НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ байнгын бус гишүүдийг сонгох сонгууль тус байгууллагын Ерөнхий Ассамблейд болно. Энэ оны нэгдүгээр сараас хоёр жилийн хугацаатайгаар АЗ-д үүрэгт ажилдаа орох таван орныг төлөөлөгчид нууц санал хураалтаар сонгоно.
Ерөнхий Ассамблейн хурлыг Москвагийн цагаар 17:00 цагт товлосон байна. НҮБ-ын гишүүн 193 орныг саналаа өгсний дараа 45 минутын завсарлага авч, саналын хуудсыг тоолно. Дараа нь Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы даргалагч Могенс Люккетофт хурлыг дахин зарлаж сонгуулийн дүнг танилцуулна.
Ерөнхий Ассамблей дахь энэ жилийн санал хуралдаан далд хуйвалдаангүй болох төлөвтэй байна. АЗ-д гишүүнээр элсэхээр өрсөлдөж буй бүх таван орныг бүс нутгийн бүлэглэлүүд баталжээ. Энэ бол Африкийн орнуудын бүлгийн баталсан Египет болон Сенегал улс, Европ болон бусад орноос нэр дэвшүүлж буй Украин, Латин Америкийн орнуудын баталсан Уругвай, Ази, Номхон далайн орнуудын баталсан Япон улс юм. АЗ-д гишүүнээр элсэх орнуудын жагсаалтад урьд нь Бангладеш байсан боловч Японд зайгаа тавьж нэрээ татжээ.
Хэдийгээр дээрх таван оронд өрсөлдөгч байхгүй боловч сонгогдохын тулд нууц санал хураалтаар Ерөнхий Ассамблейн гишүүн орнуудын хоёроос гурвынх нь дэмжлэгийг заавал авсан байх шаардлагатай юм.
АЗ-д гишүүнээр элсэх гэж буй таван орноос Украин улс хамгийн их анхаарал татаж байгаа юм. Тус улсад 2014 онд төрийн эрх солигдож, улмаар одоог хүртэл үргэлжилж байгаа мөргөлдөөн гарахад хүргэсэн билээ. Гэхдээ Киевийг нэр дэвшүүлэхээр бүр 2003 онд баталсан юм.
Украин АЗ-ийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд Крымыг эзлэн түрэмгийлж, улс орных нь зүүн нутагт тогтворгүй байдал үүсгэсэн гэж буруутгаж байгаа ОХУ-тай эвлэрэхгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Павел Климкин НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
АЗ бол НҮБ-ын гол байгууллага юм. Дүрмийн дагуу, тус зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй. АЗ-ын бүрэлдэхүүнд 15 улс багтдаг бөгөөд Хятад, ОХУ, Их Британи, АНУ болон Франц гэсэн байнгын таван гишүүнтэй бол 10 нь жил бүр бүрэлдэхүүнийг нь шинэчилдэг байнгын бус гишүүд юм.