Л.БАТБААТАРНийслэл хотын албан татварын тухай хуулийг 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр УИХ-аар баталсан. Уг хууль нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зарим үйлчилгээнд албан татварыг ногдуулах, уг татварыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн дагуу нийслэлийн иргэд аравдугаар сарын сарын 1-нээс эхлэн архи, тамхины худалдаа болон дөрвөн төрлийн үйлчилгээнд нэг хувийн татвар төлж эхлээд буй. Гэвч энэхүү татварыг тойрсон эерэг сөрөг гээд янз бүрийн ойлголт нийгэмд үүссэн. Хоол идсэнийхээ төлөө татвар төлдөг болох нь, хотын удирдлагуудын шийдвэр зөв гэдэгт эргэлзэж байна гэж иргэд ярьж буй. Тиймээс хэрэгжээд арав гаруй хонож буй Нийслэл хотын албан татварын тухай хуулийн талаар хотын удирдлагуудын зүгээс албан ёсоор тайлбар хийв.
Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Батаа “Улаанбаатар хотын хувьд 2003 оноос эхлэн татвар тогтоох оролдлого хийж эхэлсэн. 2013 онд Засгийн газартай харилцан ойлголцсоны үр дүнд худалдааны нэг хувьд татвар ногдуулъя гэсэн тохиролцоонд хүрсэн. Нийслэл хотын хэмжээнд жилд 2.2 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлогддог. УИХ удтал хэлэлцсэний үр дүнд нэмэгдэл үйлчилгээнээс татвар авах тухай зөвшилцсөн. Худалдаанаас архи тамхи, үйлчилгээнээс ресторан, баар, зочид буудал, амралтын газарт нэг хувийн татвар ногдуулахаар хуульд заасан. Нийслэлийн иргэд тэр бүр зочид буудлаар үйлчлүүлээд байдаггүй. Ихэвчлэн гадаадын иргэд үйлчлүүлдэг учраас нэг хувийн татвар ногдуулах нь зүйтэй гэж хууль санаачлагчдын зүгээс мэдэгдэж байсан юм. Татвар ногдуулж буй нь мөнгөн дүнгээр маш бага тоо болно. Жишээлбэл, иргэн та 10 мянган төгрөгөөр нэг шил архи худалдан авахад 100 төгрөгийн татвар төлнө гэсэн үг. УИХ Нийслэлийн албан татварын тухай хуулийг батлахдаа нэгэн тогтоол хамт баталсан.
Тус тогтоолд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн, яармаг, хурал, уулзалт зэрэг сурталчилгааны ажлыг санхүүжүүлнэ. Мөн авто зам тавих, инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд нэг хувийн татварыг зарцуулна хэмээн заасан” гэв.
Мөн тус хуулийн хэрэгжилтийн талаар нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболд ”Татварын ерөнхий газрын даргын баталсан “Татвар төлөгчийг батлах журам” гэж бий. Нийслэлд татвар төлөгчийн дугаар олгох журам байдаг. Хуульд татвар ногдуулах бараа бүтээгдэхүүн борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн татвар төлөгчийг албан татвар бүртгэгчээр бүртгэнэ гэж заасан. Албан татвар төлөгчийг бүртгэлээс хасах дөрвөн үндэслэл байна. Үүнд, тухайн татварын хууль хүчингүй болсон, хуульд заасан бараа бүтээгдэхүүн борлуулах хугацаа дууссан, татан буугдсан болон хуульд заасан үндэслэлээр хүчингүй болно” гэлээ.
Архи тамхи болон дөрвөн төрлийн үйлчилгээнээс нэг хувийн татвар авснаар нийслэлийн төсөвт 100 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх урьдчилсан тооцоо гарсан. Энэ мөнгөөр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 50-ийг барих эсвэл 100 километрээс илүү засмал зам тавих бололцоотой юм. Дэн буудал болон сувиллын газрууд нь нэг хувийн татвар төлөхгүй.
Манай улсад хүн амын орлогын албан татвар, хотын газар ашигласан болон автомашин хэрэглэсний татварын хэмжээ бусад оронтой харьцуулбал харьцангуй бага байгаа юм. Татварын хувь хэмжээгээр тухайн хотын хөгжил хэмжигддэг. Татваргүй байх нь хөрөнгийн эх үүсвэргүйтэй утга нэг учраас нийслэл хотын хөгжил удаашралтай байгаа гэнэ.
Сонирхуулахад , Швед нь нийслэлийн иргэдээсээ 30 хувийн хүн амын орлогын албан татвар жил бүр хураадаг. Тус улсын иргэд татвараа цаг хугацаанд нь төлдөг байна. Шведийн иргэдийн өгсөн татварын зарцуулалт шилэн дансаар татвар төлөгчдөд тайлагнадаг тогтолцоотой. Ийм учраас татвар төлөгч, татварын зарцуулалтын тайланг хянан өгсөн мөнгө нь зөв зүйтэй, үр ашигтайгаар зарцуулагддагт сэтгэл ханамжтай байдаг аж.