Холбоотны гүрнүүд 1945 онд Ялтын бага хурлын үеэр БНМАУ-ын статусыг хөрш орон болох Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тавьжээ. Харин тус улс 1945 оны наймдугаар сарын 14-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоо байгаа хилийнх нь хүрээнд, ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох тухай нот бичгийг ирүүлжээ.
Үүний дараа БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид тогтоол гаргаж, тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахаар шийдсэн байна. Санал хураалтад 494960 хүн оролцож, бүгд тусгаар тогтнолоо батлан зөвшөөрчээ. Монголын ард түмэн асар их хүчин чармайлтын үр дүнд 1946 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Дундад иргэн улсаас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нот бичгийг хүлээн авсан байна. Энэхүү түүхэн үйл явдлын 70 жилийн ойн хүрээнд Шинжлэх ухааны академийн Түүх, Археологийн хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний түүхийн музей, МАХН хамтран эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа. Энэ хуралд УИХ-ын дарга З.Энхболд оролцжээ.
Тэрээр эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үеэр “БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид бүх ард түмний санал асуулга явуулах тогтоол гаргасан нь Монгол Улсын тусгаар тогтнолд түүхэн ач холбогдолтой шийдвэр байсан. Тухайн үед бүх нийтийн санал асуулгын санал хураалт явуулсан зарчим нь монголчуудын хувьд анхны ардчилсан сонголт байсан гэж бид үзэж байгаа юм. Хэдийгээр санал өгсөн нийт иргэдийн 54 орчим хувь нь бичиг үсэг мэддэг байсан ч анх удаа явагдсан бүх нийтийн салан асуулгад хүн бүр идэвхтэй оролцож, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, ардчилсан сонголтоо хийж чадсан ард түмнээрээ Монголын залуучууд, хойч үе бахархах учиртай. Тийм ч учраас бид энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх учиртай” гэжээ.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон албаны бусад хүмүүс оролцсон байна.