Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Турк улс лалын дайчдыг “төгс” цэвэрлэнэ

Б.БААТАР

Турк улсын нийслэл Анкара хотод өнгөрсөн амралтын өдөр хүчтэй дэлбэрэлт болж 95 хүн амь насаа алдаж, олон 100 хүн бэртэж гэмтсэн харамсалтай явдал боллоо. Энэ хэргийг Исламын улс буюу лалын дайчид хийсэн гэдгээ мэдэгдэж, үүгээрээ Турк улстай дайн зарлаж байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл Туркийн Засгийн газар, эрх баригчид Сиритэй хиллэх бүс нутагт яаралтай цэргийн бааз байгуулж, хүч нэмэх шийдвэр гаргаад байна. Учир нь лалын дайчид Сири улсаас Турк руу шилжиж цэргийн хүчийг зузаатгах талаар ажиглагчид таамаглаж байна.

Туркт бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм. Залуучууд гудамж талбайд гарч лалын дайчдын эсрэг тэмцэж, дайтах хүсэлтэй байгаагаа илэрхийлж эхэлжээ. Халдлага террорист үйлдэл гэхээс илүүтэй амиа хорлосон үйл ажиллагаа байсан аж. Уг хэрэгт хоёр хүнийг сэжиглэж, тэдэндтэй холбоо сүлбээтэй байж болох хүмүүсийг эрэн сурвалжилж буйг Туркийн цагдаагийн газраас мэдээлэв. Курд үндэстэн байх магадлалтай гэмээр хувцас өмссөн хүн амиа золиосолсон гэж тодорхойлсон бол хөдөлмөрийн намын идэвхтэнүүд байж ч мэдэх өөр нэг хувилбар бий гэнэ.

Туркийн зүүн өмнөд нутгийн Курдын цэргийн хүчин дээрх халдлагад ямар ч хамааралгүй гэж хамгийн түрүүнд мэдэгдсэн. Харин төд удалгүй лалын дайчид халдлага үйлдсэнээ хүлээсэн байна. Ийнхүү Турк улс лалын дайчдын эсрэг дайнд нэгдэх талаар яригдаж буй нь нөхцөл байдал олон улсын шинж чанартай болж эхэлсний шинж. АНУ тэргүүтэй барууны орнууд лалын дайчдын үйл ажиллагааны эсрэг Туркийг дайтах шийдвэр гаргах юм бол нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Амьд үлдсэн аав, охин хоёр

Харин ОХУ үүнийг барууныхан зохион байгуулсан байж магадгүй гэж үзэж байгаагаа нуусангүй. Туркийн нутаг дэвсгэрээр лалын дайчдыг гаргаж, цэвэрлэх төгс төлөвлөгөө боловсруулсан болохыг ОХУ-ын ажиглагчид тайлбарлав. Тэд Туркийн газар нутгийг ашиглан дайн хийж, лалын дайчид буюу Исламын улсын хөлсний цэргүүдийг Туркийн армийн тусламжтай “цэвэрлэх” бодлого явуулах талаар ярьжээ. Гэхдээ Туркийн эрх баригчид эцсийн шийдвэр хараахан гаргаагүй байгаа.

Дэлбэрэлт болсон газар

Туркийн хэвлэлээр энэхүү халдлагыг “Үндэстэн ястан хуваах, хагалан бутаргах” зорилготой хийсэн халдлага гэж мэдээлсэн. Цагдаагийн газраас өгсөн мэдээллийн дагуу халдлага үйлдэж, амиа золиослосон этгээд 25-30 насны эрэгтэй хүн байсан. Хурууны хээгээр нь таниулахад хэрэгтний мэдээлэл гарч ирсэн талаар Засгийн газрыг дэмжигч Йени Сафак хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Турк Сирийн хил дээр гол цэргийн хүчин төвлөрлөө

НАТО-гийн зүгээс бүс нутгийн аюулгүй байдлыг сахихын тулд байлдааны усан онгоцнуудыг байрлуулах хүсэлт Туркт илгээсэн талаар “Ройтерс” агентлаг дамжууллаа. Учир нь Турк улс НАТО-гийн гишүүн. Ерөнхий сайд Ахмед Давутоглу хэргийн талаар байр сууриа илэрхийлж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ харамсч байгаагаа хэлж, улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлажээ.

Турк улсад амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Туркийн курдийн дэмжигч залуус, бүх ард түмний ардчилсан намын хөдөлгөөний гишүүд, идэвхтэн, зүүний хүчнийхэн, хөдөлмөрийн болон нийгмийн залуусын хөдөлгөөнийхөн байжээ. Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн тайван жагсаал хийх зөвшөөрөл аваад бэлтгэхээр цугласан үе таарчээ. Жагсаал болохоос өмнө амиа золиослогч хоёр этгээд 95 хүнийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарлаа. Турк улсад иймэрхүү төрлийн халдлага өнгөрсөн жилийн өдийд маш их болж байсан. Тухайн үед лалын дайчдын хүчинд Европ болон дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс Сирийн газар нутаг руу нэвтэрч байсан юм. Харин олон хүний амь нас үрэгдсэн халдлага болсон нь Туркийн эрх баригчдыг улс төрийн томоохон шийдвэр гаргахад хүргэж мэдэх нь.

Нийт 95 хүн амь насаа алдаж, 245 хүн гэмтэж бэртжээ

Лалын дайчдын эсрэг тус улс дайнд нэгдэх болно гэсэн таамаглалыг өнгөрсөн жил ОХУ-ын сэтгүүлчид мэдээлж байсан. Үүнийг тухайн үед хэн ч авч хэлэлцээгүй. Тэгвэл өнөөдөр Туркийн залуучууд гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал хийж, лалын дайчдаас өшөө авах хэрэгтэйг уриалах боллоо. Хэвлэлүүд үүнийг энх тайвны жагсаал хэмээн нэрлэж, Турк улс дайнд нэгдэх нь аюултай гэсэн байр суурийг зүүний хүчнийхэн мэдэгдсэн. Курдууд өнгөрсөн парламентын сонгуульд ялагдал хүлээсэн ч гэсэн иймэрхүү ард түмнийхээ эсрэг аймшигт зүйл хийх ухамсар байхгүй талаар хожим хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Сиритэй хил залгаа нутагт өнгөрсөн долдугаар сард халдлага болж, 34 хүн амиа алдсан билээ. Лалын дайчид Туркийн хилээр нэвтрэхийг оролдсон нь энэ хэргийг шалтгаан байсан.

Ирак Сирийн лалын дайчид нэртэй бүлэглэл ОХУ-ын агаарын дайралтаас ухарч ийнхүү Туркийн хил дээр тулж ирээд байгааг албаныхан өгүүлсэн. Тиймээс Туркийн цэргүүд хилийн бүсэд хүчээ зузаатгаж эхэлсэн. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Туркийн шийдвэр лалын дайчдын хувь заяаг өөрчлөх талаар онцолж, эрх баригчдийг хариуцлагатай хандахыг хөндөж буй. Энэ талаар тус улсын хэвлэлүүд ч дуугүй өнгөрөхгүй байгаа. 

Туркийн тусгай хүчний цэргүүд хилийн бүсэд тусгай ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хуурай газрын цэргүүд ч мөн оролцож байгаа аж. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн тоймчид лалын дайчид халдлага үйлдэх талаар мэдээлж байсан нь ийнхүү биеллээ олж байх шиг. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган хэргийн газар дээр ажиллаж, хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзан тусламж үзүүлэх талаар ярилцсан байна. Хохирогчдын ар гэрийнхэнд төрөөс нөхөн олговор үзүүлэх тухай мөн ярьжээ.

Халдлагын үеэр нийт 245 хүн бэртэл гэмтэл авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэднээс 48 хүний биеийн байдал маш хүнд байдалтай байгаа талаар эмч нар өгүүлжээ. Лалын дайчдын дараагийн хохирогч нь аль улс болохыг таах аргагүй хэмээн ярьж буй нь олон нийтийг айдаст автуулаад байгааг анхаарууллаа.  

0 Сэтгэгдэл
saynii delberelt turkuudiin bish kurduudiin esreg delberelt baina shuudee
Хамгийн их уншсан