, найман нэрийн дэлгүүрийн үйлчилгээ эрхлэгчдэд Хотын албан татварын хуулийг сурталчлах уулзалтыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Татварын газартай хамтран өчигдөр хийлээ. Хэлэлцүүлгийн өмнө нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболд хуулийн бэлтгэл ажлын талаар “Нийслэл суутгагчдын тооллогыг есдүгээр сард хийсэн. 5300 аж ахуйн нэгж тооллогод хамрагдсан. Суутгагчдад танилцуулга, гарын авлага тарааж нэг бүрчлэн танилцуулсан. Мөн сургалт сурталчилгааны ажлыг нийслэлийн хэвлэл мэдээллийн албатай хамтран ажлын төлөвлөгөө гаргаж зохион байгуулсан. Үүний дагуу нийслэлийн бүх дүүргийн татварын ажилтнуудад болон татвар суутгагчдад сургалт хийлээ. Одоогийн байдлаар 1300 татвар суутгагчдад нарийвчилсан аргачлалаар сургалт явууллаа. Нийслэлийн есөн дүүрэгт хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт хийлээ. Олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа жигдрэн, суутгалаа төлөөд эхэлсэн байна. Хуулийг хэрэгжүүлэх журмаар бол арваннэгдүгээр сарын 10-ны дотор эхний суутгалын хураамж нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой. Дөрөвдүгээр улирлын тайлан ирэх оны эхэнд татварын албанд журамд заасны дагуу ирэх ёстой. Хотын албан татварыг суутгасныг тодорхойлсон төлбөрийн баримт олгоно хэмээн хуульд заасан. Үүнд гар талон болон кассын машинаас гарч буй хэвлэмэл баримт багтана. Хэрэв кассын машинтай бол программ татаад суулгачихна. Мөн гар утас, таблет ашиглаж болно. Нийслэлийн хэмжээнд кассын машинаар үйлчилгээ хийдэг 1700 цэг бий. Программ хангамжийн үйлчилгээ эрхэлдэг 17 компанийн 14 нь Татварын ерөнхий газартай гэрээ байгуулж, суутгагчдын кассын машины программ хангамжийг үнэ төлбөргүй хийж байна” хэмээн мэдээллээ.
Нийслэлийн иргэний танхимд болсон нээлттэй хэлэлцүүлэгт есөн дүүргийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйлчилгээ эрхлэгчид танхим дүүрэн цугларч идэвхтэй оролцсон. Улаанбаатар хотын Захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оролцон хэлэлцүүлгийг нээж “Уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Та бүхний бизнестэй холбоотой асуудлын талаар илэн далангүй ярилцъя. 2014 оны арванхоёрдугаар сард НИТХ-д төсөв оруулахдаа өнөөдөр айл өрх бүрийн бизнес уналтад орж, ажилгүйдэл газар авч, бизнесийн орлого буурч байна гэж хэлж байсан. Мөн бизнесийг хадгалахын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа гэж зориуд НИТХ-д танилцуулсан. Нийслэлийн 2015 оны төсвийн 50 хувь болох 260 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад оруулсан. Ингээд зах зээлийн эрэлтийг дэмжиж, иргэдийн ажлын байрыг хадгалж, аж ахуйн нэгжийн борлуулалт, худалдан авалтыг хамгаалсан. Хэрэв нийслэлийн зүгээс ийм арга хэмжээ аваагүй бол өнгөрсөн жил Улаанбаатар хотоороо ажилгүй, бизнесийн орлогогүй болох байсан. 260 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт 10 удаа эргэлтэд ороход л хоёр их наяд төгрөгийн ажил гүйцэтгэнэ гэсэн үг. Ингэж л дампуурлын эсрэг чадан ядан сөрж зогслоо. Татвар гэдэг үг хэнд ч сайхан сонсогдохгүй. Зах зээлийн эрэлтийг идэвжүүлэхийн тулд хуримтлал бий болгох хэрэгтэй байна. Үүгээр сурталчилгаа хийж, жуулчин авчиръя. Ингээд та нарын өгсөн татварыг эргээд таны бизнесийг дэмжихэд хэрхэн зарцуулах талаар санал солилцох гэсэн юм. УИХ-аас хууль баталсан. Хуулийг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй” гэлээ.
Нийслэлийн удирдлагын зүгээс нэг хувийн татварын зарцуулалтын талаар иргэдтэй баг болж хамтран ажиллах санал хэлэлцүүлгийн үеэр тавьсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нэг хувийн албан татварын мөнгө хүнд суртлыг санхүүжүүлэхгүй, татвар төлөгчдийг бизнесийг эргээд дэмжих аж.
Харин татвар суутгагч иргэд энэ саналд эсрэг байр суурьтай байсан. Тухайлбал, “Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн н.Мандухай “Энэ асуудлаар ард түмнээс урьдчилан санал авсангүй. УИХ-аар хууль батлагдаж журам гарсан. Журамд татварын хувь хэмжээг 0-1 хувийн хооронд тогтоо гэж заасан. Яагаад нэг хувиар тогтоодог юм. Ард түмний амьдралыг дэмжин, бидний бизнесийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн итгэл төрөхгүй байна. Нийгмийн даатгал, НӨАТ, хүн амын орлогын, аж ахуйн нэгжийн орлогын зэрэг албан татварыг аж ахуйн төлдөг. Гэр хороололд жуулчин чинь ирдэггүй. Энэ нэг хувийн татвараа үйлдвэрлэгчдэд ногдуулъя” хэмээн санал гаргасныг танхимын хэмжээгээр дэмжиж буй харагдав.
Хариуд нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Та нарын өгөх хариултыг мэдэж байсан учраас уулзалт хийж байна. Ажил хэрэг ярья гэсэн. Та нарт татвар ногдуулаад, татварын зарцуулалтын талаар хэзээ ч ярилцаж байгаагүй. Иймд асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх эрх надад байхгүй. Нэг жишээ ярья. Өвөрхангайн нэг сум татваргүй, орлогогүй болж сургууль, эмнэлэг ч ажиллахгүй болсон. Сайн багш, эмч нар нь хот руу шилжсэн. Тэгэхээр та нарын татварын мөнгөөр нийслэл хот амьдарч байна. Одоо бол гарсан шийдвэрийн талаар ярьж байна” гэлээ.
Зарим иргэний зүгээс хууль хэрэгжүүлэх журамд заасны дагуу 0 хувийн татвар ноогдуулж, татваргүй болох санал тавьж байсан. Хариуд нь татваргүй бол улс орон, нийслэл хот оршин тогтнох боломжгүй гэдгийг нийслэлийн удирдлагын зүгээс тайлбарлаж байв. Нэг хувийн татварыг багаас их рүү нэмэх саналын Баянзүрх дүүргийн иргэн н.Мөнхтуяа дэвшүүллээ. Тэрээр “Эхний жил 0.1 хувиар, дараа жил 0.3 хувийн татвар авна гэдгийг урьдчилан анхааруулж хүний ой ухаанд суулгах байсан. Шууд нэг хувийн татвар ноогдуулахаар бизнес эрхлэгчдэд том дарамт болж байна” гэлээ. Талууд удтал мэтгэлцсэний эцэст нэгдсэн шийдвэрт хүрч бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж хотын албан татварын зарцуулалтад хяналт тавьж байхаар тогтлоо.