Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эсрэг, тэсрэг: “Халх гол” чөлөөт бүс

Б.ШИРНЭН

Дорнод аймгийн Халх гол сумд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоол өнгөрсөн долдугаар сарын 9-нй өдөр гарсан. Тогтоолын төсөл өргөн барьсан Р.Бурмаа сайд дээрх тогтоол гарснаар газрын тосны цооног болоод байгаа Дорнод аймаг, тэр дундаа Халх гол сумыг чөлөөт бүсээр хөгжүүлж, хөдөө аж ахуйн шууд хөрөнгө оруулалт татах боломжтой гэж мэдэгдэж байгаа юм.
Харин УИХ-д суудалгүй Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) “Халх гол” чөлөөт бүс байгуулахыг экологи болоод эдийн засгийн хувьд үр ашиггүй гэсэн байр суурь илэрхийлж, энэ сарын 28-ны өдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас авчээ. Ингээд “Халх гол” чөлөөт бүс сэдвээр санал зөрөлдсөн талууд өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг харьцуулан хүргэж байна.


Засгийн газар

Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан эдийн засгийг солонгоруулах, газар тариаланг хөгжүүлэх, өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх, улмаар Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан зорилтын хүрээнд УИХ,  Хөдөө аж ахуйн  “Халх гол” чөлөөт  бүс байгуулах тухай  тогтоол баталсан.  Өнөөдрийг хүртэл 24 тэрбум  ам.доллар бүхий газрын тосны таамаг нөөц илрүүлсэн Хятад компани нь байгаль орчний хариуцлага хүлээдэггүй, дэд бүтэц бий болгоогүй, бүх бүтээгдэхүүнээ 100 хувь  экспортолж байна. Тэнд 3500 гаруй ажилчид ажиллаж байгаагийн 3010 нь хятад. Зөвхөн 1 баррель газрын тос олборлоход  10 мянган тонн гүний усны нөөцийг ашиглаж байна.

Хөдөлмөрийн үндэсний нам

УИХ-аас 500 мянган га газар нутгийн эрх зүйн статусыг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор” нэрийн дор чөлөөт бүс болгож өөрчиллөө. Эрх баригчид үүнээ уг газар нутгийг уул уурхайн ашигт малтмалын хайгуулын лицензээс хамгаалах гэж байгаа гэсэн “ядруухан” тайлбараар аргацаасан ч үнэн хэрэгтээ мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, эдийн засгийн явцуу сонирхол бүхий бизнес, улс төрийн бүлэглэлд хөтлөгдсөн, хэрэг дээрээ улс орныг удирдах ямар ч чадавхигүй УИХ-ын ээлжит “гологдол” шийдвэр боллоо. Бидний Монголчуудын өнө эртний язгуур нутаг, манай орны хамгийн үржил шимт, зөөлөн дулаан уур амьсгал бүхий энэ газар гадаадынхны шуналт нүднээс ийнхүү зайлсангүй.

500 мянган га харьд очихгүй

“Халх гол” чөлөөт бүсийн хил хязгаарыг 500 мянган га-р тогтоож цаашид түүнийг хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр заасан байдаг. Тус чөлөөт бүсийн талбайн 14.4 хувь буюу 72 мянган га-г эргэлтийн талбай болгоно. Мөн 500 мянган га талбайг тэр чигээр нь хашна гэдэг бол ташаа мэдээлэл. Хорио цээр, хяналтын бүсийг тодорхой хэмжээнд л тавина. Хяналтын дэглэм бүхий боловсруулах үйлдвэрлэлийн бүс шаардлагатай. Нийт 26 мянган га талбайд хашилт хийнэ. Энэ бүс нь 500 мян га-ийн 5.2 хүртэлх хувь бөгөөд хаших талбай нь зөвхөн үүгээр хязгаарлагдах бөгөөд Халх гол чөлөөт бүсийн газарт оршин суугаа малчин, мал бүхий иргэдийг нүүлгэх шаардлагагүй. Мөн Засгийн газар, Халх гол чөлөөт бүсэд ажиллах, түр оршин суух гадаадын иргэд нь тус чөлөөт бүсэд ажиллагсдын гурван хувиас илүүгүй байхыг тогтоолд тусгасан. Энэхүү гурван хувийн гадаадын ажилчид нь зөвхөн эрчимжсэн газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тусгай мэргэжлийн инженер, технологич, судлаачид байх юм. Жишээлбэл, тэнд 1000 ажлын байр шинээр бий боллоо гэхэд түүний гурван хувь буюу 30 хүн л гадаадын нарийн мэргэжлийн хүмүүс байх юм.

Гол нь монгол иргэдээ ажилтай болгоно. Нийт 3000 хүний ажлын байр бий болно. Мөн Монгол Улсын хилээр орох гадаадын иргэд хууль тогтоомжийн дагуу заавал визтэй орж ирнэ. Үүнээс гадна тус чөлөөт бүст үйл ажиллагаа явуулах компаниудын хувьцааны 51-ээс дээш хувийг заавал монгол хүн эзэмших ёстой гэж тусгасан байна.   

Харийн доншуучдад мөлжүүлж дуусна

Халх голын энэхүү чөлөөт бүсийн газрын хэмжээг ярихад манай улсад байгаа уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа нийт эдэлбэр газраас 25 дахин том, НҮБ-д бүртгэлтэй нийт улсын дөрөвний нэгийнх нь газар нутгийн хэмжээнээс багагүй байгаа. Иргэдэд хуулиар өмчлүүлж байгаа газрын хэмжээ буюу 0.07 га, 0.35 га газраар дундчилж бодоход Монгол Улсын 7.1 сая иргэнд өмчлүүлэхүйц хэмжээний том газар болж байгаа. Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд байгаа, уг бүсэд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, олон улсын банк, санхүү, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Эндээс нефть олборлож алт ухвал бид яах вэ. Монгол Улс юу хожих вэ, татвар авахгүй, газрын төлбөр авахгүй, энд үйлдвэрлэл явуулах дэд бүтэц ч байхгүй, эцэст нь бид өөрийн үржил шимт, түүхт нутгаа харийн доншуурчдад мөлжүүлж дуусаад цөлжиж элс нүүсэн хөрстэй, ухсан нүхтэй, зам барилгын сэгтэй, торон хашаатай үлдэнэ. Үндсэн хуульд заасанчлан нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг илэрхийлэн хам­гаалах тангарагтай, “ард түм­ний элч” УИХ-ын гишүүд юу бодож энэ шийдвэрийг гар­гав. Үнэхээр л уурхайгаас хам­гаалах гэсэн бол уг газ­рыг улсын, орон нутгийн тус­гай хэрэгцээнд авахаас ава­хуулаад өөр бусад хууль зүйн хамгаалалт хийж болох бай­тал хэрэгссэнгүй.
Мөн Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.1-д заасанчлан, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх, жил бүр Засгийн газрын баталдаг гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь хэмжээнд чөлөөт бүсийн энэ нутаг дэвсгэр хамаарахгүй.

Халх голын газар нутгаас Солонгосчууд авсан уу

“Халх гол” чөлөөт бүсийн газраас Хятад, Солонгосчуудад зарсан гэх мэдээлэл бий. Энэ нь Хөдөлмөрийн үндэсний намаас үүдэлтэй гэж байгаа ч тус намын дарга С.Боргил “Халх голын сав газраас зарсан гэж бид намын албан ёсны байр суурь илэрхийлээгүй” гэсэн юм. Харин “Халх гол” чөлөөт бүс төслийн захирал Энхжаргал энэ талаар тайлбар өглөө. Тэрээр “БНСУ-ын “Хансолмо” компанид 2009 онд 30 мянган га газар өгсөн гэх яриа байдаг. Тус компанид Халх гол сумын ИТХ-ын тогтоолоор 25.9 га газрыг газар эзэмших нөхцөлөөр өгсөн байсан. Гэхдээ энэ газрыг сумын Засаг даргын захирамжаар 2011 онд буцаан авсан” гэж хэлсэн юм. Харин мөн ондоо дотоодын “Үйзэн тал” компанид 14 мянган га, “Цог-Октадар”-т 6.9, “Ашдын нөхөр”-т 4.8 мянган га талбайг тус тус эзэмшиж байгаа аж. Мөн бүртгэлд ороогүй хэд, хэдэн компани байгаа аж. Мөн хуулийн хариуцлага бага байдгаас шалтгаалан орон нутгийн удирдлага албан тушаалаа ашиглан газар зарах зөрчил гаргах боломжтой байдаг аж.

Халх голд уул уурхайн болон газар тариалангийн нөхцөл байдал ямар байгаа вэ

Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар байдгаас одоогийн байдлаар  Дорнод аймагт  5.4 сая га газар оногдож байгаа юм байна.  Мөн газрын тосны  бүтээгдэхүүн хуваах гэрээгээр есөн аж ахуйн нэгжид газрын тосны хайгуул, олборлолт хийх талбай олгосон нь Дорнод аймгийн газар нутгийн  44 хувийг эзэлдэг бөгөөд “Халх гол” чөлөөт бүс байгуулах 500 мянган га газар нь хайгуул хийх талбайтай давхцаж байгаа юм.

Харин чөлөөт бүс байгуулах болсноор зарим нэг компанийн гэрээг сунгаагүй ч компаниуд олборлолт, хайгуулт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсээр. Гэсэн ч Засгийн газар Дорнод аймгийг зөвхөн уул уурхайн чиглэлээр хөгжүүлэх нь өрөөсгөл гэж үзсээр байна. Тухайлбал, тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг “Х” компани газрын тосны олборлолт хийж, түүхий газрын тосыг БНХАУ руу экспортолдог. Тус компани 3500 гаруй ажилчинтайгаас 3010 нь урд хөршийн иргэд байдаг байна. Мөн зөвхөн нэг баррель газрын тос олборлоход 10 мянган тонн гүний усны нөөцийг ашигладаг аж. Тиймээс Засгийн газар зөвхөн газрын тосны орлогоос бүс нутгийг цаашид хөгжүүлэх боломжгүй гэлээ.

Тэгвэл Халх голын бүс нутаг нь хөдөө аж ахуйн чиглэлээр өнөөдрийг хүртэл хамгийн өргөн хүрээнд, урт хугацаанд судлагдсан бүс нутагт тооцогддог юм байна.  Анх 1967 онд Монгол Оросын хамтарсан атрын экспедиц судалгаа хийж, Халх гол сумд 10 сангийн аж ахуй байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж байжээ. Үүнээс хойш ч гэсэн 10 гаруй удаагийн судалгаа хийж, Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг аж. Харин Засгийн газар 2010 онд  Дорнод аймгийн Халх гол суманд атаршсан 30 мянган га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэд оруулахыг даалгасан ч орон нутгийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр  Халх гол сум нь 51 мянган га газрыг  газар тариалан, 36 мянган га газрыг эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар олгожээ.

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргилоос “Халх гол” чөлөөт бүсийн талаар тодрууллаа.

-Танай нам Халх голд чөлөөт бүс байгуулахыг дэмжихгүй байгаа гэж ойлгож байгаа. Тэгвэл зүүн бүс, тэр дундаа Халх гол сумыг хөгжүүлэх өөр төлөвлөгөө бий юу. Мастер төлөвлөгөө гэж ойлгож болно.
-Би эрх баригчдаас наад асуултыг чинь асуудаг. Чөлөөт бүс байгуулснаар эдийн засаг хөгжинө гэдэг ойлголт манай улсын жишээн дээр батлагдахгүй байна. Өнгөрсөн хугацаанд дөрвөн чөлөөт бүс байгуулсан ч хөгжсөн тохиолдол байхгүй. Тиймээс манай эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар “40 см-ээс нэг  метрийн зузаантай хар шороон хөрсийг хөдөө аж ахуйн чиглэлээр, дотоодын компанийг оролцуулах бодло­гоор Халх голыг хөгжүүлэх бо­ломжтой” гэдэгтэй санал нэг байгаа. Ямар ч байсан чөлөөт бүс байгуулах замаар биш.

-Танай намынхан мөн экологийн асуудал их хөндөж байна. Өнөөдрийн байд­лаар халх голд газрын тос олборлох хайгуу­лын ли­ценз олгосон. Тэг­вэл чөлөөт бүс байгуу­лах болоод газрын тос ол­бор­­лох хоёрын аль нь илүү эко­­логийн сүйрэл дагуулна гэж бодож байна. Энэ та­лаар хийсэн судалгаа бий юу?
-Чөлөөт бүс байгуулах нь том эрсдэлтэй гэж салбарын эрдэмтэд үзэж байгаа. Харин газрын тос олборлосноор байгаль орчинд ямар хэмжээний хохирол учрах вэ гэдгээр судалгаа явуулаагүй байгаа. Гэхдээ бид судалж үзэх болно.

0 Сэтгэгдэл
BURMAAG SHOROND XATAA
Хамгийн их уншсан