Зургаадугаар сарын 1-нд жилдээ ганц удаа ч болов ямар гээчийн хор хэрэглээд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хордуулж байгаагаа эргэж нэг харахад буруудах зүйл гэж юу байхав.
Тамхины хор хөнөөлийн талаарх олон тооны судалгаагаар нотлогдсон хамгийн наад захын жишээг дурдъя л даа. Тамхинд агуулагддаг никотин нь жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой хортой нөлөө үзүүлнэ. Никотин нь сул, жин багатай хүүхэд төрөхөд ихээхэн нөлөөлдөг бол төрсний дараах эхний нэг жил тамхи татах үед хөхүүл хүүхдийн өвчлөлт, гэнэтийн нас баралт эрс нэмэгддэг.
Үүнийг илүү нарийвчлан авч үзье л дээ. Жирэмсэн эмэгтэй хүн тамхи татсаны дараагаар эхэс буюу ургийг цус, хүчил төрөлч, тэжээлийн бодисоор хангаж байдаг эрхтэний судас агшдаг. Харин бүх хүчил төрөгч, тэжээлийг нь өгч байдаг эрхтэнийх нь судас агшихаар хэвлийд байгаа хүүхэд яах вэ? Мэдээж хэрэг хүчилтөрөгчийн дутагдалд орно. Тэгэхээр тамхи татах тоолонд эхийн хэвлийд байгаа хөөрхий хүүхэд ийнхүү хүчин төрөгчийн дутагдалд орно.
Хүчилтөрөгчийн дутагдал гэхээр зарим хүн сайн төсөөлөхгүй байж болох юм. Тэгвэл шатаар, эсвэл өгсүүр газар гэнэт хурдан гүйгээд үзээрэй. Ингэхээр амьсгаа давчдаад, цээж багтраад уухилаад ирнэ. Энэ бол хүчил төрөгчийн хэрэгцээ огцом багасч байгаатай холбоотойгоро хүний бие хямарч байгаагийн шинж. Тэгвэл эхийн хэвлийд байгаа тэр жаахан амьтан тамхи татах болгонд ингэж бачуурдаг гэж төсөөлөөд үз. Улмаар байнга ийм байдалд ороод байвал ургийн хөгжил удааширна. Үр дүнд нь тамхины уршгаар зулбах, амьгүй хүүхэд төрүүлэх, эсвэл биеийн жин дутуу хүүхэд төрүүлэх эрсдэл эрс нэмэгдэнэ.
Эрчүүдийн хувьд гэвэл никотин нь бэлгийн булчирхайд сөрөг нөлөө үзүүлснээр бэлгийн сулрал үүсэх ноцтой шалтгаануудыг нэг болдог. Тийм ч болохоор бэлгийн сулралын эмчилгээг тамхинаас бүрэн гарах, гарч чадахгүй бол татах тоог нь эрс цөөрүүлэх замаар эхэлдэг.
Дам таталт гэж бас нэг айхтар юм бий. Тамхичин хүн өөрийгөө төдийгүй дэргэдээ байгаа ойр дотны хүмүүсээ тамхиныхаа утаагаар хордуулж байдаг. Хүн болох гэж тэмцэж яваа хүүхдүүд тамхины утаанд маш эмзэг байдаг. Тэгэхээр тамхи татдаг аав, ээж, өвөө, ах, эгч нар аль болон хүүхдийн хажууд тамхи татахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэвэл айл гэрийн тамхи татдаггүй хүмүүс нь ядаж ханиад томуу, хатгаа, харшил гээд өвчин ороолгүй, эмч домч, эмийн сангаар явж мөнгө төгрөг үрээд байлгүй эрүүл саруул явна.
Тамхины хор уршгийн талаарх хангалттай их мэдээ байдаг болохоор олон зүйл нуршилгүйгээр хэдэн зураг оруулсан нь дээр гэж үзлээ.
Зүүн талд нь тамхи татдаг хүний уушиг зүрх, харин баруун талд тамхи татдаггүй хүний уушиг зүрх



Тамхинаас гарах гэж байгаа хүмүүст хэлэхэд тамхинаас гаргах 400 гаруй арга, аргачлал байдгаас бодит үр дүн өгч өргөн хэрэгллэгддэг 40 орчим л байдаг. Ямар аргыг сонгосноос үл хамаараад эхний 2 долоо хоног л хамгийн хэцүү байдаг. Энэ үеийг давж чадвал хүн тамхинаас гарах, хаях чадалтай юм байна гэдэгтээ итгэж, чин зоригтой болдог. Сэтгэлийн чин зоригтой хүн хаана хүрч чаддагийг Сүх жанжин хэлээд өгчихсөн байгаа болохоор давтах нь илүүц биз.