Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Селена Скотт Монгол орноор аялсан нь

Б.БААТАР

Английн “HELLO” сэтгүүлд Монголын тухай гарсан нийтлэлийг товчлон сонирхуулж байна.
Хөх тэнгэрийн дор Ази тивийн цээжинд Монгол гэдэг улс бий. Говь цөл, байгалийн гайхалтай цогц онгон тал гээд манай дэлхийн бүхий л үзэсгэлэнт байгаль энд нэг дор оршдог юм. Миний хувьд Монголын говиор аялсан бөгөөд ард түмний гар урлалаар хийсэн бүтээл, нүүдэлчин амьдралын хэв маягийг үзэж сонирхох сайхан боломж гарлаа.

Торгоны зам дагуу байрлах Монголын байгалийн энэхүү тал нутагт хүний гараар хийж болох бүхий л урлал буй нь хачирхалтай бас сонирхолтой. Монголын талаар би хөндлөн аялсан ч говь нутаг хамгийн сайхан нь санагдсан. Тал  хувь нь нүүдэлчин амьдралаар гэр орон, ахуйн хэрэгцээгээ бүрэн хангадаг ард түмэн өнөөдөр тэднээс өөр байхгүй л болов уу. Гэр бүлийн гишүүн бүр нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Хонь, ямаа, тэмээ, сарлаг гээд малынхаа түүхий эдээр хувцас хийж өмсөнө, сүү тэжээлээр нь хоол унд хийж, эрүүл байгальд эрүүл амьдралыг тэд эрхэмлэнэ.

Миний аялал Бодио нэртэй хөтөчтэйгөөр нийслэл Улаанбаатараас эхэлж, хөдөө нутагт тэр дундаа говь нутгаар аялах боломж нээгдсэн. Берлиний хана нуран унасны дараа өөрийн жижиг бизнесээ эхлүүлсэн гэр бүлээс гаралтай миний сонирхлыг Монголын нүүдэлчин амьдралын нарийн ухаан маш ихээр татаж байсан. Зарим нэг загвар зохион бүтээгчийн бүтээлээс илүү, гэрт амьдрах эхнэр хүний хийсэн зүйлс гайхшрал төрүүлэх шиг л болсон.

Чойжил нэртэй гэрийн эзэгтэй өмнө нь найман цаг хувцас оёж, амьдралаа залгуулж байсан гэнэ. Тэрээр одоо нас өндөр болсон ч гэрийн бүхий л арын албыг сайн хашиж, гэр бүлээ тэтгэж яваа хүчирхэг монгол эмэгтэй. Долоон хүүхэдтэй, 15 ач зээтэй түүний хувьд гэртээ зүгээр сууна гэж үгүй, ажилсаг, хөдөлмөрч зан нь амьдралд нь чимэг нэмэх шиг санагдана.

Миний анхаарлыг хамгийн их татсан нүүдэлчин ард түмэн хэрхэн тэжээж байгаа амьтдынхаа түүхий эдийг ашиглан аж ахуйгаа зохицуулж байгааг судлах, мэдэж авах байлаа. Жишээ нь, тэмээний ноосоор халуун хөнжил, нөмрөг хийх нь ямар ч үйлдвэрийн бүтээгдэхүүнээс илүү мэт сэтгэгдэл төрүүлсэн. Бүтээгдэхүүн хийж байгаа нарийн ухаан нь эрт дээр үеэс уламжлан ирсэн гэсэн. Би лав амьдралдаа тийм зүйл дуулж байгаагүй. Өвөл хааяа -50 хэм хүрч хүйтэрдэг энэ улсад дулаан хувцас чухал гэдэг нь тодорхой. Тиймээс таван хошуу малаас гарах ямар бүтээгдэхүүн ахуйн хэрэглээнд ямар ч цаг улиралд ашиглагддаг ухаан нь  намайг алмайруулсан.

Амьтдын мах, сүүгээр голдуу хоол хүнсээ болгодог тэд амьтдаа зөвхөн хүнсэнд хэрэглэх гэж өсгөдөггүй. Шим тэжээлийг нь бүхий л боломжоороо авдаг.
Хүүхдүүдэд боловсрол хэрэгтэй гэдэг нь тодорхой. Зургаан настайгаасаа сургуульд явдаг гэсэн. Гэхдээ баг, сум, аймаг гэх газар нутгийн нэгжүүдэд цэцэрлэг сургууль бүр хангалттай биш. Цагаан цаас олдохгүй үе ч байдаг. Гэхдээ бүгд хичээл хийж, боловсрол эзэмших чин хүсэл эрмэлзэлтэй нь гайхалтай. Энэ бүгдийн хажууд тэд амьдралын ухаанд ахмад дээдсээсээ бие даан суралцсаар л байна. 

Би өөрийн компанийг 20 жилийн өмнө байгуулсан бөгөөд хувцас, загвар зохион бүтээх, урлах салбарт бусдын адил үйл ажиллагаа явуулдаг. Ямааны ноолуур бүтээгдэхүүнийг хамгийн анх Египет улсаас гаралтай гэж эндүүрдэг би хувьдаа байлаа. Гэвч Монголд жинхэнэ утгаараа энэ төрлийн бизнес жирийн нэг айлд хөгжиж байгааг нүдээр харлаа. Ямааны ноолуураар хийсэн цамц, бээлий, оймс, өмд гээд бүхий л төрлийн хувцас хамгийн чанартай, сайн бүтээгдэхүүнд тооцогддог. Тиймээс энэ бүтээгдэхүүнийг хийх нарийн ухаан нь маш гайхамшигтай.

Дараагийн онцлох зүйл бол сарлаг. Үхэр шиг хэрнээ үсэрхэг энэ амьтан Ази тивд цөөхөн байдаг гэж дуулсан. Гэхдээ Монголд ингээд л жирийн амьдралдаа түүнийг тэжээдэг гэж төсөөлөө ч үгүй явлаа. Монголчууд сарлагаар уралддаг юм  билээ. Бас мориор уралдаж, эрийн гурван наадам хийдэг долдугаар сард гадаадын жуулчид хамгийн их ирдэг гэсэн. Азид аялал жуулчлалаар тэргүүлэх боломжтой улс орны тоонд багтдаг.

Монгол орон бол ганцаараа бүхнийг тунгаан бодох, тайвшралын орон ч гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Тэр нь ч үнэний ортой. Би ганцаараа их зүйл бодсон, бас ухаарсан тийм л гайхалтай аялал, амьдралын туршлага болсон их зүйлийг энэ улсаас олж авсан. Эрүүл мэнд, ахуйн амьдрал дэлхий нийтэд ямар чухал гэдгийг мэдэх боломж олгосон Монгол Улсын нүүдэлчин амьдралд баярлаж байна. Ард түмний уламжлал болон ирсэн ийм ухаан байдаг гэдгийг зарим эрдэмтэн мэдэхгүй л яваа болов уу.

Энэ улсад ирсэндээ би харамсахгүй. Харин ч байнга ирэх шалтгаантай боллоо. Өөрийнхөө хувийн бизнесийг Монголын нүүдэлчин ард түмний урлах ухаан, бүтээлч сэтгэлгээтэй хамтран хөгжүүлж цаашид дэлхийд таниулах үйл хэрэгт өөрийн өчүүхэн нэмрийг оруулах хүсэлдээ авсан. Шотланд улстай харьцуулахад Монголын ард түмэн бүтээлч, нүүдэлчин, аж ахуйч тэрхүү сэтгэлгээгээрээ дэлхийгээс ялгарч байгаа гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Монгол орон бол ганцаараа бүхнийг тунгаан бодох, тайвшралын орон ч гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Тэр нь ч үнэний ортой. Би ганцаараа их зүйл бодсон, бас ухаарсан тийм л гайхалтай аялал, амьдралын туршлага болсон их зүйлийг энэ улсаас олж авсан. Эрүүл мэнд, ахуйн амьдрал дэлхий нийтэд ямар чухал гэдгийг мэдэх боломж олгосон Монгол Улсын нүүдэлчин амьдралд баярлаж байна. Ард түмний уламжлал болон ирсэн ийм ухаан байдаг гэдгийг зарим эрдэмтэн мэдэхгүй л яваа болов уу.
solongosuud bol mongoliig ih doromjildog. harin baruunihan soyoltoi humuus baih yum busdiig doromnjlohgui
Хамгийн их уншсан