Монгол Улсын 2016 оны төвийн тухай хуулийг Сангийн сайд УИХ-д өргөн бариад хэлэлцэж эхлээд байна. 2015 оны төслөөр энэ жил төсөв 900 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Тиймээс ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахдаа бүсээ багагүй чангалсан гэдгийг Сангийн сайд албан ёсоор хэлсэн. 2016 оны төсвийн төслөөр орлого 6 их наяд 981,4 тэрбум байх төсөөлөл хийсэн бол зарлага 7 их наяд 883 тэрбум буюу үндсэндээ төсөв 901 тэрбумын алдагдалтай гарч буй.
Энэ жилийн төсвөөс зарлага 45,5 тэрбумаар өссөн байгааг харж болно. Төсвийг хэмнэх нэг аргыг Сангийн яамны зүгээс Засгийн газрын агентлагуудыг нэгтгэх гэж үзэж буй. Ирэх жилийн төсөвт Гаалийн Ерөнхий газар+Татварын Ерөнхий газар = Үндэсний орлогын газар, Улсын бүртгэлийн газар+Статистикийн төв газар= Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар+ Газрын тосны газар=Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн бүтэцтэй суулгасан бөгөөд наймдугаар сарын 1-нээс яамдын тоог зургаагаар цөөлж, Байгаль орчин хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам,Хууль зүй дотоод хэргийн яам, Батлан хамгаалахын яам, Гэгээрлийн яам, Хөдөө аж ахуйн яам, Дэд бүтцийн яам, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам гэсэн есөн яам байхаар оруулж ирсэн байна.
2016 онд Монгол Улсын сангийн авдарт Сангийн яам 4 их наяд 240 тэрбум 327 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 3 их наяд 132 тэрбум 527 сая төгрөг зарлагадна. Энэ нь 2015 оны зарлагаасаа 100 гаруй тэрбумаар давсан үзүүлэлт болжээ.
Хамгийн өндөр зарлагатай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хувьд энэ жилийн төсвийн дүнтэй ижил хэмжээний зарлага гаргах нь.
Эрүүл мэнд спортын яам, Зам тээврийн яам, Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яам, ЗГХЭГ-ын төсөв 5-20 гаруй тэрбум төгрөгөөр ялимгүй өсөх бол Аж үйлдвэрийн сайдынх 29, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдынх 100-гаад тэрбумаар өсөх тооцоо хийжээ.
Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Шадар сайдын төсөв бага зэрэг буурсан дүн харагдаж байгаа юм.
Ерөнхий сайдын төсөв 6 тэрбум орчмоор өссөн бол Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын дарга, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг газрын төсвийн багагүй хумижээ.